Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй Mining Insight-ийн Э.Мишээл ярилцлаа. Эрхэмсэг Элчин сайдын Монгол дахь томилолтын хугацаа дуусан эх орондоо буцаж байгаа юм. Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааны боломж, газрын тосны үйлдвэрийн хөрөнгө оруулалтын талаар ярилцсанаа уншигч танд толилуулж байна.
Юуны өмнө Эрхэм Элчин сайд Танд манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч, ярилцахыг зөвшөөрсөнд талархлаа илэрхийлье. Уламжлалын дагуу эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? Таныг Монгол Улсад анх ирж байсан үеийн сэтгэгдэл өнөөдрийнхтэй харьцуулахад өргөн дэлгэр болсон болов уу?
Урьж ярилцаж байгаад баярлалаа. Намайг М.П.Сингх гэдэг. Би Монгол Улсад Элчин сайдаар ирээд бараг таван жил болж байна. Энэ таван жил миний хувьд үйл явдал ихтэй, завгүй жилүүд байлаа. Монгол Улсад ажиллаж амьдарсан жилүүд миний амьдралын маш сонирхолтой үе байлаа. Харин Монгол Улсын талаар миний сэтгэгдлийг асуувал, ирэхээсээ өмнө ч би Монгол Улсад дуртай байсан, харин энд ирээд таван жил болсныхоо дараа эргээд харахад би Монголд үнэхээр хайртайгаа ухаарсан. Аугаа соёлтой, хүчирхэг, халуун дулаан зочломтгой ард түмэнтэйгээс гадна Энэтхэг Улстай онцгой харилцаатай. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа Хүннү гүрнээс эхтэй бөгөөд өдгөө хоёр мянган жил үргэлжилж байна. Хоёр орны түүхэн нөхөрлөл, оюун санаа, соёлын холбоос нь бидний хамтын өв уламжлалыг илтгэдэг бол стратегийн түншлэлийг Энэтхэг Улсаас хөрш бус улсад олгосон хамгийн том санхүүжилтээр хэрэгжиж буй бүтээн байгуулалт болох 1.236 тэрбум ам.долларын Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, цаашлаад Мэдээлэл, Харилцаа холбооны технологи & Аутсорсингийн төв, Кибер аюулгүй байдлын сургалтын төв, Англи хэлний 1000 багш бэлтгэх хөтөлбөр зэрэг ирээдүйд чиглэсэн олон ажлаар дүгнэж болох юм. Ирэхээсээ өмнө би Монголыг алс холын Чингис хааны нутаг гэж боддог байсан бол ирсэн хойноо гэрэлт ирээдүйтэй, ардчилсан нийгэмтэй, хурдтай өсөн хөгжиж буй чөлөөт эдийн засагтай, нөхөрсөг, халуун дулаан, найрсаг, оюунлаг, бүх талаараа хүчирхэг ард түмэн гэдгийг ойлгосон. Монголчууд хөөмий, биелгээ, морин хуур, наадам зэрэг өөрсдийн дахин давтагдашгүй язгуур соёлын өв, уламжлалаараа гайхуулдаг. Үүгээрээ хөрш зэргэлдээх орнуудын баялаг соёлын нөлөөнөөс ялгарч, онцгойрч чаддаг. Монголчуудын “гуравдагч хөрш”-ийн бодлогын концепц бүр ч биширмээр. Ерөнхийдөө би Монголыг хүчирхэг ардчилал, цэцэглэж яваа эдийн засагтай, гэгээлэг ирээдүйтэй ард түмэн гэж хардаг.
Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Монгол Улс бие биесээ оюун санааны хөрш орнууд гэдэг. Таны хувьд үүнийг юу гэж тодорхойлох вэ?
