Монголд яг юу өөрчлөгдсөн бэ, яагаад одоо хөрөнгө оруулах ёстой вэ?

2022 оны намар Улаанбаатар хотноо анх удаа "Уул уурхайн 7 хоног" арга хэмжээ болж, жил бүр зохион байгуулахаар тогтсон билээ. Чуулганы зарим оролцогчдын байр суурийг хүргэж байна. Манай улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн орчин, боломж, ямар өөрчлөлт шинэчлэл гарч буй эргэцүүллийг уншигч Танд үлдээе.  
 
Дэлхийн даяар цаг уурын өөрчлөлтийг хязгаарласан үйл ажиллагаа явуулах, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ашиглах шаардлага тавигдаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлахад дараагийн 30 жилд нийт 275 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж Маккензи тооцоолсон. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машинд шаардлагатай зэс, батарей хураагуурын лити гэх мэт критикал минералын эрэлт ихсэж байгаа нь зэс, литийн нөөцтэй Монголын хувьд критикал минералын тоглогч болох боломжийг нээж байна.
Төр нэгэнт шийдвэр гаргасан бол урт хугацаанд тогтвортой, нийтээрээ нэг зүгт явах ёстой. Гэтэл Засгийн газрын шийдвэр гарсан байхад орон нутагт үл ойлголцол гарч хэрэгжихгүй байна. Жил гарангийн хугацаанд засаглаж, шинэ сайд гарах бүрд бодлого өөрчлөгдөж байхад гадаадын хөрөнгө оруулалт татна гэх нь утгагүй. Хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах бие даасан агентлаг байгуулах тухай олон жил яригдаж байгаа ч өнөөг хүртэл ГШХО-ыг дэмжсэн агентлаггүй байна.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хамгийн чухал зүйл бол ойлгомжтой эрх зүйн тогтолцоо, Засгийн газрын тууштай бодлого, улс төрийн тогтвортой байдал. Төрийн бодлого нь сумын захиргаа хүртлээ нэг ойлголтоор хүрдэг бол олон асуудлыг хөнгөвчилнө. Орж ирсэн хөрөнгө оруулагчдыг дэмжиж хамтран ажилласнаар дараа дараагийн хөрөнгө оруулагчид орж ирэх нөхцөл бүрдэнэ.
Глобал чиг хандлагаас харахад критикал минералын зах зээлд илүү төвлөрөх нөхцөл байдал үүсэж байна. Маш их боломж, дагаад өрсөлдөөнийг шаардана. Энэ нь манай улсын стратегийг өөрчилж байгаа тул төрийн бодлогоо уялдуулах хэрэгтэй болж байна. Хайгуулын компаниудын дараагийн том ордыг нээх хүсэл эрмэлзлийг тэтгэх эко системтэй болох ёстой. Дэлхийн газрын зураг дээр эрдэс баялгийн том үндэстэн гэж томьёологдох, уул уурхайн талбарт том тоглогч болох орон зай Монголд байна.
Уул уурхай төрд төвлөрөөд ирэхээр төртэй ажиллах гэж л хөрөнгө оруулагчид орж ирнэ. Үр дүнд нь авлигал гаарна. Эрүүл өрсөлдөөнийг боомилно. Улс төрийн эрсдэлтэй нөхцөл ч үүсэж болзошгүй. Геополитикийн өнөөгийн нөхцөлд Орос, Хятад гүрний дунд орших Монголд томоохон хөрөнгө оруулалт хийхийг харзнах байх.
Өөрчлөгдсөн гэж хэлэх зүйл бидэнд алга байна. Энэ жилийн PDAC чуулганд оролцоход хөрөнгө оруулагчдыг татах давуу тал байсангүй. Хятад далайн боомтоор түүхий эдээ түлхүү импортолж байхад хил залгаа бид нүүрсээ нийлүүлж чадахгүй байна. Ийм нөхцөлд цоо шинийг санаачилж олон улсад сурталчлах, гаднаас хөрөнгө оруулалт хүлээхээс илүүтэй ороод ирсэн хөрөнгө оруулагчдаа дэмжиж ажиллах хэрэгтэй. Мөн энэ олон хууль, журам, дүрэм, стандартын хоорондын уялдааг сайжруулахгүй бол хууль эрх зүйн орчин сайжрахгүй. Хуульчлахаас илүүтэй журмаар зохицуулбал алдаагаа богино хугацаанд засаж залруулах боломжтой байдаг.
ГШХО татах хууль эрх зүйн эко орчин хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын, Ашигт малтмалын сайн хуультай байлаа ч Хөдөлмөрийн хууль нь муу бол хөрөнгө оруулалтын таатай эко систем бүрдэхгүй. Зүй зохистой орчинд хувийн хэвшил хэзээд үйл ажиллагаа явуулахад бэлэн байдаг. Хөрөнгө оруулагчид олдоно. Гагцхүү тэднийг оруулж ирэх орчин Монголд бүрдээгүй байна. Авлигалыг бууруулж чадвал Монголд хөрөнгө оруулалт орж ирнэ. Мөн өмнөх алдаагаа засаж, одоо байгаа хөрөнгө оруулагчдаа дэмжин ажилласнаар дэлхий нийтэд өөрсдийгөө шинээр харуулах нь зүйтэй.

Майнинг Инсайт сэтгүүл, Аравдугаар сар 2022