Эрчим хүчний манлайлагч бол Төр

Э.МИШЭЭЛ
misheel@mininginsight.mn

Олон Улсын Шинэ эрчим хүчний чуулган хоёр өдөр (2023.09.28-29) үргэлжилсэн юм. Энэ удаагийн чуулганы гол сэдэв бол засаглал. Засаглалын талаар эхний хэлэлцүүлэгт мэргэжилтнүүд яриа өрнүүллээ. Хэлэлцүүлгийн модератор Монголын Эрчим хүчний сургалтын төвийн дарга Д.Бассайхан, панелист Эрчим Хүчний Яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн дарга Ш.Ганзориг, “Монголын эрчим хүчний засаглал” хөтөлбөрийн Дэд захирал Л.Жамбаа, Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төвийн Дэд бүтцийн бодлогын газрын дарга Н.Батдорж, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо.

ЗАСАГЛАЛ БОЛ ЧАДАМЖ

Модератор Д.Бассайхан:
-Эрчим хүчний салбарын засаглал гэдгийг юу гэж ойлгож болох вэ?

Панелист Л.Жамбаа:
- Засаглал гэдэг бол эрчим хүчний салбарын хувьд зорилгоо биелүүлэх чадамжийг хэлдэг. Засгийн газар эрчим хүчний ямар зорилт тавьсан байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл салбар бие даасан, дотоодоосоо эрчим хүчээ бүрэн хангасан, ногоон эрчим хүч гаргах уу, үүнийг биелүүлэх чадамж нь юу байх вэ? Энэ чадамжийг л засаглал гэдэг. Үүн дотор хүний нөөц, байгууллагууд хоорондын тогтолцоо, мэдээллийн ил тод байдлын асуудал гэх мэт олон жижиг чадамжийн асуудлуудыг нийлүүлээд засаглал гэж ярьж байгаа юм.

Панелист Ш.Ганзориг:
- Эрчим хүчний засаглал гэдэг нь цогц бүтэц юм. Жишээ нь, засаглалын хүрээнд бид ямарваа нэг үр дүнг хэрэглэгчдэд хүргэж байна. Үүнийг хамгийн зөв зохистой, байгаль орчинд ээлтэй, алдагдал багатай, бүтээмжтэйгээр хэрэглэгчдэд хүргэх механизмыг засаглал гэж хэлж болно.

Панелист Б.Бат-Эрдэнэ:
- Засаглал гэдгийг хүний чадавх гэж ойлгож байгаа. Тиймээс янз бүрийн төсөл хөтөлбөр арга хэмжээ бүх зүйлийг хийж болно. Хамгийн гол нь энэ үйл ажиллагааг хүн удирдаж явуулдаг. Хүний оюун ухаан зохицуулдаг. Ингэхээр эрчим хүчний салбарын засаглалын сайжруулах гэдэг нь ерөөсөө эрчим хүчний салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх юм.

Панелист Н.Батдорж:
- Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв төрийн бүтэц сэргэлтийн хүрээнд чадамжийн асуудлаар түлхүү ажиллаж байгаа. Тэр нь бодлого зөв байх, нөгөө талдаа улс төрийн дэмжлэг байх, чадамжтай байх. Ингэж байж тухайн үйл ажиллагаа амжилттай явагдах боломж бүрддэг. Яг энэ гурвыг амжилттай явуулж чадвал магадгүй засаглалд амжилт олж магадгүй.

ТӨР МАНЛАЙЛАГЧ БАЙХ ЁСТОЙ

Модератор Д.Бассайхан:
- Эндээс харахад засаглалын талаар энд байгаа оролцогчид болон салбарынхан бүгдээрээ хуучин ойлголтоосоо салах цаг болжээ. Засаглал гэхээр ЭХЯ ч юм уу, төрийн байгууллагыг, төрийг гэж ойлгохгүй нь. Эрчим хүчний салбарт 200 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. 140-150 компани үндсэн үйл ажиллагаанд оролцож байна. Барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй 500 гаруй компани үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэндээ 800 гаруй компани эрчим хүчний салбарт ажиллаж байна.
Дараагийн асуулт манлайлагч гэж хэн бэ? Хэн манлайлах вэ, хэн манлайлагч байвал болох вэ? Засгийн газар, ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо юу?