Монгол Улс бол Энэтхэгийн Дорнод дахь бодлогын чухал түнш. Бидний орчин үеийн харилцаа 4D багана дээр тулгуурлаж байна гэж тодорхойлж болно. Эхний “D” нь Dharma буюу Шашин, хоёр дахь “D” нь Democracy буюу Ардчилал. Гурав дахь “D” нь Development Partnership буюу Хөгжлийн Түншлэл. Дөрөв дахь нь Digital Development буюу Цахим хөгжил. Цаашлаад тав дахь “D” болох Defence Cooperation буюу Батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг сүүлийн жилүүдэд хөгжүүлж байна. Энэхүү 5D нь манай хоёр орны уламжлалт найрсаг харилцааны тулгуур багана бөгөөд “Оюун санааны холбоос” болон “Хөгжлийн Түншлэл” хамгийн чухал нь юм. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол оронд түүхэн айлчлал хийснээр хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшсэн. Энэ үеэр хэд хэдэн салбарыг хамарсан нийт 15 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурснаар эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн замналыг тодорхойлсон билээ. Бидний нөхөрлөлийг онцгой болгосон нэг зүйл бол Энэтхэг Улс дэлхийн бусад бүх улсаас урьтаж Монголд Ковид-19-ийн вакцин өгсөн билээ. Монгол Улстай оюун санаа, соёлын холбоосоо илүү гүнзгийрүүлэн бэхжүүлэх зорилгоор бид саяхан хэд хэдэн чухал ажил хийсний нэг нь “Бурхан багш” 55 ангит цуврал киног Монгол хэлэнд хөрвүүлж, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр 2020, 2021, 2022 онд нийт гурван удаа олны хүртээл болголоо. Дахин дахин гаргаж буй нь Монголчууд ямар их сонирхож байгааг харуулж байна. Үүнээс өмнө буюу 2019 оны зун Азийн Буддистуудын Энх тайвны Бага Хурал Гандантэгчэнлин хийдэд болсон бөгөөд Энэтхэгээс томоохон бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон. Дараагаар нь Энэтхэгийн Ерөнхий сайд Моди, Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэ нарын санаачилгаар зохион байгуулсан Хинду болон Буддын шашны Мөргөлдөөнөөс зайлсхийх яриа хэлэлцээг Гандантэгчэнлин хийдэд зохион байгуулсан. Цар тахлаас үл хамааран бид хоёр орны харилцааны тулгуур багануудын нэг болох оюун санааны холбоосоо бэхжүүлж чадсан. Та бүхэн мэдэж байгаа байх, одоогоор 600 гаруй Монгол ламхай нар Энэтхэгт суралцаж байна. Энэ нь хоёр орны соёлын харилцааг бэхжүүлэх нэг гүүр юм. Өнгөрсөн оны зургадугаар сард бид Бурхан багшийн ариун рэнсрэлийг авчирч Гандантэгчэнлин хийдэд 10 хоног залсан бөгөөд дунджаар 120 мянга гаруй сүсэгтэн олон Бурхан багшийн ариун рэнсрэлд хүндэтгэл үзүүлсэн. Мөн Бурхан багшийн ахлах шавь нар болох Сарипутра, Могаллана нарын ариун рэнсрэлийг авчрах талаар судалж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард 108 боть “Монгол Ганжуур” номыг 60 багц хэвлүүлэн Монголын хийдүүдэд гардуулан өглөө.
Цаашлаад Гандантэгчэнлин хийдэд буй Бурхны шашны 1 сая орчим гар бичмэл судруудыг цахим хэлбэрт оруулж, энэхүү ховор нандин өвийг ирээдүй хойч үедээ өвлөн үлдээхээр ажиллаж байна.
Энэ бүх ажлууд хоёр орны Бурхны шашны хамтын өвийг улам бэхжүүлэх ач холбогдолтой. Ирэх саруудад өөр хэд хэдэн санаачилга хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Бид Монгол Улстай энэхүү оюун санааны тулгуур баганаа бэхжүүлж, соёлын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж чадсандаа баяртай байна.
БНЭУ-аас Монгол Улсад оруулсан томоохон дэмжлэг бол яах аргагүй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд оруулсан хөрөнгө оруулалт. Сүүлийн байдлаар төслийн бүх дөрвөн багц ажлын гэрээ хариуцах эзэнтэй болсон. Энэхүү төслийн үр ашгийг юу гэж харж байна вэ?
