“Шинэхэн уурхайчид” уухайлж байна

Э.МИШЭЭЛ

Хичээлийн шинэ жил эхлээд дөнгөж хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Ангийнхантайгаа танилцаад удаагүй, заримтай нь үг сольж амжаагүй болоод тэр үү, ШУТИС-ийн Урлаг танхимд суух “шинэхэн уурхайчид” даруухан. Урлаг танхимын хойд хэсгийн хоёр талаар цувран ирж сууна. Тэдний дундаас нэгэн оюутнаас яагаад уул уурхайн чиглэлээр суралцах болсныг сонирхон асуулаа. Түүнийг Н.Оюун-Эрдэнэ гэдэг. Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас нийслэл Улаанбаатарт ирж суралцаж байгаа аж. Тэрээр тус салбарын ууган хөтөлбөр болох “Уул уурхай ашиглалтын технологи”-ийг сонгожээ. Яагаад ийм хөтөлбөрт элссэн талаар сонирхоход “Манай аав, ах уурхайд ажилладаг учраас мэргэжил сонгоход нөлөөлсөн. Би өөрөө Өмнөговийнх. Манай аймагт уул уурхайн хөгжсөн байдаг шүү дээ. Манай гэр бүлийнхэн уул уурхайн аймаг учраас ийм мэргэжлээр явбал дээр гэж зөвлөсөн. 10 дугаар ангиасаа хойш ямар хичээлээр ЭЕШ өгвөл уул уурхайн сургуульд орох вэ гэж түлхүү бэлдэж эхэлсэн. Ер нь уул уурхайн мэргэжил дундаас эмэгтэй хүнд геологич, ашиглалтын технологи нь зүгээр санагдсан. Тэгээд судалж байгаад ашиглалтын технологийн анги руу орсон. Сургуулийн анхны сэтгэгдэл гэвэл, багш нар чанга санагдсан” хэмээн ярьсан юм.
Монгол Улсын эдийн засаг, экспортын бараа бүтээгдэхүүн гэхээр уул уурхайн салбарын нэр байнга дурдагддаг. Ашигт малтмалаар баялаг орон учраас аргагүй. Харин үүнд боловсон хүчин хэрхэн дотооддоо бэлтгэж байна вэ. Ялангуяа шинэхэн элссэн оюутнуудаа хэрхэн хүлээн авдаг бол. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт ийм нэгэн үйл явдал боллоо. ШУТИС, ГУУС-ийн Уурхайн технологийн салбар анх удаа Чиглүүлэх сургалтыг багш, мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулав. Ахмад багш, захирал нар сургамж үгээ шинээр элсэн орж буй залуу үедээ хайрлан, дуу хөгжим эгшиглэж, нэгэндээ талархсан сэтгэлээр Уурхайн технологийн салбарын 1-р дамжааны оюутнууд Чиглүүлэх сургалтад орлоо.
Чиглүүлэх сургалтыг нээж Уул уурхайн технологийн салбарын Эрхлэгч, доктор Г.Уранбайгаль шинээр элсэн суралцаж буй оюутнууддаа мэнд дэвшүүлэн, тэдэнд ахмад багш нар, мэргэжлийн холбоодын төлөөллийг танилцууллаа. Үүний дараа ахмад багш нар, холбоодын төлөөлөл үг хэлсэн юм. Ахмад багш, Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор, дэд профессор, Монгол Улсын Зөвлөх инженер Д.Дондов шинээр элсэн орж буй оюутнуудад хандаж, “Өнөөдөр та бүгдийн хувьд туйлын баяртай, туйлын хүндэтгэлтэй өдөр болж байгаа гэж ойлгож байна. Юуны түрүүнд Монгол Улсын хөгжлийг тэргүүлэх эгнээнд авч явж байгаа салбарыг төлөөлөх, удирдах, чиглүүлэх ийм мэргэжлийн сонгожээ. Ийм мэргэжлийг сонгосон та бүхэнд сайн суралцаарай гэж ерөөе. 63 жилийн өмнө би ЗХУ-ын Ленинградын сургуульд элсэж байсан цаг үе санагдаж байна. Монгол Улсыг авч яваа уул уурхайн салбар бол олон мянган уурхайчид, инженер, техникийн ажилчид, удирдагч нар, эрдэмтэн багш нар, оюутан сурагч нарын хамтын үр дүнд бий болдог. Та нар бол нэн чухал мэргэжлийг сонгожээ. Та нарын сонголт бол тун зөв зүйтэй сонголт болжээ гэж хэлье. ШУТИС-ийн хөтөлбөр Уул уурхайн мэргэжлийн хөтөлбөр өндөр түвшинд боловсруулсан, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын нэр хүндтэй сургуулийг харгалзан үзсэн хөтөлбөрөөр суралцах гэж байна. Юуны түрүүнд уул уурхай бол математик, физикийн өндөр мэдлэгтэй, инженерчлэлийн өндөр боловсролтой, орчин үеийн программд суралцах хөтөлбөрөөр суралцана. Та нарын ажил үүнтэй үргэлж холбоотой байна. Та нарын хөтөлбөрийг зохиосон, гарын авлагыг хийсэн гавьяатууд, эрдэмтэд, ахмад багш нар урд эгнээнд сууж байна. Сайхан байна. Мөн шинэ залуу доктор, профессорууд энд ирчихсэн байна. Эдгээр багш нар та ахмад багш нарынхаа ажлыг үргэлжлүүлж та бүгдийг сургах болно. Сургалтын хөтөлбөр бол хөтөлбөр сайн гэдгийг зориуд хэлж байна.