Панелист Б.Бат-Эрдэнэ:
- Манлайлагч гэдэг нь өргөн ойлголт. Бодлогын түвшинд манлайлах, чадавхын түвшинд манлайлах гээд олон асуулт гарч ирэх байх. Өнөөдрийн нөхцөлд төр захиргааны бодлогоос хамаарч байна. Тийм учраас өнөөдөр салбарын хамт олон өөрсдөө манлайлж үйл ажиллагаа явуулахгүй төр засгийг хараад байвал салбар өсөж дэвжихэд хүндрэлтэй байна. Би засаглал дээр хүний чадавхыг ярьсан. Хүний чадавх гэхээр бэлтгэгдэн гаргаж байгаа инженерүүдийн чадавх байх ёстой. Энэ чадавх хөтөлбөрийн агуулгаар тодорхойлогдоно. Тиймээс манай салбарынхан өөрсдөө санаачилга гаргаж оролцох шаардлагатай байгаа юм. Манай сургуулиас төгсөж байгаа инженерүүд ямар чадавхтай байх ёстой юм гэдэг дээр өөрсдөө дуу хоолойгоо гаргах ёстой. Ер нь салбарын менежментийн асуудлыг ул суурьтайгаар авч явах ёстой. Манай салбарын манлайлагч бол энэ салбарын инженерүүд өөрсдөө байх ёстой.

Панелист Л.Жамбаа:
- Манлайлагч гэдгээ эхлээд тодорхойлох хэрэгтэй. Манлайлагч хэн байх ёстой вэ гэхээр тухайн асуудлыг шийдэж чаддаг эрх мэдэлтэй хүн байх ёстой. Чадамжгүй хүн асуудал шийдэхгүй. Өнөөдөр бидэнд ямар асуудал байна вэ гэхээр эх үүсвэрийн дутагдалтай, шинэ төсөл шаардлагатай болсон, үнэ тарифыг өөрчлөх хэрэгтэй болсон. Энэ асуудлыг хэн шийдэж чадах вэ гэхээр Засгийн газар, ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо гэсэн гурван байгууллага.

Панелист Ш.Ганзориг:
- Манлайлагч хүн асуудлыг бусдаас түрүүлж харж чаддаг байх ёстой. Эмч хүн өвчний шинж тэмдгийг урьдчилж харж эмчилгээ хийдэг шиг манай салбарт үүсэж байгаа асуудлыг урьдаас харж чаддаг, түүний дагуу бодлого чиглэл гаргаж, олон улсын түвшинд, төрийн байгууллагууд, яам, үйлдвэрийн газрын түвшинд бодлого гаргаж хэрэгжүүлж засаж чадахыг манлайлал гэж үзнэ. Яамны Бодлогын газар манлайлагч болж ажиллах шаардлагатай байгаа.

Панелист Н.Батдорж:
- Эрчим хүчний яам өөрөө манлайлна.

Модератор Д.Бассайхан:
- Эрчим хүчний салбараа аваръя, 100 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна гэж байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Юунаас болоод хүнд байдал орчихсон юм бэ?

Панелист Ш.Ганзориг:
- Салбараа аварсаар ирсэн. Цаашдаа ч авраад явна. Угаасаа тийм үүрэг хүлээгээд явж байгаа.

Панелист Л.Жамбаа
- Энэ бол нэг жилийн асуудал биш. Өнгөрсөн 30 жилийн асуудал. Төрийн бодлогогүй байдал, Засгийн газар, ЭХЯ, Эрчим хүчний хүчний зохицуулах хорооны бүгдийнх нь алдаа. Нэгдсэн ойлголт, нэгдсэн төлөвлөлтгүй явсны үр дүн.

Панелист Н.Батдорж:
- Татаасыг шаталсан хэлбэрээр бууруулж, оролцогч байгууллагуудын бодит өртөг рүү дөхүүлэхгүй бол алдагдал үргэлжлээд явах байх.

Панелист Б.Бат-Эрдэнэ:
- Олон нийтэд эрчим хүчний салбарын талаарх ойлголтыг зөв өгч чадахгүй байна. Хэрэглэгч эрчим хүч ямар чухлыг зөв ойлгоод, дэмжээд явбал манай салбар хэвийн ажиллана.