Газрын тос боловсруулах үйлдвэрийн үр өгөөжийн талаар та асуулаа. Эрчим хүчний аюулгүй байдал ямар чухал вэ гэдгийг бүгд мэднэ. Энэ бол дэлхийн бүх улсад чухал асуудал. Энэтхэг Улсаас олгож буй 1.3 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймагт баригдаж буй Монголын газрын тос боловсруулах анхны үйлдвэр нь Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдалд шаардагдах тогтвортой экосистемийг бий болгох юм. Ингэснээр дотооддоо түлш, шатахуунаа үйлдвэрлэж, эрчим хүчний аюулгүй байдлаа хангаж, тээврийн зардалтай холбоотой сорилтууд, үнийн савлагаанд санаа чилээх шаардлагагүй болж, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоход хүчтэй түлхэц болох нь дамжиггүй. Хоёрдугаарт, уг үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай бөгөөд энэ нь Монголын эрчим хүчний хэрэглээний 75 орчим хувийг хангах юм. Тодруулбал, 824 мянган тонн дизель түлш, 339 мянган тонн шатахуун, нисэх онгоцны 80 мянган тонн түлш, 43,000 тонн шингэрүүлсэн хий, 47 мянган тонн керосин болон бусад дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд тээврийн зардал төлөхгүйгээр эрчим хүчний эх үүсвэрээ ашиглах боломж бүрдэнэ. Гуравдугаарт, Монгол Улс өөрсдөө газрын тос боловсруулснаар нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэг нөлөөтэй. Монгол Улс одоогоор уул уурхайд тулгуурласан эдийн засагтай. Эрчим хүчний бие даасан байдлыг бий болгосноор боловсруулах үйлдвэр Монголын эдийн засгийг улам эрчтэй тэлэх бололцоо бий болгоно. Монголын ДНБ-ийг 10 хувиар тэлнэ гэх тооцоог Монголын судлаачид гаргаад байгаа. Ажлын байрны хувьд шууд болон шууд бус олон мянган шинэ ажлын байр бий болно. Тэр дундаа Газрын тос боловсруулах үйлдвэр нь залууст илүү их боломж бий болгох нийгэм, эдийн засгийн бүтцийг бүтээнэ. Нэгдүгээрт, дотооддоо суралцах, хоёрдугаарт, гадаадад явж, суралцах шаардлагагүйгээр газрын тос боловсруулах үйлдвэрт инженер, техникийн ажилтнаар ажиллах боломжтой болох юм. Өөр нэг өгөөж нь Монголын Засгийн газарт гадаад валютын урсгалаас нэлээд хэмнэлт гарна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улс 700-800 сая ам.долларын түүхий газрын тос экспортолж, 1.2 тэрбум ам.доллартой тэнцэх шатахууныг өөр улсаас худалдаж авдаг. Тиймээс газрын тос боловсруулах үйлдвэр байгуулснаар жил бүр олон зуун мянган ам.доллар хэмнэнэ. Мөн энэхүү үйлдвэр төрийн өмчит компани учир Засгийн газарт орлого оруулах юм. Газрын тос боловсруулах үйлдвэрийн зарим нэг шууд үр өгөөжийг сая дурдлаа, уг үйлдвэр 2026 онд ашиглалтад орсноор эдийн засагт илүү олон өгөөж өгнө. Монгол Улс өөрийн түүхий нефтийг ашигласнаар дотоодын зах зээл дээрх шатахуун, дизель түлшний үнийг бууруулж, гадаадаас шатахуун тээвэрлэх зардал хэмнэгдэж улсын төсөвт нэмэлт орлого оруулах юм.
