2023 онд дэлхийн хэмжээнд геологи, хайгуулын хөрөнгө оруулалт 2020 оноос хойш анх удаа буурсныг S&P Global Market Intelligence-ийн шинэ судалгаа харуулж байна. Шинэ орд илрүүлэх, өргөтгөх ажилд 2235 компани нийтдээ 12.8 тэрбум ам.доллар зарцуулсан нь өмнөх жилийнхээс 3 хувиар бага үзүүлэлт болжээ.
Алтны хайгуулын санхүүжилт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 хувь буюу 1.1 тэрбум ам.доллароор буурч 6 тэрбум ам.доллар хүрснээр үнэт металлын хайгуулын хөрөнгө оруулалтын 46 хувийг эзэлж байна. Алтных өнгөрсөн оноос 54 хувиас буурсан нь лити, никель болон батарейн бусад металл, түүнчлэн уран, газрын ховор элементийн хайгуулын хөрөнгө оруулалт нэмэгдэж, зэсийн үнэ өссөнтэй холбоотойг судлаачид тайлбарлажээ. 11 жилийн өмнө алтны хайгуулын хөрөнгө оруулалт оргилдоо хүрчээ. 2023 онд үнэт металлын хайгуулд томоохон компаниуд илүү их хөрөнгө зарцуулсан байна. Энэ нь хайгуулын жижиг компаниуд чамгүй бэрхшээлтэй тулгарсныг илтгэнэ. Геополитикийн нөхцөл байдлаар алтны үнэ дахин 2000 ам.долларт ойртсон энэ үед дэлхийн хайгуулын нийт хөрөнгө оруулалтад алтны эзлэх хувь дахин 50 хувиас давах магадлалтайг судалгаанд дурджээ. "2006/2007 онд алтнаас илүү бусад металлууд хайгуулын хөрөнгө оруулалт татаж байсан"-ыг S&P Global Commodity Insights-ийн Металл болон уул уурхайн судалгааны захирал Кевин Мерфи онцолсон байна.
2023 онд зэсийн төсөв 327 сая ам.доллароор нэмэгдсэнээр өнгөт металлын хайгуулын нийт хөрөнгө оруулалтын 33 хувьд хүрчээ. 2022 оноос хоёронтоо өсөж 3.12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт зэсийн хайгуул татсан байна. Гэсэн хэдий ч энэ жилийн дэлхийн хайгуулын нийт хөрөнгө оруулалтын ердөө 1/4 хүрэхгүй хувийг зэс эзэлжээ. Зэсийн төслүүд нь уурхайлах шат руу шилжих үед тухайн металлын хайгуулын хөрөнгө оруулалт бусад металлынхаас хоцордог нь ажиглагддаг байна. Энэ жил хүрэн металлын хөрөнгө оруулалт нэмэгдсэн ч хайгуул 2022 оныхоос хамаагүй бага түвшинд хүрчээ. Мөн 2023 онд хайгуулын хөрөнгө оруулалт мэдэгдэхүйц өссөн металлын нэг нь никель бөгөөд энэ төрлийн орд хайх, уурхай өргөжүүлэх санхүүжилт 117 сая доллароор нэмэгджээ. Дэлхийн никелийн хайгуулын 54 хувийг том компаниуд гүйцэтгэж байна.
Литийн хайгуулын хөрөнгө оруулалт энэ жил бараг хоёр дахин өсжээ. 2023 онд литийн нөөцийг хайх, төсөл өргөжүүлэхэд 830 сая ам.долларын хөрөнгө зарцуулсан нь металлын хайгуулын гурав дахь гол түүхий эдээр тодорч байна. Лити бол хайгуулын, боловсруулалтын хувьд ч “залуу” металл учир хөрөнгө оруулалт янз бүрээр илэрхийлэгдэж буйг судлаач Кевин Мерфи тайлбарлажээ. Өнөөгийн байдлаар литийн хайгуулын салбарт жуниор компаниуд давамгайлж байна. Геологи хайгуулын ажлын 82 хувийг жижиг компаниуд гүйцэтгэж байгаа аж. Сонирхолтой нь, литийн хайгуулын багагүй хэсгийг төрийн компаниуд хийж байгаа бөгөөд дэлхийн хайгуулын хөрөнгө оруулалтын 4 хувийг бүрдүүлжээ. Литийн ашиглагдаагүй ихээхэн нөөцөөр дэлхийд тэргүүлдэг Аргентин тэргүүтэй орнуудад тус металлын хайгуулын хөрөнгө оруулалтын өсөлт өндөр байна. Тэгвэл дэлхийн литийн тал хувийг үйлдвэрлэгч Австрали нь хайгуулын санхүүжилтийн хэмжээгээр хоёрдугаарт орж байна. Удаах улс Канадын литийн хайгуулд зарцуулсан санхүүжилт энэ жил хоёр дахин нэмэгдэж 160 сая доллар давжээ. Мөн АНУ-д литийн хайгуулын хөрөнгө оруулалт мэдэгдэхүйц өссөн бөгөөд тус улс литийн боловсруулагдаагүй нөөцөөр дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 80 мянган ам.доллар хүрсэн литийн үнэ одоо 20 мянган орчим ам.долларт огцом буурч, тасралтгүй уруудсан нь литийн хайгуулын хөрөнгө оруулалтад нөлөөлж буйг судлаач онцолжээ.
S&P Global одоогоор идэвхтэй 121 төслийг ажиглан, судалж байна. Энэ нь “төрөлжсөн бүтээгдэхүүн” гэж бүлэглэсэн лити, кобальт, бал чулуу, газрын ховор элемент, уран зэрэг хоёр жилийн өмнөхөөс бараг зургаа дахин өссөн металлын төслүүд аж. Судалгааны байгууллагын мэдээллээр, цагаан алтны бүлгийн металл, алмазын хайгуул сүүлийн хорин жилийн турш буурах хандлагатай байсан. Саяхныг хүртэл ураных ч мөн адил. Гэхдээ өнгөрсөн сард нэг фунт шар нунтгийн үнэ 70 ам.доллар буюу сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд хүрч өссөний дараа ураны хайгуулын хөрөнгө оруулалт бараг 35 сая гаруй ам.доллароор нэмэгджээ. Цахилгаан хөдөлгүүр, салхин сэнс зэрэгт өргөн хэрэглэгддэг, цэвэр эрчим хүчний шилжилтэд чухал үүрэг гүйцэтгэх газрын ховор элементийн хайгуулын хөрөнгө оруулалт өнгөрсөн оныхоос 50 сая ам.доллароор нэмэгдсэн нь хүлээлтээс бага гэж судалгаанд тэмдэглэжээ.
Майнинг Инсайт сэтгүүл, №11 (024)