Модератор Д.Бассайхан:
- 2019 онд сэргээгдэх эрчим хүчний хуульд өөрчлөлт орсон. Хуулийн өөрчлөлтөд төрийн захиргааны төв байгууллага дуудлага худалдаа зарлаж байж дотоод, гадаадын хөрөнгө оруулагч шинэ эрчим хүчний чиглэлээр орж ирэх болсон. 2019 оноос хойш дуудлага худалдаа зарласан уу? Хөрөнгө оруулагч орж ирэв үү? Хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

Панелист Ш.Ганзориг:
- 2019 онд хуульд өөрчлөлт орсон. Тухайн үед олон тусгай зөвшөөрөл байсан. Тэр тусгай зөвшөөрлийн асуудал одоо болтол шийдэгдээгүй. Нар, салхины үүсвэр барина гэсэн 11 компанийн тусгай зөвшөөрлийн асуудал яригдаж байна. Эдгээрийг шийдэж байж дараагийн нар, салхины өрсөлдөөнт шалгаруулалтыг явуулъя гэсэн чиглэлтэй байгаа.

Панелист Л. Жамбаа
- 2019 оны хуулийн нэмэлт өөрчлөлт цаг үеэ олсон. ЭХЯ өмнөх асуудлаа шийдчихээд дараагийн асуудалд оръё гэсэн байр суурьтай байна. Миний байр суурь бол хоёр асуудлыг тусад нь авч үзэх хэрэгтэй. Өнгөрсөнд хийсэн тусгай зөвшөөрөлтэй, гэрээтэй холбоотой асуудлаа нэг талд нь, харин одоо явах дуудлага худалдааны асуудлаа зогсоож болохгүй гэсэн саналтай байдаг. Ингэж байж олон нийтэд сэргээгдэх эрчим хүч хямдхан байх боломжтойг ойлгуулна. Одоо бол 10 хэдэн центийн үнэтэй байх боломжтой гэсэн буруу ойлголт яваад байдаг.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА ХИЙХ ЦАГ БОЛСОН

Модератор Д.Бассайхан:
- 2022 онд Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтын тухай тогтоол гаргасан. Энэ дагуу хийсэн зүйл юу байна вэ?
ГХО-даас гарсан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

Панелист Ш.Ганзориг
- Яам руу ГХО-даас гомдол ирж байгаа. Бид нар тайлбар өгдөг. Манайд нар, салхины эрчим хүчийг холбоод ажиллуулахад санхүүгийн талын, техникийн боломжийн асуудал үүсдгээ тайлбарладаг.

Модератор Д.Бассайхан:
- Салбарын алдагдал үнэ тарифтай холбоотой. 2014 онд Эрчим хүчний тухай хуулийн дагуу эрчим хүч индексжүүлэх журам батлагдсан. Үүнээс хойш хоёр удаа хийгдсэн. Уг нь улирал тутамд хийх ёстой. Ядахдаа жил тутам хийсэн бол 120 тэрбум төгрөгийн алдагдалд орох байсан уу?

Панелист Л.Жамбаа
- Индексжүүлэх журам батална гээд Эрчим хүчний зохицуулах хороо байдаг ч тэрийг хэрэгжүүлнэ гэсэн заалт байдаггүй гэж ойлгож байгаа. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй. Эрчим хүчний үнэ тарифыг валют, импорт, хэрэглээний индекс зэрэгт уялдуулан идэвхжүүлэх үүрэгтэй гээд хуульд тодорхой тусгаад өгөх хэрэгтэй. Ингэж байж бүрэн хэрэгжих боломжтой. Эрчим хүчний үнийг Хөрөнгийн бирж дээр байдаг шиг гэж ойлгох хэрэгтэй. Үнэ тариф заавал өсөөд байх шаардлагагүй. Өнөөдөр өсөж байгаа бол маргааш буурч болно. Үүнийг иргэд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Хүйтрэх тул ирэх сард үнэ тариф өсөх юм байна. Дараагийн сард дулаарах тул буурах юм байна. Үнийн өсөлт, бууралт цаг агаартай холбоотой гэдгийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй байна.