Монгол Улс өөрийн гэсэн газрын тос боловсруулах үйлдвэртэй болох гэж байгаа ч мэргэжлийн ажиллах хүчний дутагдалтай байна. Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тос боловсруулах эхний шатанд Энэтхэгийн мэргэжилтнүүд ирж ажиллах болов уу? Цаашид Монголын мэргэжилтнүүдийг чадавхжуулах тал дээр Энэтхэг улс юу хийх вэ?
Өмнө хэлсэнчлэн Газрын тос боловсруулах үйлдвэр бол Монголын эрчим хүчний аюулгүй байдлыг дэмжих зорилгоор Энэтхэг улсын хамтран хэрэгжүүлж буй мега төсөл. Мэдээж бид тохиролцсон хугацааны дагуу 2026 онд ашиглалтад оруулахыг зорьж байна. Монголын хувьд анхны газрын тос боловсруулах үйлдвэр тул Монголд мэргэжлийн боловсон хүчин, үйл ажиллагааг удирдан явуулах, засвар үйлчилгээг хариуцах бэлтгэгдсэн хүмүүс дутмаг байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд өнөөдрийн байдлаар тус үйлдвэрийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх Монгол инженер, техникчдийг сурган бэлтгэх төлөвлөгөөг боловсруулж, жил бүр Энэтхэгийн засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр Монголын 30 инженер, техникийн ажилтнуудыг Энэтхэгт сургаж байна. Эхний ээлжийн 25 мэргэжилтин 2019 онд Энэтхэгт суралцахаар очсон ч цар тахлын улмаас 2020 оны дундуур буцах хэрэгтэй болсон. Хоёрдугаар ээлжийн 20 гаруй техникч Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр Энэтхэгт суралцахаар аравдугаар сард явсан сайн мэдээг дуулгаж байгаадаа баяртай байна. Үүний гол зорилго нь зөвхөн үйл ажиллагаа, засвар үйлчилгээ, шат дамжлага, үйлдвэрлэлийн чиглэлээр сургалт явуулах бус, 200 гаруй Монгол инженер, техникийн ажилтнуудын нөөцийг бүрдүүлэх явдал юм. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход Энэтхэгийн Засгийн газар ажиллуулахгүй нь мэдээж. Үүнийг гаднын дэмжлэггүйгээр Монголын инженер, техникийн ажилтнууд ажиллуулж, засвар үйлчилгээг хийнэ. Иймээс дээрх тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 13-14 төрлийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн шат дамжлагын талаарх цахим сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Эдгээр бэлтгэгдсэн боловсон хүчин бидний хамтарсан бүтээн байгуулалтын төслийг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна.
Энэтхэгийн Засгийн газрын Монголд хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл Монголд ашигтай гэдгийг ойлгож байна. Нэмэлт зээлийг цаг алдалгүй шийдсэн. Ирэх онд инженер, хангамж, барилгын гурван байгууламжийг нэгэн зэрэг барихад шаардагдах 236 сая ам.долларын санхүүжилтийн хүсэлтийг Энэтхэгийн EXIM банк хэр хурдан шийдвэрлэх вэ? Гурван EPCийн санхүүжилтийн нөхцөл байдал ямар байна вэ?
