Нүүрсний давхаргын метан хийн боломж ба асуудлууд

Э.МИШЭЭЛ
misheel@mininginsight.mn

Өнгөрсөн долоодугаар сард 120 мянган жилд тохиож байгаагүй халуун зун болсон байж магадгүй гэж Германы Лейпцигийн Их сургуулийн цаг уур судлаач Карстен Хуастейн таамаглажээ. Түүний таамаглалтай зэрэгцэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дэлхийн “дулаарал” нь дэлхийн “буцлалт” руу шилжиж буйг мэдэгдсэн юм. Мөн дэлхийн дундаж хэм 1976 оноос хойш хасах хэмд хүрээгүй нь АНУ-ын Далай ба агаар мандлын үндэсний захиргааны судалгаанд тэмдэглэгдсэн байна. Тэгвэл энэхүү дулаарал, буцлалтын эсрэг Монгол Улс, монголчууд юу хийж чадах вэ? Ялангуяа уул уурхайн салбартаа түшиглэж байгаа ийм цаг үед эрчим хүч, дулааны эх үүсвэрээ хэрхэн хангах талаар олон хувилбар дэвшүүлж байна. Түүний нэг нь нүүрсний давхаргын метан хийг ашиглах юм. Монгол Улсад нүүрсний давхаргын (НД) метан хий бол шинэ салбар. Одоогийн байдлаар Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ)-тэй дөрвөн компанийн зургаан талбай байна. Эдгээр талбайд хайгуулын өрөмдлөгийн ажил ид өрнөж байгаа юм. Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн БХГ-тэй компаниудын талаарх мэдээллээс хүргэе.

НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙН БХГ-НҮҮД
Ашигт малтмал, газрын тосны газар нь 2018 оноос хойш уламжлалт бус газрын тосны (нүүрсний давхаргын метан хий) дөрвөн компанитай зургаан Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ) байгуулсан байна.

НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙН БОДИТ БОЛОМЖ

Монгол Улсад нүүрсний давхаргын метан хий дөнгөж хайгуулынхаа шатанд явж байна. Манай улсын хувьд дулаан, эрчим хүч үйлдвэрлэхээс гадна тээврийн хэрэгсэл, ахуйн хэрэглээнд ашиглах боломж бий. Өнгөрсөн онд манай улс 290 сая ам.долларын цахилгаан эрчим хүчийг хоёр хөршөөсөө импортолжээ. Мөн шингэрүүлсэн хий болон бусад хийн байдалтай нүүрс-устөрөгчийн импорт 18 сая ам.долларт хүрсэн байна. Үүгээр тооцож үзвэл НД-ын метан хийн хувьд багадаа 300 гаруй сая ам.долларын зах зээл байна гэсэн үг юм. Шингэрүүлсэн хий болон бусад хийн байдалтай нүүрс-устөрөгч, цахилгаан эрчим хүчний импортыг нарийвчлан авч үзвэл:

- 2022 онд ОХУ-аас 15.1 сая ам.долларын, БНСУ-аас 3.6 сая ам.долларын шингэрүүлсэн хий болон бусад хийн байдалтай нүүрс-устөрөгч импортолжээ. Тодруулбал, ОХУ-аас нэг литр тутмыг 995 төгрөгөөр, БНСУ-аас 5206 төгрөгөөр авсан байна.

- 2022 онд БНХАУ-аас 1,454,161.38 мВт.ц эрчим хүчийг 206.9 сая ам.доллароор, ОХУ-аас 653,206.21 мВт.ц эрчим хүчийг 83.8 сая ам.доллароор импортолсон байна. Энэ нь нэг мВт.ц эрчим хүчийг БНХАУ-аас 89.7 ам.доллароор, ОХУ-аас 79.2 ам.доллароор авсан гэсэн үг. Үүнийг төгрөгт шилжүүлбэл (2023.08.25) нэг кВт.ц эрчим хүчийг урд хөршөөс 311 орчим төгрөгөөр, хойд хөршөөс 275 төгрөгөөр импортолсон байна. Он гарснаас хойш БНХАУ-аас 76.5 сая ам.доллар, ОХУ-аас 32 сая ам.долларын эрчим хүч худалдан аваад байна.

- Экспортын хувьд БНХАУ руу цахилгаан эрчим хүч экспортлох гэрээгүй учир урагшаа экспорт хийгддэггүй. Харин ОХУ руу 354 мянган ам.долларын илүүдэл эрчим хүч экспортолсон байна. Энэ нь нэг кВт.ц тутмыг 48 төгрөгөөр зарсан гэсэн үг. Манай улсын хувьд айл өрхөд нэг кВт.ц эрчим хүчийг 110-130 төгрөгөөр, уул уурхайд 105-390 төгрөгөөр борлуулж байгаа юм.

- Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд ойролцоогоор 7-8 хувиар өсөж байгаа гэсэн үзүүлэлт байна.
Нүүрс нь манай улсын хувьд эдийн засагт ихээхэн үүрэгтэй үйлдвэрлэл. Олон улсад нүүрсний олборлолтоос жилд 52.3 сая тонн метан ялгаруулж байгаа нь газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлээс өндөр байгааг Global Energy Monitor-ын судалгаанд дурдсан байдаг. Харин нүүрсний давхаргын метан хий нь газрын тос, байгалийн хийнээс илүү цэвэр эрчим хүчинд тооцогддог. Өөрөөр хэлбэл энэхүү урвуу хамаарлыг нүүрсээр баялаг Монгол орны хувьд тэнцвэржүүлэх шаардлагатай болж байна. Тэрхүү тэнцвэржүүлэгч нь нүүрсний давхаргын метан хийг ашиглаж байгаль дэлхийд ээлтэй хандах явдал юм.

ХАЙГУУЛЫН ӨРӨМДЛӨГ ХИЙЖ БУЙ КОМПАНИУДЫН ХАНДЛАГА

Дээрх статистикаас харахад бидэнд одоохондоо эрчим хүчний экспортын зах зээл байхгүй. Экспортыг өргөжүүлэхийн тулд манай улс БНХАУтай эрчим хүчний гэрээ байгуулах шаардлагатай болно. Харин дотоодын эрчим хүч, шингэрүүлсэн хийн зах зээл нээлттэй байгаа ч тэрхүү зах зээлд нэвтрэхэд зөвхөн олборлогч компани дангаар хангалтгүй, тэдэнд хамрагчид хэрэгтэй. Тийм ч учраас “TMK Energy”-ийн хувьд өнгөрсөн онд “Петрочайна” компанийн охин компани “Дачин Тамсаг”-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. “Дачин Тамсаг”-ийн хувьд газрын тосны өрөмдлөг хийх, олборлох, тээвэрлэх туршлагатай компани. Мөн хайгуулын ажилд "Terra Energy" компанитай хамтран ажиллах болсноо наймдугаар сард зарласан нь тэдний хувьд гарах зардлыг бууруулах юм. Австралийн уул уурхайн салбарын зарим ажиглагчдын үзэж байгаагаар дээр дурдсан санамж бичигт гарын үсэг зурсныг Гурвантэс XXXV талбай Хятадын хилтэй ойрхон учир тийшээ метан хий экспортолно хэмээн таамаглаж байна. Нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй өөр нэг компани бол “Тахь Ресурс”. Тус компани “Петровис” группийн салбар компанийн нэг. Иймээс тэдэнд дотоодын түгээлтэд давуу тал бий. Тус компани IPO гаргахаар төлөвлөж байгаа учир одоогоор нарийн мэдээлэл өгөхгүй байна. “Elixir Energy” компанийн хувьд Монгол Улсад Номгон IX НД-ын метан хийнээс гадна Gobi H2 төсөл дээр ажиллаж байгаа. Gobi H2 устөрөгчийн төсөл дээр тэд өнгөрсөн жил “Terras Energy” компанитай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Тус компани нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйлдвэрлэл, хадгалалт, судалгаа зэрэг төрөл бүрийн үйлчилгээ явуулж байгаа. “Elixir Energy”-ийн хувьд устөрөгчийн төслийг амжилттай хамтран явуулах компаниа олчихсон гэхэд болно. Үүнийгээ баталж өнгөрсөн зургаадугаар сард Филиппиний нийслэл Манила хотод болсон Азийн цэвэр эрчим хүчний форумд оролцох үеэрээ төслийг цаашид авч явах боломж “Terras Energy” компанид байгаа гэсэн юм. Өөрөөр хэлбэл тэдний хувьд хоолой тавьж устөрөгч дамжуулах нь илүү ашигтай байгааг мэдэгдсэн. Хэрэв Хятадын сүлжээнд холбогдож чадвал бусад нүүрсний давхаргын метан хийнд ч хоолой тавих боломж нээгдэнэ гэж үзэж болох юм. “Метан Газ Ресурс” ХХК-ийн толгой компани болох “Jade Gas” компани өнгөрсөн оны 12 дугаар сард “Xanadu Mines” компанитай санамж бичиг байгуулсан. Энэ нь зэс-алтны Хармагтай төслийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зориулан 120 мВт хүртэлх эрчим хүчээр хангах тохиролцоо. Хоёр ордын талбай хоорондын зай 80 км. Иймээс тэдний хувьд харилцан ашигтай байхаар байна. Мөн “Xanadu Mines” Монголоос эрчим хүч авах зорилготой гэдгээ мэдэгдсэн юм. Сүүлийн байдлаар тэд хайгуулын ажилдаа Өмнөд бүсийн цахилгаан сүлжээтэй холбогдоод байна. Цаашид БХГ байгуулах шатанд явж буй хоёр талбай байгаа бөгөөд нэг нь Төв аймагт бий гэсэн мэдээлэл байна.