Дараагийн асуудал бол уурхайчин гэж хэн бэ. Уурхайчин гэдэг бол нэн өндөр хариуцлагатай, нэн их хөдөлмөрч, цаг нар хайрлахгүй зүтгэгдэг, улс орноо манлайлж явдаг ийм хүмүүс шүү. Ганцхан жишээ хэлье, Улаанбаатар хот Шинэ жил тэмдэглээд, Цагаан сар хийгээд, ард түмэн баярлаж байхад уурхайчид л амардаггүй. Улаанбаатар хотыг дулаан, цахилгаанаар хангана. Гэрт чинь цахилгаан, дулаан байх хэрэгтэй. Үүнийг хэн хийх вэ. Зөвхөн уурхайчид. Монгол Улсад цалин хөлс тавих хэрэгтэй, мөнгө төгрөг хэрэгтэй юу. Үүнийг уурхайчид хийнэ. Монгол Улсын гадаад валют 4 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнийг хэн хийсэн. Зөвхөн уурхайчид хийсэн. Та нар бол Монгол Улсын хөгжлийн төлөө зүтгэгч ийм том хүчин салбар руу орж ирлээ. Үүнийг ойлгож ажиллаарай. Үүнд олон хүндрэл гарна. Өндөр хүсэл тэмүүлэлтэй суралцах хэрэгтэй. Мэдлэг, чадвар, хөдөлмөр бол Монгол Улсыг шинэ улс орон болгоход оруулж байгаа том хувь нэмэр болно. Монгол Улсад уурхайчид чин сэтгэлээсээ зүтгэдэг. Одоо ч зүтгэж байна. Цаашдаа ч зүтгэнэ. Зүтгэе гэж сонгож ирсэн та бүхэнд баяртай байна. Амжилт хүсье!” гэж шинээр элсэн суралцагчдадаа хандсан урмын үгийг хэллээ.

Тус Чиглүүлэх сургалтад уул уурхайн салбарын хүндтэй зочид байлаа. Тухайлбал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Я.Гомбосүрэн, Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх инженер Б.Лайхансүрэн, доктор, Дэд профессор Монгол Улсын Зөвлөх инженер Ц.Очир, Монгол Улсын Төрийн шагналт, доктор, профессор, Монгол Улсын Зөвлөх инженер Л.Жаргалсайхан, доктор, Монгол Улсын Зөвлөх инженер Ж.Оюунаа, доктор, Монгол Улсын Зөвлөх инженер Ш.Халтар, Монгол Улсын Зөвлөх инженер Ч.Алтанцэцэг, Монгол Улсын мэргэшсэн инженер Б.Сарангуа, доктор, дэд профессор Монгол Улсын Зөвлөх инженер Г.Оюунчимэг нар хүндэт зочноор оролцов.