Асуултын тань баримтыг залруулах нь зүйтэй байх. Учир нь Энэтхэгийн Засгийн газраас олгосон дүн 236 сая ам.доллар биш, харин 2017 онд Ковид цар тахлын өмнө боловсруулсан Газрын тос боловсруулах үйлдвэр барих нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл болон төсвийг үндэслэсэн Энэтхэгийн Засгийн газраас нийт 1.236 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгоод байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь дөрвөн багцаас бүрдэнэ. Одоогийн байдлаар EPC 1 багц ажлууд дууссан ба EPC 2, 3 нь 2023 оны дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд EPC 4-ийн гэрээ нь 2023 оны аравдугаар сард хийгдлээ. Гэвч цар тахлын дараах бэрхшээл, геополитикийн нөхцөл байдлын улмаас үүссэн нийлүүлэлтийн сүлжээний саатал, тээврийн зардал, материалын өртөг нэмэгдсэн зэргээс үүдэн Монгол Газрын Тос Боловсруулах Үйлдвэр (МГТБҮ)-ийн төслийн зардал анх тооцоолсноос нэмэгдсэн. Нэмэгдэж буй зардлыг аль болох бага хэмжээнд барьж, хязгаарлах талаар Энэтхэг, Монгол хоёр талууд хэлэлцэж байгаа ч МГТБҮ-ийн төслийн нийт өртөг нэмэгдэх нь дамжиггүй. Одоо хэрэгжиж байгаа МГТБҮ-ийн эхний 3 багц ажлын санхүүжилтийн талаар илүү сайн ойлгуулах үүднээс зарим мэдээллийг уншигчидтай хуваалцъя. EPC 1 багц ажлыг Энэтхэгийн JMC компани 99 хувь хийж гүйцэтгэсэн бөгөөд бэлэн болсон барилга байгууламж, дэд бүтцийг ирэх хоёр долоо хоногт багтаан Монголын газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК болон Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. EPC 2, 3-ын хувьд 2023 оны дөрөвдүгээр сард барилгын ажил эхэлсэн. Эдгээр гурван багц ажлууд нийлээд 1.236 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугамаар санхүүжиж байгаа. 2023 оны хоёрдугаар сард Монгол Улсын Сангийн сайдаас нэг тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах тухай тусгай хүсэлт ирүүлснийг БНЭУ-ын Засгийн газар онцгойлон хүлээн авч, 7 жилээр сунгаж баталсан. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар EPC 2 болон 3 багц ажлуудын зээлийн эргэн төлөлтийг 2030 оноос хийж эхлэх юм. Өөрөөр хэлбэл, МГТБҮ ашиглалтад орж, орлогын урсгал тогтворжсоны дараа Монголын тал зээлийн эргэн төлөлтөө эхлүүлэх боломжтой болж байгаа юм. Дээрх хөнгөлөлттэй зээлийн шугамаар EPC 1, 2, 3 багцуудыг санхүүжүүлээд үлдэж буй 236 сая ам.доллараар Монгол Улсын Засгийн газар уг төслийн эцсийн шат болох EPC 4-ийг эхлүүлэхээр шийдвэр гаргасан ба EPC 4-ийг дуусгахад шаардлагатай нэмэлт санхүүжилтийг Энэтхэгийн Засгийн газраас хүсэхээр төлөвлөж байгаа.
Энэтхэг бол өндөр технологи, цахилгаан бараа, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл гэхчлэн аж үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүлэгч орнуудын нэг. Үүнд шаардлагатай лити, кобальт, никель, зэс, манган зэрэг чухал ашигт малтмалыг импортоор авдаг. Харин Монгол Улсад эдгээр түүхий эдийн нөөц боломж бий. Энэтхэгээс уул уурхайн хайгуул, олборлолтод хөрөнгө оруулах боломж бий юу? Та үүнийг хэрхэн харж байна вэ?
Монгол Улс бол уул уурхайн салбар давамгайлсан эдийн засагтай орон. Эдийн засгийн нийт 80 орчим хувийг уул уурхай, уул уурхайтай холбоотой салбарууд бүрдүүлдэг.
Тийм ээ, БНЭУ Монгол Улстай, ялангуяа чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллахдаа таатай байх болно.
