Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухайн хууль (2023.06.30) хүчин төгөлдөржлөө. Эхний ээлжинд экспортын нүүрсийг цахимаар Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалж байна. Анхны цахим арилжаа нэгдүгээр сарын 12-ны өдөр эхэлсэн. Зургаадугаар сарын 29-ний байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр нүүрсний 86 удаагийн арилжаа зарлагджээ. Үүнээс 54 арилжаа амжилттай явагдаж нийт 3,110,400 сая тонн нүүрс борлуулжээ. Төрийн “Эрдэнэс Тавантолгой” компани хамгийн их буюу 1/3 коксжих нүүрс арилжаалсан байна. Зургаадугаар сараас тус компанийн арилжаа илт идэвхжиж, нүүрсний хэмжээ мэдэгдэхүйц өсөж байна. Энэ нь тодорхой хэмжээнд нөлөөлөхүйц өөрчлөлт, шийдлүүд гарсантай холбоотой.
Худалдан авагчийн дэнчингийн хэмжээг 5 хувь болгон бууруулснаас гадна нүүрсний гэнэтийн шинжтэй зах зээлийн үнийн огцом уналттай уялдуулан дуудах доод үнэд өөрчлөлт оруулах боломжтой болсон юм. Цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн арилжааны цагийг уртасган 10:00-17:00 цагийн хооронд дуудлага худалдаа явуулж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг өргөжүүлэх, худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэх зохион байгуулалтыг сайжруулах үүднээс Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар цахим арилжааны нүүрсийг нэвтрүүлэх болсон.
Тэгвэл сүүлийн саруудад боловсруулсан нүүрсний хэд хэдэн арилжаа хойшилжээ. Худалдан авагч талаас түүхий нүүрсний арилжаанд илүү оролцох хандлагатай байна уу, эсвэл. Хагас жилийн тоон мэдээллүүдийг нэгтгэн авч үзэхэд дэгдэмхий бодис дунд коксжих нүүрсний хэлцэл хийгдсэн үнэ 119- 160 ам.долларт хэлбэлзэж байна. Харьцуулбал тухайн төрлийн нүүрсийг 122-176 ам.долларын доод үнээс дуудсан арилжаанууд амжилтгүй болжээ. Ийм арилжааны 914 400 тонн нүүрсийг төрлөөр нь ангилаж харвал дийлэнх нь дэгдэмхий бодис дунд болон баяжуулсан коксжих нүүрс аж.
Баяжуулсан коксжих нүүрсийг “Энержи Ресурс” компани голчлон арилжаалж байна. Гашуунсухайт боомтоос нийлүүлэх нөхцөлтэй баяжуулсан коксжих нүүрсийг 1290 юань буюу 187 ам.доллар/ тонн үнээр худалдаалж цахим арилжааны салхийг хагалсан. Өнгөрсөн хугацаанд тус компани 19 удаагийн арилжаа зарласнаас 10 нь гүйцэтгэлтэй байна. Оны эхээр 1250 юанийн үнэ санал болгож байсан бол зургаадугаар сард 900-950 юань болж хямдарчээ. Нүүрсний цахим арилжааны хамгийн бага үзүүлэлттэй яваа нь “Тавантолгой” ХК байна. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани эхний хагас жилд 4 удаагийн арилжаагаар нүүрс борлуулжээ. “Тавантолгой” ХК дэгдэмхий бодис дунд коксжих нүүрсний арилжааг 175.2 ам.долларын доод үнээс дуудаж, маргааш нь шууд 20 ам.доллароор бууруулаад ч дөрвөн өдөр дараалсан арилжаанд худалдан авагч тодроогүй байна.
Төрийн, хувийн хэвшлийн, орон нутгийн ялгаагүй дөрвөн компанийн аль аль нь арилжаагаа хойшлуулах, цуцлах, худалдан авагчгүйгээс хаах асуудлуудтай тулгарсан. Монголын нүүрсний цахим арилжааны амжилттай 54 удаагийн дуудлага худалдаанд 150 орчим худалдан авагч оролцон байна.
Хамгийн олон буюу 12 оролцогчтой (2023.06.22) арилжаагаар 64 мянган тонн 1/3 коксжих нүүрс ЭТТ борлуулжээ. Үүнээс хоёр хоногийн өмнө мөн төрлийн нүүрсний үнэ 74.40 ам.доллароос 42.34 хувь нэмэгдсэн нь хагас жилийн хамгийн өндөр үзүүлэлт аж. Энэ онд манай улс 42 сая тонн нүүрс экспортлох, тэгэхдээ 30 хувийг хөрөнгийн биржээр арилжих зорилттой. Үүний 1/3-ийг биржээр худалдаад байна. ЭЗХ-ийн сайдын мэдэгдсэнээр долоодугаар сарын 1-нээс эхлэн нүүрсний зэрэгцээ төмрийн хүдэр, хайлуур жонш цахимаар арилжаална.
Майнинг Инсайт сэтгүүл №06 (019), Зургадугаар сар 2023