Монголын нүүрсний экспортыг БНХАУ руу нэмэгдүүлэхэд санал нэгджээ

Монгол улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны Дэд дарга Цай Дафөн нар ӨМӨЗО-ны Хөх хотод уулзалт хийжээ. Тэргүүн шадар сайд Монгол Улсын Засгийн газраас байгуулсан экспортыг нэмэгдүүлэх Ажлын хэсгийн ахлагчийн хувьд худалдааг эрчимжүүлэх хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэн бодлогын шинэчлэл эхлүүлж байгааг онцолж, хамтран ажиллах тодорхой чиглэлүүдээр санал тавьсан байна.

Үүнд:   

- Тээвэр, хилийн боомтын хүчин чадлыг сайжруулах хүрээнд Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох ажлыг эрчимжүүлэхэд БНХАУ-ын XV таван жилийн төлөвлөгөөнд тусгах талаар анхаарал хандуулах, 

- Замын-Үүд, Эрээний хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, 

- Экспортод чиглэсэн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх тал дээр хамтын ажиллагааг идэвхжүүлж, хувийн хэвшлийг дэмжин ажиллах,

- Монголын бараа бүтээгдэхүүнийг эскпортлох, дамжин өнгөрөх үеийн хорио цээрийн зөвшөөрлийг шуурхай олгоход анхаарал хандуулахыг хүсчээ.

БНХАУ-ын XV таван жилийн төлөвлөгөөг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичигтэй уялдуулж хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухайгаа дурдаад дараах асуудлаар БХАТИХ-ын Байнгын хорооны Дэд дарга Цай Дафөн байр сууриа илэрхийлсэн байна. Тухайлбал, хоёр орны стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааны хамтын ажиллагааны хүрээнд Монголын экспортын нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО гол гүүр болж хил дамнасан төмөр замын ажилд түүчээлж ажиллахыг тодотгожээ.