Цаашлаад эдийн засгийн шинэ тогтолцоог бэхжүүлэх хоёр зүйл бол технологи, чухал ашигт малтмал юм. Монгол Улс маш прагматик хандлагатай байгааг ажигласан. Монгол Улс Францтай ураны гэрээ байгуулах гэж байна. Мөн АНУ-тай чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Мөн ховор элементийн хайгуулын чиглэлээр БНСУ-тай хоёр талт гэрээ байгуулсан. Монгол Улс нүүрс, зэс, никель, газрын ховор элементийн ихээхэн нөөцтэй гэдгээрээ алдартай. Чухал ашигт малтмал болон уул уурхайн салбарт хамтран ажиллах яриа хэлцлүүдийг урагшлуулахын тулд манай ЭСЯ Энэтхэгийн томоохон төлөөлөгчдийг урьж авч ирсэн. Энэтхэгийн Хиндустан Коппер Лимитед (HCL), Үндэсний Ашигт Малтмалын Хөгжлийн Корпорац, Уул Уурхайн Яамны өндөр албан тушаалтнууд “MINEX 2023” үзэсгэлэнд түнш орны хувиар, “Уул уурхайн долоо хоног 2023” арга хэмжээнд тус тус оролцсон. Бид мөн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой тодорхой чиглэлүүдийг тодорхойлсон бөгөөд үүнд зэс, кобальт, никель, жонш, байгалийн ховор элементүүд багтсан байгаа. Тиймээс бид эдгээр яриа хэлэлцээрүүдийг урагшлуулах хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн УУХҮЯ Энэтхэгийн талтай хамтарсан ажлын хэсэг байгуулсан ба дээрх санаачилгыг ажил хэрэг болгохын тулд Монгол Улстай уул уурхайн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах боломжийг судалж байна
Эндээс нэг зүйлийг асуухгүй орхиж болохгүй нь. Монголын экспортын гол бүтээгдэхүүн бол нүүрс, тэр дундаа коксжих нүүрс. Энэтхэг бол дэлхийн хамгийн том коксжих нүүрсний импортлогчдын нэг. Энэ салбарт хоёр орон хамтран ажиллах ямар боломж байгаа вэ?
Таны зөв, Монгол Улсын талаар ярихад 3C буюу экспортын гурван гол бүтээгдэхүүн болох нүүрс (coal), зэс (copper), ноолуур (cashmere), дөрөвт нь алт хамгийн түрүүнд бодогддог. БНЭУ-ын хувьд хамтын ажиллагаагаа 3C-ийн нэг болох коксжих нүүрсний салбарт өргөжүүлэн тэлэхээр эрмэлзэж байгаа. Монгол Улс коксжих нүүрсийг Энэтхэг Улс руу экспортлох боломжийн талаар хоёр тал 2019 оноос хойш хэлэлцэж буйг хуваалцахад таатай байна. Гэхдээ коксжих нүүрсний экспорт тээврээс ихээхэн хамааралтай салбар. Хамгийн гол нь Энэтхэгт буух коксжих нүүрсний үнэ чухал. Бусад улсаас ялгаатай нь Монгол Улсаас Энэтхэг руу хийх коксжих нүүрсний тээвэрлэлт гол сорилт болж байгаа юм. Тээвэрлэлтийн тулгамдсан асуудлуудыг харилцан ашигтай байдлаар шийдвэрлэх боломжийг эрэлхийлж бид Тавантолгой болон Энэтхэгийн тэргүүлэгч гангийн компани болох Steel Authority of India Limited (SAIL) хооронд шинэ санаачилга эхлүүлсэн. Үүнийг мөн TATA Steel, Jindal Steel болон RINL төрийн өмчит компани дэмжиж байгаа. Бид цар тахлын үед ч гэсэн Монголын коксжих нүүрсний дээжийг Энэтхэгийн лабораторид шинжлүүлэхээр илгээж, гангийн үйлдвэрлэлийн коксжих үйлдвэрлэлд ашиглах боломжтой эсэхийг судалсан. Урьдчилсан байдлаар Монголын нүүрсийг Энэтхэгийн гангийн үйлдвэрт ашиглахад тохиромжтой гэж үзэж байгаа. Мэдээж хэрэг өөр үзүүлэлтүүдийг анхаарч үзэх шаардлагатай. Тэр ч үүднээс эдгээр асуудлыг шийдвэрлэх, нүүрсний дараагийн шатны судалгаануудыг урагшлуулах зорилгоор Монголын УУХҮЯ, Энэтхэгийн Нүүрсний Яам хооронд хоёр удаагийн уулзалт зохион байгуулсан. Үнэндээ Монголын коксжих нүүрс бидний сонирхлыг татаж байгаа ч техникийн үзүүлэлтүүд, олон улсын тээвэрлэлтийн зардал, маршруттай холбоотой зарим нэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байна. Учир нь Монголын коксжих нүүрс Энэтхэгт буухдаа зах зээлд өрсөлдөхүйц үнэтэй байх ёстой. Одоогийн байдлаар тээвэрлэх маршрут аль нэг улсаар дамжин гарах шаардлагатай байгаа ба зарим нэг бэрхшээлийг дагуулж байгаа. Иймд бид Монголын коксжих нүүрсийг технологи, арилжаа талаас нь илүү судалж байгаа бөгөөд хамтарсан ажлын хэсэг үүнийг урагшлуулахаар ярилцаж байна.
