Монголын литийн боломж


Дэлхийн литийн зах зээл хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд буй энэ цаг үед Монголд хожимдсон ч гэсэн литийн хайгуул бодлогын түвшинд яригдаж эхэллээ.

Дэлхийн уул уурхай, эрдсийн салбарт тохиосон үнийн өндөр өсөлтийн мөчлөг бүрийн боломжоос Монгол хоцорч байсныг сануулах юун. Хятадын аж үйлдвэржилт, хотжилтоор бий болсон түүхий эдийн зах зээлийн өсөлтийн 20 жилд манай улс зэс, нүүрс, ялихгүй хэмжээний төмрийн хүдэр л нийлүүлж амжсан. Хайгуулын салбар ч сүүлийн 10-аад жил хаягдаж, цөөн хэдэн орд илрүүлснээс цаашгүй. Австрали, Хойд болон Өмнөд Америк гээд эрдсийн салбарт тэргүүлэгчидтэй харьцуулахад Монголын ололт өчүүхэн төдий. Тэгвэл 10 жилийн өмнөөс, тэр дундаа сүүлийн 5 жилд эрчимтэй хөгжиж буй критикал минерал, тэр дундаа цахилгаан машин, зай хураагуурын гол түүхий эдүүдийн зах зээлд эхнээс нь оролцох боломж Монгол Улсад байна.

Шинээр нээгдэж буй уг боломжоос дахин хоцрохгүй байх нь Монгол Улсын гол зорилго байх ёстой. Энэ удаагийн мөчлөг, тодорхой төрлийн түүхий эдийн өндөр өсөлт нь нэг, хоёр улсаас хамааралтай биш юм. Дэлхийн хэмжээнд өрнөсөн ногоон шилжилт, технологийн асар том хувьсгалын үр нөлөөнийх юм. Өмнөх супер циклүүдээс ч өргөн цар хүрээтэй.

Ийм шилжилтийн эдийн засагт нэн чухал үүрэг гүйцэтгэх цөөнгүй нэр төрлийн металын эрэл хайгуул уул уурхайн гол бүс нутгуудад эрчимжиж байна. Зөвхөн зай хураагуурын түүхий эд лити, кобальтын эрэл хайгуулд чиглэсэн хөрөнгө оруулалт хэд дахин нэмэгдэж байхад түүнээс татах боломж манай улсын хайгуулын салбарт байна. 
Бидэнд юу байгаа вэ? Монгол Улсын эрдэс баялгийн нэгдсэн санд бүртгэгдсэн литийн нөөцийн хэмжээ 713 мянган тонн. Өнөөдрийн байдлаар манай улсад литийн 5 төсөл хэрэгжиж байна. Үүнээс 3 нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Хөхдэл орд. Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших энэ ордод 23.5 мянган тонн литийн нөөц баталжээ. 0.156 хувийн дундаж агууламжтай 283.9 сая тонн хүдрийн болон 443.6 мянган тонн литийн карбонатын нөөцийг тооцоолсон байна. Уг орд газарт (MV-017303) ашиглалтын, (XV-012685) хайгуулын тусгай зөвшөөрлийг “Алкалли металл Монголиа” ХХК эзэмшиж буй. Мөнхтийн Цагаан Дөрвөлжин орд. Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт байршилтай орд 0.65 хувийн дундаж агууламжтай 2.27 сая тонн хүдэр, цэврээр 14 575 тонн литийн, 0.15 хувийн агуулгатай 4,286.1 тонн рубиди, 0.03 хувийн дундаж агуулгатай 0.622 тонн цезийн нөөцийг тус тус тогтоосон байна. “Литиум майнинг” ХХК нь (MV-021251) ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа. Арбаян орд. Энэ нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь гянтболд-литийн орд юм. Тус ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ-ийг 2019 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцжээ. Ордын ашиглалтын (MV011124) тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь “Сентриал Азиан Майнор Металлс” компани юм. Үүнээс гадна одоогоор мэдэгдэж байгаа шинээр литийн хайгуул хийж буй компани бол Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Ион Энержи. Тус компани Сүхбаатар аймагт “Баавгай уул”, Дорноговь аймагт “Ургах наран” төсөлд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж, хайгуул хийж байна. Монголд идэвхтэй урагшилж буй эдгээр төсөлдөө тулгуурлан Азийн эрчимтэй хөгжиж байгаа литийн зах зээлийн гол тоглогчдын нэг болохыг зорьж байна. Тус компани зах зээлийн өөрчлөлтийг даган Монголд хайгуул хийхээр орж ирж байгаа эхний компаниудын нэг. Ион Энержийн гол төсөл нь “Баавгай уул” юм. Төсөл нь 81 мянган га талбайг хамарч байна. Төслийн хүрээнд литийн “Цагаан чоно” хэсэгт анхны өрөмдлөгийн хөтөлбөр 2021 оны намар дууссан. 1 км зайд нийт 222 цооногт өрөм тавьснаас 13 орчим хувьд үр дүн гарсан юм. Өрөмдлөгийн дээжийн урьдчилсан үзүүлэлтээр 1502 ppm литийн агууламжийг харуулжээ. Одоогоор дээжийн шинжилгээ хийгдэж байна. Уг төслийг Ион Энержи худалдаж авахаас өмнө литийн агууламжийн хамгийн өндөр үзүүлэлт 811 ppm байсан байна. Ирэх дөрөвдүгээр сард гидрогеологийн дээж авах, литийн хайгуулын туршилтыг эхлүүлнэ. Мөн өрөмдлөгийн үр дүнгээр “Баавгай уул” төслийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд зэс, никелийн шинэ илэрцийг илрүүлсэн. “Баавгай уул” талбайгаас 150 км зайд “Ургах наран” төсөл байршилтай. Уг төсөл 19 мянган га талбайг эзэлсэн, brine төрлийн орд юм. Ион Энержийн 100 хувийн эзэмшилтэй төсөл. Анхны хайгуулын ажил энэ хоёрдугаар сард эхэлж байна. Хоёрдугаар сард Ион Энержи, Аранжин Ресурсэс хамтарсан хайгуулын компани байгуулахаар тохиролцлоо. Ингэснээр хоёр тал Монголд эзэмшилтэй талбайнууддаа харилцан хайгуул хийх боломж бүрдэж байна. Хамтарсан компанийн хүрээнд Ион Энержи нь 500 мянган ам.доллар, Аранжин Ресурсэс нь 3 сая ам.долларын санхүүжилтийг 3 жилийн хугацаанд хайгуулд зарцуулах үүрэг хүлээсэн. Канадын хөрөнгө оруулалттай Ион Энержийн төслийн анхны өрөмдлөгөөр литийн өндөр агууламжийг илрүүлээд байна. Энэ нь Монголд литийн бололцоо өндөр байгааг харуулж буйн нэг жишээ.

