Mining Insight нь Европын Түүхий эдийн 5 дахь чуулганы хэвлэлийн түншээр ажилласан билээ. Чуулган тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Европын Холбооны төв Бельги Улсын Брюссельд зохиогдсон юм. Европ дахь уул уурхайн салбарын гол арга хэмжээтэй тогтоосон түншлэлийн хүрээнд Mining Insight уг чуулганд оролцож, сурвалжилснаа өнгөрсөн тавдугаар сарын дугаартаа нийтэлсэн. RawMaterials-ийн тавдугаар хуралдааны дараа Mining Insight-ийн О.БатболдEIT RawMaterials-ийн Гүйцэтгэх захирал, Удирдах хорооны гишүүн Бернд Шефертэй чуулганаар хэлэлцсэн асуудлууд болон эрдсийн түүхий эдийн цаашдын хандлагын талаар тодруулж ярилцсан юм.
Берлин хотод төвтэй EIT RawMaterials нь Европын Түүхий эдийн чуулганыг зохион байгуулдаг, Европын Холбооны дэргэдэх Европын Инновац, технологийн институттэй түншлэлийн гэрээтэй ажилладаг бие даасан байгууллага юм.
Европын Түүхий эдийн чуулган тав дахь удаагаа зохиогдлоо. Энэ хугацаанд Европын орнуудад уул уурхайн салбар дахь тогтвортой хөгжлийн боломж хэр зэрэг нэмэгдсэн бол? Анхны тавьсан зорилтууд хэр ахиц дэвшилтэй байна вэ?
Европ бүс нь хэрэглээгээ дотоодоосоо хангаж, түүхий эдээс хараат, эмзэг байдлаа бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд хариуцлагатай уул уурхай нэн чухал юм. Гуравдугаар сард Европын холбооноос санал болгосон Критикал түүхий эдийн тухай хуулийг (the Critical Raw Materials Act /CRMA) уул уурхайн салбарт нэн хэрэгтэй, чухал хуулийн шинэчлэл гэж металл болон эрдсийн салбарынхан үзэж байгаа. Үүнтэй холбогдуулж EIT RawMaterials-ийн харьяа Европын түүхий эдийн нэгдэл (ERMA) “Эрчим хүч хадгалах, хувиргах материалын талаарх Европын уриалга” хэмээх төлөвлөгөөг гаргасан. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлсэн тохиолдолд багадаа 15 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтаар ЕХ-ны 2030 он хүртэлх болон түүнээс цааших түүхий эдийн хэрэгцээг хангах юм. Санал болгож буй арга хэмжээ, санхүүгийн хэрэгслүүд нь Ногоон хэлэлцээрийн томоохон зорилгод хүрэх нэг чухал алхам болно.
Европын уул уурхайн салбар дахь технологийн компаниуд бүтээгдэхүүнээ хөгжүүлж, үүгээр дамжуулан түүхий эдийн тогтвортой байдал, уул уурхайн салбарын нөлөөллийг бууруулахыг зорьж байна. Жишээ нь, Данийн FLSmidht & Co. A/S компани уул уурхайд утаагүй, усны хаягдалгүй технологи хөгжүүлж байна. Иймэрхүү инновацид тулгуурласан шилдэг технологийн тухайд тодорхой жишээнүүдийг дурдахгүй юу?
Европын түүхий эдийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг арилгаж, хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлэх Net-Zero хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэхэд инновац бол нэн чухал шийдэл. EIT RawMaterials-ийн инновацын нийгэмлэг нь эдгээр нэн чухал материалуудад хэрэгтэй инновацыг чиглүүлж яваа тулгуур багана нь гэж хэлж болно. Бид зах зээлд хамгийн сүүлийн үеийн шинэлэг технологийг бий болгохоор зэхэж буй олон гарааны бизнесүүдтэй хамтарч ажилладаг. Жишээ нь, EIT-ийн 2022 оны шагналын ялагч, эрдэмтэн Анна Вандербругген нь хэрэглэсэн литийн цэнэг хураагуураас бал чулууг дахин боловсруулах дэвшилтэт арга хөгжүүлээд байгаа. Энэ нь цэнэг хураагуурын үйлдвэрлэл дэх байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулаад зогсохгүй ЕХ-ны зарим түүхий эдийн импортоос хараат байдлыг бууруулахад хувь нэмэртэй. Өөр нэг сайн жишээ нь MagREEsource. Хэрэглэсэн соронзуудыг устөрөгч ашиглан дахин шинээр үйлдвэрлэх технологийн инновац бүтээсэн. Жилд 50 тоннын хүчин чадалтай анхны үйлдвэрийг 2023 оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулах юм. Мөн уурхайн талбар дахь тоосжилт томоохон асуудал байсаар ирсэн. Үүнийг шийдвэрлэхээр Bind-X компани EIT RawMaterialsийн дэмжлэгтэйгээр шороо, тоосны хаягдлын тогтвортой менежментийн шийдэл боловсруулсан. Энэ нь уул уурхай, хөдөө аж ахуйн салбарыг илүү аюулгүй, үр дүнтэй болгоход тусалж байна.
Европын Холбооны Критикал түүхий эдийн тухай хуулийн 2030 онд хүрэх зорилтод тулгарах гол сорилтууд нь юу байх вэ? Үүнийг шийдэх арга замын талаар та ямар байр суурьтай байгаагаа илэрхийлнэ үү?
EIT RawMaterials шинээр танилцуулсан Критикал түүхий эдийн тухай хуулийг дэмжиж байгаа ч хэмжиж болох тодорхой зорилт, бодитой үр дүнгүүд хэрэгтэй гэж үзэж байгаа. Ёс төдий хийсэн болоод хаяхаас зайлсхийх үүднээс магадгүй дахин боловсруулалтын зорилттой ижил томоохон зорилтууд хэрэгтэй байх. Уг хуулийн зорилтуудыг биелүүлэхэд гишүүн улсууд, комиссын удирдлагууд, санхүүгийн байгууллагууд, компаниудын оролцоо нэн чухал. Тиймээс одоо хурдтай сайн хэрэгжүүлж гүйцэтгэх л үлдээд байна.
Далайд гарцгүй, Хятад, Орос гэсэн хөрштэй Монгол Улсын хувьд хэрхэн Европын орнуудтай критикал түүхий эд болон бусад түүхий эдийн чиглэлээр хамтарч ажиллах боломжтой вэ? Монгол Улс нь ямар байдлаар Европын Холбоо болон Европын Холбооны улсуудтай харилцвал ийм боломж бий болох бол?
Критикал түүхий эдийн тухай хуульд түүхий эдийг цор ганц нийлүүлэгч улсаас нийлүүлэх явдлаас зайлсхийж, илүү төрөлжүүлж, хариуцлагатай уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор олборлолтын тусгай зөвшөөрөл олгох хугацааг богиносгох заалтуудыг тусгайлан оруулсан. Энэ нь ч хэрэгжиж эхлээд байгаа. Бид хөрөнгө оруулалт татаж, стратегийн боломжуудыг бий болгох үүднээс Европын комисстой хамтарч бусад улсын Засгийн газрууд болон бизнесүүдтэй харилцаагаа сайжруулж байна. Одоогоор Украйн, Гринланд, Австрали, Норвег, Канад, АНУ болон Африк, Латин Америкийн зарим орнуудтай байнгын харилцаа холбоо тогтоож, критикал түүхий эдийн нөөц бүрдүүлэхээр чармайж байна.
Ярилцсанд баярлалаа.
Майнинг Инсайт сэтгүүл №06 (019), Зургаадугаар сар 2023