Та Элчин сайдын бүрэн эрхийн хугацаандаа Энэтхэг, Монголын харилцааг цаашид ямар салбарт хөгжүүлэх шаардлагатай гэж харав? Нөгөөтээгүүр, Монгол Улсаас БНЭУ-д хийх худалдааны боломж юу байх вэ?
Таван жил орчмын өмнө Монголд ирэхэд хоёр орны худалдаа 34 сая ам.доллароор хэмжигдэж байсан. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт гурав дахин нэмэгдэж, 90 сая ам.доллар давлаа. Энэ бол хоёр орны худалдаа, арилжаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн хэмжүүр гэж харах нь зүйтэй. Яамны зүгээс Энэтхэг, Монголын хоёр талт худалдааг улам тэлэх зорилгоор 3-T гэх санаачилгыг нэвтрүүлсэн. Эхний “Т” нь худалдаа (Trade), хоёрдох нь технологи (Technology), гуравдах нь аялал жуулчлал (Tourism). Өнгөрсөн 4 жилд хоёр талт эдийн засгийн харилцаа сайжрахад энэ гурван салбар ихээхэн жин дарсан. Эрүүл мэндийн шалтгаанаар виз хүсэгчдийн тоо 3 дахин өссөн бөгөөд одоогоор ЭСЯ сар бүр дунджаар 35 орчим виз олгож байна. Сүсэгтэн олонд зориулсан аялал жуулчлал ч мөн адил эрчимтэй хөгжиж буй бөгөөд “Хүннү Эйр” компани шууд нислэг үйлдэж эхэлснээс хойш сүүлийн гурван жилд Энэтхэг рүү 20 гаруй захиалгат нислэг үйлдээд байна. БНЭУ-тай Монгол Улс визний хураамжгүй тул Энэтхэгчүүд олноороо виз мэдүүлж буйг дуулгахад таатай байна. Технологийн салбар дахь хамтын ажиллагааг улам бэхжүүлэх үүднээс манай ЭСЯ-наас анхааран хэрэгжүүлж буй нэг чухал ажил бол Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд Мэдээлэл, Харилцаа Холбооны технологи, Аутсорсингийн төвийг байгуулахад нь дэмжлэг үзүүлж, БНЭУ 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоод байна. Хиймэл оюун ухаанаас эхлээд компьютерын системийг ашиглах, хөгжүүлэх, квант аналитик, том өгөгдөл, программ хөгжүүлэх анхан шатны курс хүртэлх 16 төрлийн сургалт явуулах боломжтой байх юм. Эдгээр сургалтын хөтөлбөр нь Монгол хэл дээр байх ба Монгол Улсын IT салбарын хэрэгцээг хангах мэргэжлээр дотооддоо буюу Улаанбаатар хот дахь ШУТИС-д суралцан эзэмших боломж бүрдэх юм. Энэхүү сургалтын төв нь ирэх жил үүд хаалгаа нээнэ гэж найдаж байна. Мөн тус төв нь 600 BPO (Бизнесийн үйл ажиллагааны аутсоурсинг)-ийн орон тоотой болох бөгөөд ингэснээр тус төв нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, тогтвортой ажиллахын зэрэгцээ технологийн салбарт Монгол Улсад шинэ ажлын байр бий болгох юм. Мөн Энэтхэгийн буцалтгүй тусламжаар санхүүжсэн Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн харьяа Кибер аюулгүй байдлын сургалтын төв 2022 оны аравдугаар сард нээлтээ хийсэн. Энэ 2023 онд Энэтхэгийн Засгийн газраас олгож буй бакалавр, магистрын бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт 30 орчим Монгол оюутныг хамрууллаа. Мөн Зайсанд 1000 гаруй хүүхдэд олон улсын боловсролыг Монгол дахь өртгөөр эзэмшүүлэх Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургуулийг барихаар гэрээ байгуулсандаа баяртай байна. Уул уурхайн бус салбар, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн бол Монголд асар их нөөц бололцоотой салбар гэж би боддог. Монгол Улс 70 сая гаруй толгой малтай гэдгийг та мэднэ. Гэвч Монгол сүүг арилжааны зориулалтаар дорвитой ашиглахгүй байгаа тул дэлхийн хамгийн том сүү үйлдвэрлэгч Энэтхэг улстай хамтран ажиллах механизмыг бий болгох санаа байгаа. Энэтхэгийн сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэсний зөвлөл ч мөн хамтран ажиллаж, технологи, туршлага хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Энэтхэгийн AMUL буюу Энэтхэгийн хоршооллын нийгэмлэг бол хамгийн том сүү үйлдвэрлэгч хоршооллын нэг. Бид үүнийг Монголд нутагшуулж, Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэрхэн дэмжиж хамтран ажиллах талаар судалж байна. Эмийн үйлдвэрлэл мөн ирээдүйтэй салбар. Энэтхэг улс нь өргөн хэрэглээний эм үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч бөгөөд элэгний хорт хавдар, хорт хавдрын оношилгоо, эмчилгээ гэх мэт зах зээлд өндөр үнэтэй эмийг Монголд үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулж, Монголын эм үйлдвэрлэлийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх боломжтой. Энэ чиглэлд дуртайяа хамтран ажиллах болно. Монгол Улс Хархорин, Хөшгийн хөндийд хоёр шинэ хот хөгжүүлэхээр төлөвлөөд байна. Бид Энэтхэгт 100 гаруй ухаалаг хот байгуулж байгаа учраас дэд бүтэц хөгжүүлэлтийн тал дээр хамтран ажиллах боломжтой. Дэлхий дахин сэргээгдэх эрчим хүчний салбарт анхаарлаа хандуулж байгаа энэ үед жилийн 300 орчим хоног нартай, нарны эрчим хүч үйлдвэрлэх асар их хүчин чадалтай Монгол Улс энэ чиглэлд хоёр талт хамтын ажиллагааг хөгжүүлж бас болох юм. Бас нэг салбар нь дээд боловсрол, англи хэл байж болно. Монгол Улсын Засгийн газар англи хэлийг ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын хөтөлбөрт нэмэхээр шийдвэрлэсэн тухай мэдээлэл саяхан гарсан. Англи хэлээр ярьдаг хүн амын тоогоор Энэтхэг Улс тэргүүлдэг гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэгэхээр энэ нь Монгол Улсыг чадавхжуулахад тус дөхөм болох нэг чиглэл гэж би бодож байна. Бид Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран Монголын англи хэлний 1000 багш нарыг бэлтгэх төслийг эхлүүлсэн. Ойрын өдрүүдэд үүнийг ажил болгоно гэдэгт итгэлтэй байна. Энэтхэгийн бүтэн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд бид богино болон дунд хугацааны 200, урт хугацааны 50-60 тэтгэлгийг жил бүр олгодог бөгөөд хүссэн салбартаа суралцаж, мэргэших боломжийг олгодгоороо онцлог. Энэтхэг, Монголын харилцааг бэхжүүлэх их зүйл хийгдсэн хэдий ч цаашид хийх зүйл олон байна. Манай хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаа үүнээс ч илүү өндөрлөгт хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Майнинг Инсайт сэтгүүл Арваннэгдүгээр сар 2023, №11 (024)