Панелист Б.Бат-Эрдэнэ
- Шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийхгүй бол олонд таалагдах байдлаар, хэн нэг албаны хүний үгээр, эсвэл эрсдэлийн үнэлгээ хийхгүй асуудалд хандахаар хүндрэл үүсгэдэг. Үүнийг бид 20, 30 жил харлаа. Аргачлал боловсруулна гэдэг судалгааны том ажил. Ингэхгүй бол дахиад хүндрэлтэй тулна. Миний тавьж буй санал бол үнэ тарифыг боловсруулж байгаа хүмүүс судлаачидтай хамтраад судалгаа хийж нэвтрүүлэх хэрэгтэй болов уу.

Панелист Б.Ерөн-Өлзий
- Эрчим хүчний зохицуулах хороо тариф тогтоодог. Хэрэглэгчээс хураасан орлогыг компаниуддаа хуваарилаад өгдөг. Хуулийн хүрээнд ЭХЗХ хөндлөнгийн, хараат бус байгууллага. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хараат бус байдал хангалттай биш. Хуулиар үүнийг олж хараагүй байна. Иймээс Эрчим хүчний тухай хуульд шинэчилсэн найруулга хийх цаг болжээ.

Оролцогч Ц.Сүхбаатар / Эрчим хүчний ассоциацийн тэргүүн /
- Бид эрчим хүчээ найдвартай, тасралтгүй хангадаг болъё. Үүний төлөө ажиллацгаая. Түүнээс нийгмийн халамжийн бодлогод оролцохоо болъё. Хямдхан үйлдвэрлэх гэдэг бодлоо орхиё. Тэгэхгүй бол салбараа ийм хүнд нөхцөлд оруулсан та нар гэж бусад салбарынхан хэлж байна. Энэ үнэн. Бид өөрсдийнхөө бодол санааг өөрчилж, засаглалаа сайжруулмаар байна. Хуульд заасан өртөг зардлаа хаасан эрчим хүчний тарифыг маш богинохон хугацаанд хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Модератор Д.Бассайхан:
- Сэргээгдэх эрчим хүчний 2020 оны журам байгаа. Хэрэглэгч өөрсдөө салхи, нарны зай хураагуур тавиад, гэрээ байгуулаад, нэгдсэн сүлжээнд оруулах журам хэр хэмжээнд хэрэгжиж байна вэ?

Панелист Ш.Ганзориг:
- Журамд 0.4 киловольт буюу 20 орчим кВт чадал гэж заасан байгаа юм. Энэ журмын дагуу тодорхой хэмжээний айл өрхүүд холбогдоод явж байгаа. Гол нь УБТС-нд ухаалаг систем дутмаг, түгээх сүлжээний дамжуулах шугам, трансформаторын найдвартай асуудал чухал байна. Хэрэглэгч өөрсдөө нар, салхины сэргээгдэх эрчим хүчээ холбоод сүлжээнд өгөх, хэрэгтэй үедээ авах ухаалаг сүлжээтэй байх хэрэгтэй байна.

Панелист Л.Жамбаа:
- Тархмал эх үүсвэрийн талаар 2015 оноос хойш оролцоод явсан. Аль болох хэрэглэгчдэд хялбар байдлаар тусгай зөвшөөрөл авахгүйгээр шийдье. Техникийн нөхцөлийг түгээх сүлжээнээс авах нь зүйтэй. Бусад зураг батлуулдаг байдлаа болъё гээд явсан. Гэтэл журам гараад хэрэгжилтийг харахаар хүндрэл үүсчихсэн байна. Энэ нь засаглалтай холбоотой. Анх хэрэглэгчдийг хялбар байдлаар хэрэглүүлье гэсэн зорилгыг Засгийн газар тавьсан. Гэтэл одоо асуудал үүссэн. Хуулийн асуудал биш учраас салбар яам дүрэм, журмыг өөрсдөө шийдээд явах боломж бий.

Панелист Б.Бат-Эрдэнэ
- Эрчим хүчний салбарын гол зорилго бол хэрэглэгчийг найдвартай эрчим хүчээр хангах нэгдсэн систем байх ёстой. Хөгжлийг харах өнцгөө өөрчилмөөр байна. Тархмал эх үүсвэрийг хэрхэн зөв зохистой ашиглах вэ гэдэг бодлогоо харж явмаар байна. Сэргээгдэх эрчим хүч ороод ирэхэд асуудал үүсэж байна.