Засгийн газрын шийдвэрээр Ховд аймгийн Мянгад суман орших Халзан Бүрэгтэйн ордод хамаарах 2 тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хууль тогтоомжийн дагуу судалж, орон нутгийн иргэдийн саналыг харгалзан шийдвэрлэж, арга хэмжээ авахыг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, БОАЖ-ийн сайд Бат-Эрдэнэ нарт (2023.09.06)даалгажээ.
"ХАЛЗАН БҮРЭГТЭЙ ОРДЫГ ТӨР ӨӨРТӨӨ АВАХ ГЭЖ БАЙНА ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ"
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Халзан Бүрэгтэйн ордод 2 тусгай зөвшөөрлийг “Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп” ХХК эзэмшиж байна. Тус компанийн 100 хувийн хувьцааг Худалдаа хөгжлийн банк эзэмшдэг. Ордын тусгай зөвшөөрлийг анх 2001, 2004 онд тус тус олгожээ. Тухайн үед хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр тус компани авч байсан. Энэхүү орд нь газрын ховор элементийн төрөлд багтдаг бөгөөд 268 сая тонн хүдрийн нөөцийн бүртгэлтэй. Монгол Улсын хувьд 3 сая тонн газрын ховор элементийн нөөцтэй гэж үзвэл 30 гаруй хувь нь тус ордод хамаардаг. Энэ утгаараа томоохон хэмжээний орд гэж ойлгож болно. УУХҮЯ-наас (2023.04.29) дотоод хяналт шалгалт явуулж, энэ уурхайг түр зогсоох Улсын байцаагчийн акт гарсан. Уурхайг зогсоосон шалтгаан нь хайгуулын явцад Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-аар батлуулаагүй. Мөн бусад зөрчлүүд байсан. Хэдийгээр Улсын байцаагчийн акт тавигдан ч гэсэн уурхайн үйл ажиллагаа явагдаж байна. Иймээс Засгийн газар өнөөдрийн шийдвэрийг гаргалаа.
Ямар ч байсан орд дахь хайгуулын үйл ажиллагааг эхлээд зогсооно. Иргэдийн санал үндэслэнэ гэдэг үйл ажиллагаа нь чөлөөтэй явна гэсэн үг биш. Төслийг цааш явуулахгүй гэж яг Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн олонхын санал гарах юм бол эргээд Засгийн газарт танилцуулах би үүрэгтэй. Иргэдтэй зөвшилцөх хүртэл үйл ажиллагаа явуулна гэж ойлгож болохгүй. Өнөөдрөөс эхлээд Халзан Бүрэгтэй орд дахь үйл ажиллагаа зогсоно. Олборлолт явуулж байгаа мэт буруу мэдээллийг нутгийн иргэдэд өгсөн байж магадгүй. Гэхдээ Засгийн газрын шийдвэр гарсан учир БОАЖ-ын сайдын хамт миний бие Ховд аймагт газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцана. Энэ зөвхөн тухайлсан ордын талаар болохоос биш манай улсын газрын ховор элементийн асуудлыг нийтэд нь яриагүйг ойлгохыг хүсье. Түр зогсооно гэдэг тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн ойлголт биш шүү.
Хэд хэдэн зөрчлийг хэлье.
• Цөмийн энергийн тухай хуулийн дагуу цацраг идэвхт ашигт малтмалыг хайх үйл ажиллагааг эхлүүлэхдээ Цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөл аваагүй.
• Хайгуулын үйл ажиллагаанд шаардагдах усыг Ховд голоос зөөврөөр ашиглахаар аймгийн Байгаль орчны газраас дүгнэлт гаргуулж гэрээ байгуулсан боловч талбай дээр гүний ус ашигласан байх магадлалтай.
• Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газар ашиглах гэрээ байгуулаагүй.
• Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй.
• Хайгуулын явцад Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-аар батлуулаагүй, шууд Мянгат сумын Засаг дарга баталсан байгааг хууль зөрчсөн гэж УУХҮЯ үзэж байгаа. Эдгээр зөрчлийг нягтална гэсэн үг. Хэрэв улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн бол 51 хүртэлх хувийг төр эзэмших боломжтой. Хувийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн бол 34 хүртэлх хувийг төр эзэмшинэ. Өнгөрсөн хугацаанд хэр хэмжээний хөрөнгө зарцуулсан тооцооллоо тухайн аж ахуйн нэгж хараахан бидэнд гаргаж өгөөгүй байна. Тус ордыг төр өөртөө авах гэж байна гэсэн ойлголт байхгүй. Хуульд захирагдаж хариуцлагатай уул уурхайг Засгийн газар, УУХҮЯ бүрэн дэмжинэ, хамгаална.
Ойрын үед Засгийн газраас газрын ховор элементийн талаарх бодлого гаргах зорилттой ажиллаж байна. Сүүлийн газрын ховор элементийн технологи эзэмшсэн орнуудтай туршлага солилцож байгаа.
Монгол Улс нь АНУ-тай хэлэлцээр байгуулан ажиллаж байна. Өмнөд Солонгосын тусламжаар Судалгааны төв байгуулна. Энэ Судалгааны төв 2026 онд ашиглалтад орох байх. Анх барилга байгууламж барьж Судалгааны төв байгуулна гэж байсан бол манай талын санал бол барилга барьж хугацаа алдахгүйгээр тоног төхөөрөмжийг авчраад бэлэн байгууламжид суурилуулах нь зөв гэсэн УУХҮЯ байр суурьтай байна. Бид “Mining Week 2023” арга хэмжээний үеэр Өмнөд Солонгосын талтай энэхүү Судалгааны төвийн хэлэлцээрийг эцэслэн тохиролцох төлөвлөгөөтэй.
Ер нь бол газрын ховор элементтэй холбоотой хамгийн том технологийг БНХАУ эзэмшдэг. Маш нууцлалтай. Ази тивдээ Хятадын дараа технологиор Өмнөд Солонгос ордог. Тиймээс бид тус улстай технологийг нутагшуулах талаас нь ажиллаж байна. Судалгааны төв байгуулна гэдэг манай улс газрын ховор элементийн байгаа ордуудаа хэрхэн ашиглах, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аль давуу байх талаар тодорхойлно. Үүнийг одоо ярихад эрт байна.
2022 оны арваннэгдүгээр сараас хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг жигдэрсэн. Нийтдээ 305 сонгон шалгаруулалт явагдсан” гэв.