Өнөөдөр (2023.10.09) Mining Week 2023 арга хэмжээ эхэллээ. Тус арга хэмжээний Онцгой зочин болох Ivanhoe Mines компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Robert Friedland илтгэл тавилаа. Тэрээр илтгэлээ дэлхийн дулаарал бодитой зүйл, эрчим хүчний шилжилт зайлшгүй хэмээн эхлүүлсэн юм. Мөн Оюутолгойг нээх үед ямар үйл явдал давхацсан түүх, Оюутолгойгоос явсны дараа Африк тивд зэсийн уурхай нээсэн тухай, Монголын говьд Оюутолгой шиг ордууд илрээгүй байгаа учраас хөрөнгө оруулалтыг татаж, хайгуулын ажлыг эхлүүлэх талаар ярилаа. Түүний илтгэлийн зарим хэсгээс хүргэе.
Дэлхийн дулаарал сүүлийн 100 гаруй жилийн турш явагдаж байгаа. Хэрэв энэ эрчээрээ явбал 1.5 градусаас дээш хэмжээгээр халаахгүй гэсэн зорилгодоо хүрч чадахааргүй байна. Дэлхийн улс орнуудад түймэр эрс нэмэгдсэн. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд шинэлэг байдлаар ажиллах шаардлагатай болсон. АНУ-д гэхэд 10 жилийн хугацаанд 1.6 их наяд ам.долларыг сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилтийг амжилттай хийх зорилтод зориулна гэж төлөвлөж байна.
Оюутолгойн ордын зуун зуун өрөмдлөг хийж байж нээсэн. Бид бараг дампуурах шахсан байсан. 2001 оны 9 дүгээр сарын 11-нд ОТ-г баталгаатай нээсэн. Энэ үед Нью-Йорк хотод хадлага гарсны улмаас үүнийг хэн ч ойшоогоогүй. Одоо дэлхий дээр ОТ шиг 20 уурхай байж байнгын хэвийн эрэлт хэрэгцээгээ хангана. Харин одоо ийм хэмжээний ордууд алга. Монгол Улс Оюутолгойн ордоос үе дамжин ашиг хүртэнэ. Монгол Улс маш их хэмжээний байгалийн баялагтай. Миний хувьд 1/1000 нээсэн гэж бодож байгаа.
Ivanhoe Mines Монголоос гарсны дараа Африкт очиж томоохон орд нээсэн. 2008 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Камаод илэрцээ баталгаажуулж авсан. 2016 онд Оюутолгой шиг уурхайг нээж, Хятадын Zijin Mining Group 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. 2020 оноос бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн. Цаг агаарын хувьд хүйтэн биш, цас ордоггүй ийм газар байгаа. 15 мянган хүн ажиллаж байгаагаас нийт ажилчдын 90 гаруй хувь нь конгочууд. Үүнээс тал нь эмэгтэйчүүд. 2021 оноос дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн. Мөн онд Конго мөрөн дээр 300 МВт цэвэр эрчим хүч үйлдвэрлэх УЦС барьсан. Нэг тн зэс үйлдвэрлэхэд 0 хүлэмжийн хий ялгаруулна. Баяжуулах үйлдвэр өнгөрсөн оны 4 дүгээр сард ашиглалтад орж 7 сая тн хүдэр боловсруулж, 333,500 тн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн. Агууламж 5.5 хувьтай байгаа нь Монголд өрсөлдөгчтэй болсон гэсэн үг. Энэ онд үйлдвэрийн 3 болон 4 дүгээр барилгын ажилдаа орсон. Нийтдээ татварын дараах 20 тэрбум ам.долларын үнэ цэнийг бий болгох юм. 2022 оны байдлаар хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх ашиг 1.39 тэрбум ам.доллар болсон. Он гарснаас хойш 301,336 тн зэс үйлдвэрлэсэн нь 2023 оны зорилтоо 9 сарын дотор биелүүлээд байна. Манайд удирдлагад эмэгтэйчүүд голлон ажилладаг. Цаашид 2024 оны дөрөвдүгээр улиралд 3 дугаар барилгын ажил дууссанаар жилд 650.000 тн зэс үйлдвэрлэнэ. Ингэснээр дэлхийд гуравт орох уурхай болно. Дэлхийн дээрх хамгийн "ногоон" уурхай болж байгаа гэдгээрээ онцлог. 40 сая ам.долларыг загас агнуурын ферм зэрэг иргэдийн амьдралыг дээшлүүлэх төсөлд зориулж байгаа. Камао уурхайг 47 жилийн турш ашиглана. Монгол Улс энэ эрчээрээ ажиллах хэрэгтэй. Ч.Хүрэлбаатар сайдтай УИХ-д тогтворжуулалтын гэрээг оруулахад хамтарч ажиллаж байсан. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татвал дараагийн Кувейт шиг болоход бэлэн байна.
Говьд Оюутолгой шиг орд газрууд олноороо унтаж байгаа гэж бодож байгаа. Үүнийг нээхийн тулд тогтвортой хөрөнгө оруулалтыг орчныг бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Ингэж чадвал дэлхийн уул уурхайд гол тоглогч болох боломжтой. Үүнд итгэлтэй байна. ОТ-г нээснээс хойш шинэ технологиуд гараад ирчихсэн. Тэгэхээр заавал өрөмдлөг хийгээд байх шаардлагагүй эрэл хайгуул хийх боломжтой болчихсон. Тиймээс Монгол Улс технологийг ашиглаад говьд байгаа нөөцөө мэдэх боломжтой. Дээр нь шинэ технологийг өөрсдөө эзэмшиж чадвал дэлхий даяар ур чадвараа заагаад явж болно. Бид ирээдүй хойчдоо илүү сайхан ирээдүй бий болгоё гэвэл уул уурхайн салбарыг хурдтай хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа. Бид үүнийг дэлхийн төлөө хийж байгаа.