Ахмад багш, захирал нарын үгс алга ташилтаар дүүрэн байлаа. Аргагүй биз ээ. Тэд ч бас оюутан явсан. Магадгүй анх сургуульд ороход нь өмнөх үеийнхэн чиглүүлэх сургалт орж байсан бол гэж тэдэнд бодогдож байгаа. Иймээс тэдний үгс “шинэхэн уурхайчдад” ончтой туссан нь лавтай.

“Шинэхэн уурхайчид” уурхайтай холбоотой нэг үгийг эндээс олж авлаа. Энэ бол “уухай”. Уурхай, уухай гэсэн хоёр үг нэг үсгийн ялгаатай. Гэхдээ агуулгын хувьд өөр. Уурхайчид уухай гэж хэлэхдээ “р” үсгийг нь сулхан дууддаг гэж арга хэмжээг уйдах, суух завгүй хөтөлсөн багш, доктор Б.Улаанбаатар хошигнон хэлсэн юм.

Үргэлжлүүлэн ахмад төгсөгч, багш Б.Лайхансүрэн, “Тариан түрүү шиг түмэн шавь нараа инженер болгон бэлтгэдэг төрөлх ШУТИС-ийнхаа оюутан болж буй эрхэм шавь нар та бүхэндээ халуун баяр хүргэе. Эх орныхоо хөгжлийг түүчээ болж байгаа уул уурхайн салбарын инженерийн мэргэжлийн эзэмшихээр уурхайн технологийн салбарт элссэн шавь нараараа туйлын их бахархаж баярлаж байна. Өнөөдөр ШУТИС-ийн Уул уурхайн салбарын мянга мянган төгсөгчид эх орныхоо өнцөг булан бүрд их бүтээн байгуулалтын талбарт ажиллаж байгаагийн дундаас манай Уул уурхайн технологийн анхны төгсөгч Очир, Дүүрий, Тулга нараас эхлээд 25 инженер Техникийн ухааны докторын зэрэг хамгаалж, нийт төгсөгчдийн дундаас инженер Дашзэвэг, Цогбаатар, Даваацэрэн нарын 16 инженер Монгол Улсын Гавьяат цол хүртсэнд сургууль, багш, төгсөгч нар бахархаж байдгийг энэ баярт мөчид та нартаа хэлэхэд нэн таатай сайхан байна. Залуу насныхаа эрч хүч, оюун ухаан, аз хийморьтой цаг үедээ уул уурхайн инженерийн мэргэжил эзэмшихээр энэ сургууль, энэ салбарт элссэн та нартаа их мэргэн Аристотелын хэлснээр “Эрдэм суръя гэвэл 3 цаг унт, эгэл жирийн явъя гэвэл 5 цаг нойрс, эргүү мангуу байвал 8 цаг илжир” гэснийг санаж, уурхайчдын мэргэжлийн жинхэнэ эзэн байж, нас насандаа алдарших их бүтээлийн эзэд байхыг ерөөе” хэмээлээ.

Цахимаар Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат багш, доктор, профессор, Монгол Улсын Зөвлөх инженер С.Цэдэндорж шинэхэн суралцагч нартаа хандан та бүгд мэдлэг, ур чадварын өндөр чадамжтай болж төгсөнө гэдгийг онцлоод үйл ажиллагааг зохион байгуулсан багш, удирдлагуудад талархал илэрхийлсэн юм.

Уурхайн технологийн салбарын анх удаа зохион байгуулсан Чиглүүлэх сургалтад Мэргэжлийн холбоодоос УУМХЗ-ийн Ерөнхийлөгч, Гавьяат уурхайчин, доктор, профессор, Монгол Улсын Зөвлөх инженер Д.Цогтбаатар, УУМХЗ-ийн Мэргэжсэн мэргэжилтний зөвлөлийн дарга, Монгол Улсын Зөвлөх инженер Д.Сүхбаатар, Монголын тэсэлгээний инженерийн холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Зөвлөх инженер Д.Дамба, Тэсэлгээний ажил үйлчилгээний эрхлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал, Монгол Улсын Мэргэшсэн инженер Ж.Ууганбаяр, Монголын далд уурхайн хөгжил, менежментийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Монгол Улсын мэргэшсэн инженер Б.Батбаяр, Уул уурхайн үйлдвэрлэлийн технологичдын холбооны Гүйцэтгэх захирал, доктор, Монгол Улсын зөвлөх инженер Б.Улаанбаатар, Монголын маркшейдерийн холбооны хүндэт Ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор, дэд профессор, Монгол Улсын Зөвлөх инженер Д.Дондов, Монголын уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны Нарийн бичгийн дарга, Монгол Улсын Зөвлөх инженер Б.Аварзэд, Монголын эрдэс баялгийн эдийн засаг, менежментийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Зөвлөх инженер Ю.Батсайхан нар оролцсон юм.

Сургамж үгсийн дундуур өмнөх жилийн авьяаслаг оюутнууд ахмад багш, мэргэжлийн холбоодын төлөөлөл, шинээр элссэн дүү нартаа дуу, хуурын эгшгээр бэлэг барив. Мөн үйл ажиллагааг зохион байгуулахад багш нартаа тусалсан Уурхайн технологийн салбарын 3, 4-р дамжааны оюутнуудад цугласан олон баяр хүргэлээ. Ингээд шинэ элсэн суралцагчдадаа багш, холбоодынхон тайзан дээр гарч сурлагын амжилт хүсэн гар барьснаар тус арга хэмжээ өндөрлөлөө.

Арга хэмжээний дараа Чиглүүлэх сургалт болон салбарынхаа талаар тус салбарын Эрхлэгч, доктор Г.Уранбайгаль “Манай уул уурхайн технологийн салбар бол уул уурхайн чиглэлийн төсөл, зураглал, хаалт, нөхөн сэргээлт, удирдлага зэрэгт ажиллахад шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой. Энэ хичээлийн жилд 1438 оюутан суралцаж байна. Үүнээс шинээр элсэгч 185 оюутандаа ахмад багш нарын сургаал үгийг сонсгохын тулд Удиртгал хичээлийг явуулж байна” гэв.

ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургууль нь 1960 онд геологи мэргэжлээр анхны элсэлтээ авсан бөгөөд “Уул уурхайн ашиглалтын технологи” хөтөлбөрөөр 1971 оноос анхны элсэлтээ авчээ. Харин 1991 оноос “Уул уурхайн маркшейдер”, 1996 оноос “Уурхайн менежмент”, 2011 оноос “Уул уурхайн ашиглалтын технологи 3+2”, 2020 оноос “Уурхайн геотехник гэсэн хөтөлбөрөөр элсэлт авч байгаа аж.

Мэргэжлийн холбоодын төлөөлөл болж оролцсон ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн ангийн 2011 оны төгсөгч, Монгол Улсын Мэргэшсэн инженер, “Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны Гүйцэтгэх захирал Ж.Ууганбаяр “Энэхүү үйл ажиллагаа цаашид уламжлал болон явагдах нь элсэгчдэд хэрэгтэй. Дараа дараагийн жилээс төгөлдөржүүлээд явах зүйл байгаа. Бид 10 гаруй жилийн өмнө ШУТИС-д элсэж орж байхад бидэнд ингэж зааж чиглүүлэх зүйл байсангүй. Харин энэхүү үйл явдал бол элсэгч нар үр дүнтэй чиглүүлэх сургалт боллоо гэж харж байна. Шинээр элссэн суралцагч нартаа сурлагын амжилт хүсье” гэсэн юм.

Салбарын ахмад, залуу багш нар, мэргэжлийн холбоод дараа үеэ ингэж хүндэтгэлтэй хандах нь цаашид суралцах оюутнуудад сэтгэл зүйн дэмжлэг болно гэсэн сэтгэгдэлтэй Их сургуулийн нэг цагийг өнгөрүүллээ. УУРХАЙ, УУХАЙ.