Монгол орны өмнөд хилээс Говь Алтайн урдуур үргэлжилж Баянхонгор, Өмнөговь, Дорноговь хүртэл Төв Азийн томоохон эрдсийн бүс дайрдаг. Энэ эрдсийн бүсэд том орд нээгдэх, тэр дундаа газрын ховор элементийн багагүй нөөц илрэх магадлал өндөр гэсэн таамаглалыг мэргэжилтнүүд хэлдэг. Дэлхийн хайгуулын салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 11.2 тэрбум ам.долларт хүрээд байна. 2020 онтой харьцуулахад 35 хувиар өссөн нь 8 жилийн дээд үзүүлэлт юм. Канад улс 2.1 тэрбум доллар татсанаараа тэргүүлж байна. Литийн хайгуулын хөрөнгө оруулалт алт, зэс зэрэг топ металуудтай харьцуулахад харьцангуй бага. Гэхдээ сүүлийн 10 жилд бараг 20 дахин нэмэгдэж, ойролцоогоор 200 орчим сая доллараар хэмжигдэж байна. Австрали, Аргентин, Канад, бас Чили улс литийн хайгуулын гол хөрөнгө оруулалтыг татаж байна. Харин Монгол Улсад сүүлийн жилүүдэд хайгуулын салбарын хөрөнгө оруулалт огцом татарсан. 2020 онд гэхэд 120 тэрбум төгрөг буюу 35 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хайгуулд зарцуулсан байна. Тиймээс ч Монголд хайгуулын салбарын хөрөнгө оруулалт татах, шинэ эрдсийн нөөц тогтоох зүй ёсны шаардлага тулгарч байна. Дэлхийн хайгуулын салбарынхны анхаарал, сонирхлыг татахын тулд Монголд литийн хайгуулыг эхлүүлэхийн учир энэ юм.

Өндөр технологийн түүхий эд, эрдсийн геологийн чадамжаараа хөрөнгө оруулагчдын сонирхол татахуйц орон байж чадна. Бусад улсууд ч нүүрс, төмрийн хүдэр бус зэс, литийн баялгаараа хөрөнгө оруулагчдыг уриалан дуудаж байна. Монгол Улс инноваци, технологид суурилсан, эдийн засгаа солонгоруулсан, нэмүү өртөг шингээж, аж үйлдвэржсэн эдийн засагтай болохоо зарласан. Тийм эдийн засгийн гол суурь нь хангалттай түүхий эдийн нөөц байх нь гарцаагүй. Ашигт малтмалын нөөцөө илрүүлж, тогтоож байж л дараагийн шатны боловсруулах үйлдвэрлэл, дотооддоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд экспортлох уул уурхайн салбарын зорилт биелэх учиртай. Эс бөгөөс төмөр замаа байгуулах гэсээр, түүгээр коксжих нүүрс, төмрийн хүдрээ тээвэрлэж, ган үйлдвэрлэх гэсээр байтал дараагийн хувьсгал өндөр технологийн чиглэлд өрнөлөө. Ашигт малтмалуудын эрэлт хэрэгцээ ч өөрчлөгдлөө.

Майнинг Инсайт сэтгүүл, Хоёрдугаар сар, 2022