Чилийн төрийн өмчит Codelco нь оны сүүлчээр лити үйлдвэрлэгч SQM-тэй хамтрах тохиролцоонд хүрэх магадлалтай талаар Codelco-ийн захирал Максимо Пачеко мэдэгджээ. Энэ оны эхээр Чилийн Засгийн газар цагаан металлын төрийн хяналтыг чангатгах төлөвлөгөөгөө зарлаж, литийн ашиглалтад зөвхөн төр-хувийн хэвшлийн түншлэлээр оролцохыг зөвшөөрсөн юм. Ингэхдээ тус улсын литийн үйлдвэрлэлийг төрийн өмчит Codelco-оор удирдуулахаар шийдвэрлэсэн. Цаашдаа Чилийн Засгийн газар литийн орд ашиглах, төсөл хэрэгжүүлэх гэрээг зөвхөн төрийн хяналт дор төр, хувийн хэвшлийн түншлэлтэй байгуулна. Одоогийн хүчин төгөлдөр гэрээнүүдийг цуцлахгүй. Харин компаниуд гэрээний хугацаа дуусах хүртэл төрийн оролцоонд нээлттэй хандана гэж найдаж байгааг Максимо Пачеко тодотгожээ.
Чилийн хувийн Albemarle, SQM компаниуд литийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. SQM-ийн гэрээний хугацаа 2030 онд, Albemarle-ийн гэрээ 2043 онд дуусах аж. Эдгээр компанитай хамтрах үүрэг хүлээж байгаа Codelco бол зэсийн хамгийн том үйлдвэрлэгч. Өнгөрсөн тавдугаар сард литийн үйл ажиллагааг хариуцан явуулах Salares охин компанийг байгуулсан юм. Тус корпорацын хувьд зэсийн үйлдвэрлэл суларч, зардал өсөж санхүүгийн дарамт нэмэгдэж байгаатай холбогдуулан зэрэглэлийг бууруулж болзошгүй тухай Moody's агентлаг мэдээлжээ. Ирэх 12-18 сарын хугацаанд зээлийн үзүүлэлтүүд мэдэгдэхүйц сайжрахгүй бол Codelco-ийн зэрэглэлийг бууруулах юм байна.
АНУ-ын Геологийн албаны мэдээллээр, дэлхийн литийн нийлүүлэлтийн дийлэнхийг Чили, Аргентин, Болив улсаас хангадаг. Энэхүү "литийн гурвалжин" гэгдэх бүс нутаг нийт 11 сая тонн буюу дэлхийн литийн нөөцийн 54 орчим хувь байдаг.
Дэлхийд үйлдвэрлэлийн хэмжээгээр Австралийн дараа Чили эрэмбэлэгдэж буй. Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах улс орнуудын үүрэг амлалт, зорилтоор цахилгаан машин үйлдвэрлэл огцом өссөн. Цэвэр эрчим хүч, цахилгаан машины үйлдвэрлэлд шаардагддаг гол металлуудыг “хямгадахад” зарим орнууд ихээхэн анхаарч байна. Өнгөрсөн онд Мексик литийн ордуудаа төрийн мэдлийн болгож, 2020 онд Индонез никелийн хүдрийг экспортлохыг хоригложээ.