Халзан бүрэгтэй төсөл: Боловсруулах технологитой улстай хамтрах сонирхолтой

Э.МИШЭЭЛ

Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 11-нд УУХҮЯ-ны шалгалтын баг зогсоосон. Тэгвэл тус компанийн сүүлийн үеийн мэдээллээс хүргэж байна.

Халзан бүрэгтэй төсөл баяжмал гаргасан тохиолдолд ашиг бага, тээврийн зардал өндөр болно. Иймээс боловсруулах үйлдвэр барихаар судалж байна. Боловсруулах үйлдвэр 90-95 хувийн холимог исэл гаргана. Үүний тулд жилд 3 сая тонн хүдэр боловсруулж, 7 мянган тонн холимог исэл гаргах юм. ГХЭ-ийг тус бүрээр нь салгах нь өндөр зардалтай. Тэр хэмжээгээр хорт хаягдал ихэснэ. Хаягдал усыг 100 хувь дахин ашиглаж, гарсан хаягдлыг ууршуулахгүй сүүлийн үеийн технологитай байхаар төлөвлөсөн. Боловсруулах үйлдвэрийн зардлыг урьдчилсан байдлаар 500-600 сая ам.доллар гэж үзсэн. Халзан бүрэгтэй төслийн хайгуулын ажил одоогийн байдлаар 30-35 сая ам.долларт хүрсэн.

Халзан бүрэгтэй Австрали, Малайз зэрэг орнуудтай харьцуулахад уран, тори хэмжээ бага. Өндөр агуулга Халзан бүрэгтэйн оройн хэсэгт байгаа. Халзан бүрэгтэй уулын Ар хүрэн гэсэн хэсэг газрын ховор элементтэй. Халзан бүрэгтэй төслийн ТЭЗҮ-г Австралийн Wood, эдийн засгийн урьдчилсан үнэлгээг Канадын Red Dot 3D, ТЭЗҮ-д шаардлагатай уул уурхайн нөөцийн тооцооллыг Австралийн RPM Global, геологийн ажлыг Монголын Trigteq, геотехникийн ажлыг Монголын Sardonyx, геофизикийн ажлыг Монголын Galaxy Geo Mongolia гүйцэтгэж байна.

Төсөлд технологитой улстай хамтрах боломжийг эрэлхийлж байгаа. Тухайлбал, Герман, Япон зэрэг технологи хөгжүүлдэг орнуудтай харилцсан. Японоос төлөөлөгчид ирж төслийн явцтай танилцсан. Япон Улсын хувьд хүнд газрын ховор элементийг авах сонирхолтой. Халзан бүрэгтэй диспрози, терби гэсэн хүнд элементээр баялаг. Мөн неоди, празеоди гэсэн хөнгөн элементийг тус төсөлд голлож байгаа юм. Төслийн баг ирэх сар Вьетнамд очиж Японтой хамтарсан үйлдвэртэй очиж танилцана. Халзан бүрэгтэй төсөл боловсруулах технологитой улстай хамтрах сонирхолтой байгаа.

Халзан бүрэгтэй төсөл гадаадын хөрөнгө оруулалт татах боломжтой. Учир нь ГХЭ-ийн зах зээл 2021 онд 5.3 тэрбум ам.доллар байсан бол 2026 он гэхэд 9.3 тэрбум ам.доллар болж нэмэгдэх төлөвтэй.

Төсөлд учирч буй гурван бэрхшээл байна. Үүнд, эрчим хүч, тээвэр, ложистик, АМНАТ. Газрын ховор элементийн үйлдвэр эрчим хүч шаарддаг. Жилд 3 сая тонн хүдэр боловсруулах бол 30 МВт цахилгаан эрчим хүч шаардлагатай. Харин Баруун бүсийн аймгууд жилд 35 МВт хэрэгцээтэй. Үүний нэлээд хувийг Оросоос хангадаг. Эрдэнэбүрэнгийн 90 МВт УЦС ашиглалтад орвол Баруун бүс болон Халзан бүрэгтэйг хангах боломжтой. Хятад руу шууд тээвэрлэх юм бол төслийн эрсдэл 60-70 хувиар буурна. Харин гуравдагч хөрш рүү гаргахаар бол тээвэр, ложистикийн асуудлыг Засгийн газар шийдэх хэрэгтэй. Газраар тээвэрлэх бол Орос, Хятадаар дамжиж саадгүй цаашаа гарах боломжоор хангах. Эсвэл онгоцоор тээвэрлэх бол ямар компани тээвэрлэх, тээвэрлэхэд гарах зардлыг яах вэ гэсэн асуудал байгаа. Мөн АМНАТ ГХЭ-ийн ислээс хэр хэмжээтэй авахаар Ашигт малтмалын тухайн хуулийн шинэчилсэн найруулгад орсон нь тодорхойгүй байна.

Төслийн баг энэ жил 22 мянган метр хүртэлх өрөмдлөг хийхээр байсан. Өрөмдлөгийн явцад өрөмдлөг хоорондын 50 метрийн зайг 25 метр болгосон. Өрөмдлөгийн ажил 19 мянган метрт хүрч, энэ нь хангалттай гэж үзсэн учраас 9 дүгээр сарын эхэнд өрөмдлөгийн ажил дууссан. Орон нутаг өрөмдлөг хийх явцад эсэргүүцээгүй. Ойрын хугацаанд аймгийн бүх сумдаар очиж танилцуулах ажлыг зохион байгуулна. Орон нутгийн санд 1 тэрбум төгрөгийн санал гаргасан. Одоогоор нутгийн иргэд эцэслэн шийдээгүй байна.

Урьдчилсан байдлаар 1.5 сая тонн нөөцтэй. Батлагдсан нөөц 20-30 хувиар буурах магадлалтай.