Э.ОД
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар оролцсон Елисей ордон дахь ёслолын ажиллагаагаар Монгол дахь ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн протоколыг “Эрдэнэс Монгол” ХХК, Францын “Орано” групп (2023.10.12) үзэглээд байна. Тодруулбал, Монголын Засгийн газар болон Францын "Орано майнинг САС" компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ерөнхий нөхцөлөөр Парис хотод хэлэлцэж, талууд урьдчилсан зөвшилцөлд хүрсэн гэсэн үг. Энэхүү протоколд үндэслэн Зөөвч-Овоо төслийн ХоГ-ний төслийг боловсруулж УИХ-д өргөн барих юм. Одоогоор ХоГ-ний хэлэлцээр үргэлжилж байна.
Зөөвч Овоо төсөлд Монголын тал хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрх эдлэх урьдчилан тохирсон нөхцөлөөр нийтдээ 400 орчим сая гаруй ам.долларын ногдол ашиг нэмж авах тооцоо гарчээ.
Монголын баруун өмнөд хэсэгт байрлах ураны Зөөвч-Овоо ордод уурхайн шавыг 2024 онд тавих, олборлолтын үйл ажиллагааг 2028 онд эхлүүлэх төлөвтэйг Францын “Орано” группийн тэргүүн Клауд Имаувен мэдэгджээ. Тэрээр энэ талаар Nikkei Asia сэтгүүлд өгсөн ярилцлагдаа Монголын талтай үзэглэсэн протоколын хэлэлцээрийн нийт дүн 1.6 тэрбум евро (1.7 тэрбум ам.доллар) хэмээн дурдсан байна.
Францын Засгийн газар “Орано” группийн хөрөнгө оруулж буй Зөөвч Овоо төсөл нь ирээдүйд дэлхийн ураны үйлдвэрлэлийн 4 хувийг бүрдүүлж чадна гэж үзэж байна.
Зөөвч-Овоо нь 93 291 тонн нөөцийн хэмжээгээрээ дэлхийд сүүлийн 10 жилд нээн илрүүлсэн ураны хамгийн том ордод тооцогдож байгааг “Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард танилцуулсан.
Төслөөс Монголд жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрнө. Тухайлбал, АМНАТ-ийн орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1550 сая ам.доллар байх. Ураны үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтаас жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар орлого, нийт дүнгээр 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох тооцоолол гарчээ.
Урьдчилсан төсөөллөөр, Зөөвч Овоо төсөл 47 жил хэрэгжинэ. 2024-2027 онд үйлдвэрлэлийн бэлтгэл хангана. 2028-2060 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Уурхайн нөхөн сэргээлтийн ажил 2061-2070 онд үргэлжилнэ.
“Орано” групп нь Монголын Засгийн газартай хамтарсан “Бадрах Энержи” компаниар дамжуулан Монголд үйл ажиллагаа явуулж байна. Францын групп Монголд сүүлийн 20 гаруй жил хайгуул хийсний үр дүнд Зөөвч Овоо ордоос гадна нээсэн ураны Дулаан Уул талбайд тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Францын Засгийн газар 89.99 хувийг эзэмшдэг “Орано” групп дэлхийн 17 улсад цөмийн эрчим хүчний чиглэлээр ажилладаг, 17 мянган ажиллагсадтай.
Өнөөгийн байдлаар Франц улсад цөмийн эрчим хүчний 56 реактор ажиллаж байгаа бол нэмж 1 реактор барьж байна. Тус улс эрчим хүчнийхээ 68 хувийг цөмийн реактороор үйлдвэрлэдэг.
Дэлхий дахинд эрчим хүчний хэрэглээ 2050 он гэхэд хоёр дахин өсөж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг хоёр дахин бууруулах зорилттой. Уран нь цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд төдийгүй хорт хавдрын оношилгоо, эмчилгээ, хоол хүнс ариутгах, савлах, бараа материалын чанар хянах, ус, агаарын бохирдол судлах зэрэг олон салбарт онц чухал үүрэгтэй билээ.