ОРОН НУТГИЙН ЭСЭРГҮҮЦЭЛ

Нүүрсний давхаргын метан хий өрсөлдөөнтэй салбарын нэг болох боломж байна. Гэхдээ шинээр эхэлж буй төслүүдийн хувьд тулгарч буй нэг бодитой хүндрэл нь орон нутгийн иргэдийн эсэргүүцэл. Нүүрсний давхаргын метан хийн БХГтэй зургаан талбайн нэг нь яг ийм шалтгааны улмаас зогсонги байдалд байна. Тэдний хувьд орон нутгийн иргэд эсэргүүцсэн гэхээс илүүтэй “Онги голынхон хөдөлгөөн” Улаанбаатар хотоос очиж орон нутгийн иргэдийг эсэргүүцэлд уриалаад байгаа. “Тахь Ресурс” компанийн Т1 талбай Дундговь, Өвөрхангай аймгийн есөн сумыг хамардаг бөгөөд Онги голын урсгал Т1 талбайн Баянгол, Тарагт, Сайхан-Овоо, Зүүнбаян-Улаан гэсэн дөрвөн сумаар дайран өнгөрдөг аж. Нүүрсний давхаргын метан хий нь Монголд цоо шинэ зүйл. Иймээс орон нутгийн иргэд төдийгүй олон нийтийг эхнээс нь тэнцвэртэй мэдээллээр хангах асуудал тулгамдаж буйн илрэл нь дээрх жишээ юм. Хэдийгээр БХГ-тэй талбай болгон дээр орон нутгийн эсэргүүцэл гараагүй ч БХГ байгуулсан компаниуд хайгуул болон төслийнхөө талаар орон нутагт тайлбарлаж таниулах, зөв ойлгуулах хэрэгцээ шаардлага их байна. Нөгөө талаас нэгэнт БХГ байгуулсан төрийн зүгээс ч гэсэн БХГ-нүүдийн тогтвортой байдлыг хангах зохицуулалт дутмаг байна.

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ, НӨӨЦ, ХЯТАДЫН ХЭРЭГЛЭЭ

Өнгөрсөн онд дэлхийн нүүрсний давхаргын метан хийн зах зээл 18.2 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ тоо цаашид нэмэгдсээр 2029 онд 25.7 тэрбум ам.доллар буюу 30 орчим хувиар өсөхөөр байна. Монгол Улсаас нүүрсний давхаргын метан хий авах боломжтой гэж үзэж байгаа БНХАУын олон янзын хийн нийт хэрэглээ 2020 онтой харьцуулахад 2040 онд гурав дахин өсөж бараг 60 тэрбум куб фит хүрэхийг АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн удирдлагаас гаргасан судалгаанд тэмдэглэжээ. Нүүрсний давхаргын метан хийн хэрэглээ ч гэсэн ойролцоогоор гурав дахин өсөх төлөвтэй. Нийт хийн хэрэглээнийхээ 32 хувийг импортоор хангана гэж тооцоолсон.
Дотоодын дэд бүтцээ хөгжүүлэхийн тулд 2021 онд Өвөрмонголын хил залгаа муж Шансигаас Хэбэй муж хүртэл 548 км нүүрсний давхаргын метан хийн хоолой тавьсан. Энэ нь Тяньжин боомтын шингэрүүлсэн хийн терминалтай холбогдох боломжтой юм. Түүнчлэн 2060 он гэхэд Хятад нүүрстөрөгчийг бууруулах зорилгын хүрээнд нүүрстөрөгчгүй ган үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл Хятадын дотоодын хэрэгцээ цаашид улам өсөх төлөвтэй байна. Нүүрсний давхаргын метан хийн нөөц 60 гаруй улсад илэрсэн бөгөөд тогтоогдоод буй нөөцийн хэмжээг 4,000-6,500 их наяд куб фит гэж үзэж байна.

Майнинг Инсайт сэтгүүл,№07, 08 (020, 021)