2023 он: Зэс, нүүрсний олборлолт дээд хэмжээнд хүрэв

С.БОЛД-ЭРДЭНЭ

bolderdene@mininginsight.mn

Өнгөрсөн онд Монголын уул уурхайн салбар ихээхэн олзтой байсан. Харин дэлхийн бусад улсуудын хувьд харилцан адилгүй өнгөрчээ. Ногоон ирээдүйн гол түүхий эд гэгдэх болсон зэсийн олборлолт дээд хэмжээндээ хүрсэн бол нүүрс ч мөчөөгөө өгсөнгүй. Дэлхийд тэргүүлдэг Чилийн зэсийн олборлолт буурсан, Хятадын нүүрсний аварга хэрэглээ улам бүр тэлсэн ч компаниудынх нь ашиг буурсан, батарейн түүхий эдүүдийн үнэ унаж, гол компаниуд нь 30 гаруй тэрбум ам.долларын үнэлгээгээ алдсан, алтны олборлолтоор тэргүүлэгч 6 улсын олборлолтын хэмжээ буурсан гээд 2023 онд эрдсийн салбарт харилцан адилгүй өнгөрөв.

ЗЭС: ПЕРУ ЦОЙЛОВ

2023 онд уурхайчдад хамгийн их ашиг өгсөн, хамгийн их хөрөнгө татсан, бас багагүй төвөг удсан металл бол зэс юм. Өнгөрсөн онд зэсийн олборлолт 22.6 сая тонн болж нэмэгджээ. Гэхдээ тодорхой шалтгаануудын улмаас гол олборлогч орнуудын зэсийн гарц буурсан байна. Тухайлбал олборлолтоор тэргүүлэгч Чили, АНУ, Индонез, Канад, хэрэглээгээр тэргүүлэгч Хятад улсын зэсийн олборлолт буурчээ. Дэлхийн том уурхайнуудад зардал өссөн, техникийн асуудал гарсан, хүдрийн агуулга буурсан гээд их, бага хэмжээний асуудлууд тулгарсан нь үйлдвэрлэлийн гарц буурахад нөлөөлсөн байна. Тухайлбал АНУ-ын Bingham Canyon уурхайд түүхэнд байгаагүй их хэмжээний цас орсон, мөн техникийн саатлын улмаас хүчин чадлаа бууруулсан зэрэг нь нөлөөлсөн байна. 

Тус уурхай олборлолтын хэмжээгээр дэлхийд дээгүүр жагсдаг том уурхай. Үүнээс гадна АНУ төдийгүй дэлхийн томоохон хэд хэдэн уурхайн хүдэр дэх зэсийн агуулга буурсан, төлөвлөгдөөгүй засвар үйлчилгээ зэргээс түр зогссон, хүчин чадлаа бууруулсан гээд асуудлууд хөвөрч байна. Чилийн зэсийн үйлдвэрлэл Ковидоос хойш сэргэхгүй байна. Өнгөрсөн онд 5.33 сая тонн зэс олборлосон нь 2.3 хувиар буурсан дүн. 2019 онтой харьцуулахад 10 гаруй хувиар буураад байгаа юм. Тус улсын томоохон уурхайнуудын зэсийн агуулга буурч, зардал өсөж байгаа болохоор одоо ашиглаж буй ил уурхайнуудыг гүний уурхай болгон өөрчлөх ажил үргэлжилж байгаа. Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч “Коделко”-гийн үйлдвэрлэл бараг 100 мянган тонноор буюу 8 хувиар буурч, 1.3 сая тонн болсон байна. Тус компани 2017 онд 1.73 сая тонн зэс үйлдвэрлэж байсан нь түүхэн дээд хэмжээ нь юм. Түүнээс хойш зэсийн үйлдвэрлэл нь аажмаар буурсаар байгаа бөгөөд ойрын жилүүдэд буцан өсөж, 2030 он гэхэд 1.7 сая тонн зэс олборлох болно хэмээн Гүйцэтгэх захирал Ruben Alvarado мэдэгдсэн байна. Дэлхийн томоохон зэс үйлдвэрлэгч улсуудын үйлдвэрлэл буурсан бол харин Перу, Конго, Монгол зэрэг улсын үйлдвэрлэл өссөн байна. Перу улсын олборлосон зэс 2.75 сая тонн болж, 12.7 хувиар өссөн нь тус улсын түүхэн дээд үзүүлэлт болжээ. Перугийн ихэнх том уурхайнуудын олборлолтын гарц нэмэгдсэн. Мөн өнгөрсөн онд үйлдвэрлэлийн шинэ шатанд гарсан Камоа Какула, Оюутолгойн үйлдвэрлэл 7-15 хувиар өссөнөөр БНАКонго, Монгол Улсын зэсийн үйлдвэрлэл өсжээ. Дэлхийн, тэр дундаа Хятадын аж үйлдвэрлэл нэгдүгээр сараас сэргэж эхэлсэн хэмээн тодорхой индикаторууд зааж байна. Мөн инфляцын түвшин буурах хандлагатай байгаа, Хятад улс сэргээгдэх эрчим хүчний технологид 890 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гээд зэсийн хэрэглээг дэмжиж эерэгээр нөлөөлөх хандлага давамгайлж байна. Роберт Фрийдланд тэргүүтэй салбарын гол үйлдвэрлэгчид уламжлал ёсоор Хятадын эрэлтэд итгэсэн хэвээр байна. Хэдий зэсийн гол хэрэглэгч болсон Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар асуудалтай байгаа ч цэрэг, батлан хамгаалах салбарын эрэлт нөхөх болно хэмээн үзэж байна. Өнгөрсөн онд Хятадын импортолсон зэсийн хүдэр болон баяжмалын хэмжээ 27.5 сая тонн болж, 9 хувиар өсжээ.

ГАН: ЕВРОП БУУРЧ, ЭНЭТХЭГ ӨСӨВ

Дэлхийн гангийн ассоциацын мэдээлснээр дэлхийн гангийн үйлдвэрлэл 2023 онд 0.1 хувиар буурч, 1 тэрбум 888 сая тонн болжээ. Европын Холбооны үйлдвэрлэлийн хэмжээ буурч, Энэтхэгийн үйлдвэрлэл огцом өссөн нь өнгөрсөн жилийн гангийн салбарын гол онцлог байлаа. Дэлхийн хамгийн их ган үйлдвэрлэгч Хятадын гангийн үйлдвэрлэл өнгөрсөн онд 1 тэрбум 19 сая тонн болж, өмнөх оноосоо өөрчлөгдсөнгүй. 2022 онд буурч байсан үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн онд тогтвортой байсан нь сайн мэдээ хэмээн шинжээчид дүгнэж байна. Тус улсын үл хөдлөхийн салбарын хямрал гангийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлнө гэх болгоомжлол одоо ч байсаар байна. Үл хөдлөхийн салбар тус улсын гангийн хэрэглээний 60 орчим хувийг хэрэглэдэг. 

2023 онд тус салбарын гангийн хэрэглээ 4.8 хувиар буурч 506 сая тонн болсон байж магадгүй гэсэн урьдчилсан таамаглал гарчээ. Үндсэндээ Хятадын дотоодын гангийн эрэлт ч бууралттай хэвээр байна. 2023 онд 890 сая тонны хэрэглээтэй байгаа нь үйлдвэрлэлийн ихээхэн илүүдлийг бий болгож байна. 2024 онд ч эрэлт хумигдах төлөвтэй байгаа бөгөөд 875 сая тонн болж 4 хувиар буурах магадалтай хэмээн China Metallurgical Industry Planning and Research Institute-ээс мэдээлсэн байна. Хэдийгээр дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь хэрэглээг дэмжих ч үл хөдлөхийн алдагдлыг нөхөж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Харин Энэтхэг улсын гангийн үйлдвэрлэл 11.8 хувиар өсөж, 140.2 сая тонн боллоо. 2020 онд 99 сая тонн ган үйлдвэрлэж байсантай харьцуулахад гурван жилд 40 гаруй хувиар үйлдвэрлэл нь өсөөд байна. Үндсэндээ Энэтхэгийн үйлдвэрлэлийн өсөлт Европын холбооны бууралтыг нөхөж байна. Тус улсын гангийн эрэлтийн өсөлт ДНБий өсөлтөөс давж байгааг судлаачид онцолсон. Өнгөрсөн санхүүгийн жилд гангийн эрэлт 120 сая тонн болсон бөгөөд энэ нь сонгуулийн жилийн дэд бүцтийн хөрөнгө оруулалттай шууд холбоотой хэмээн үзэж байна. 24 оны санхүүгийн жилд Энэтхэгийн Засгийн газар дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа 33 хувиар өсгөж, 10 их наяд рупи болгосон. Дунд хугацаанд гангийн эрэлт тогтвортой өснө хэмээн тус улсын гангийн том хоёр үйлдвэрлэгч JSL болон Tata Steel үзэж байна.

НҮҮРС, ТӨМРИЙН ХҮДРИЙН ОЛБОРЛОЛТ НЭМЭГДЖЭЭ

Дэлхийн нүүрсний олборлолтын нийт хэмжээ хараахан гараагүй байна. GlobalData –гийн тооцоолсноор 2023 онд 8.9 тэрбум тонн болно гэжээ. Орос-Украйны дайнаас хойш нүүрсний хэрэглээ, олборлолт эргэн нэмэгдэх болсон. Энэ нь ихэвчлэн эрчим хүчний нүүрсэнд хамааралтай юм. Өнгөрсөн жилийн хувьд нүүрсний олборлогч улсуудын хувьд ихээхэн одтой жил байсан гэхэд болно. Олборлолтын хэмжээ өсөж, экспорт ч нэмэгдсэн байна. Монгол ч тэдний нэг. 

Дэлхийн нүүрсний хамгийн том олборлогч Хятадын нүүрсний олборлолт 2023 онд 4.66 тэрбум тонн болж 2.9 хувиар өслөө. Шаньси (1.36 тэрбум тонн) болон Өвөр Монголын (1.21 тэрбум тонн) нүүрсний олборлолт тус улсын нийт олборлосон нүүрсний 55 хувийг бүрдүүлж байна. Мөн тус улс өнгөрсөн онд 474.4 сая тонн нүүрс импортолсон нь 61 хувиар өссөн дүн юм. Үүнээс коксжих нүүрсний импорт 100 сая тонн болж, өмнөх онтой харьцуулахад 60 хувиар өслөө. Индонезээс авах нүүрсний импорт 220.2 сая тонн болж, 29 хувиар, ОХУ-ын импорт 102.1 сая тонн болж, 50 хувиар, Монголын импорт 70 сая тонн болж 100 гаруй хувиар, Австралийн импорт 52.5 сая тонн болж тус тус өссөн байна. Өөрөөр хэлбэл Хятадын нүүрсний хэрэглээ улам бүр тэлсээр байна гэсэн үг. Харин үүний нөгөө талд Хятадын нүүрсний компаниудын ашиг, орлогын хэмжээ ихээхэн буурчээ. Хятадын нүүрсний уурхай, угаах үйлдвэрүүдийн ашиг 763 тэрбум юань буюу 106.2 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь өмнөх оноосоо 25 хувиар буурсан дүн. Өнгөрсөн онд Хятадын уул уурхайн салбарын ашгийн хэмжээ бүхэлдээ бууралттай байв. Нийт уул уурхайн салбарын орлого 6.1 их наяд юань буюу 847 тэрбум ам.доллар болж 8.6 хувиар, ашиг нь 1.2 их наяд юань буюу 167 тэрбум ам.доллар болж 20 хувиар тус тус буурчээ. Инфляц болон зардал өссөн нь ашиг, орлого буурахад голлон нөлөөлсөн хэмээн шинжээчид үзэж байна. Энэтхэг улс түүхэндээ анх удаа нэг тэрбум тонн давсан нүүрс олборлов.

Өмнөх оноос 11 хувиар өссөн тус улсын нүүрсний олборлолт 1.01 тэрбум тонн болсон байна. Мөн Индонез улсын нүүрсний олборлолт дээд хэмжээндээ хүрч, 775.2 сая тонн болжээ. Нүүрсний олборлолтоор тэргүүлэгч гурван улсын олборлолтын хэмжээ өнгөрсөн онд өссөн нь дэлхийн нүүрсний олборлолтыг өсөхөд нөлөөлөв. Харин Австрали, Америк, Орос, Өмнөд Африк зэрэг улсын олборлолтын хэмжээ 1-2.1 хувиар буурчээ. Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн улс нь Монгол. Нийт 81 сая тонн нүүрс олборлосон нь 118 хувийн өсөлт юм. Харин төмрийн хүдрийн өнгөрсөн оны нийт олборлолт тодорхой болоогүй байна. Statista.com-н тооцоолсноор өнгөрсөн онд 2.5 тэрбум тонн төмрийн хүдэр олборлосон байж магадгүй байна. Төмрийн хүдрийн олборлолт харьцангүй тогтвортой байгаа юм. Австрали улс төмрийн хүдрийн олборлолт, эксортоор тэргүүлэгч. Тус улс 2023 онд 960 сая тонн төмрийн хүдэр олборлосон байж магадгүй байна. Түүний дараа Бразил улсын төмрийн хүдрийн олборлолт 410.2 сая тонн болж, 3.4 хувиар өссөн бол экспорт нь 380 сая тонн болж 10 хувиар өсжээ. Үүний 243 сая тонныг нь Хятад руу экспортолсон байна. Энэтхэг улсын төмрийн хүдрийн олборлолт 14 хувиар өсөж, 282 сая тонн боллоо. Энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр хэмжээ юм. Уг үзүүлэлтээр тус улс Австрали, Бразил, Хятадын дараа дөрөвдүгээрт жагсаж байна. Харин төмрийн хүдрийн хамгийн гол хэрэглэгч Хятад улсын олборлолт 280 гаруй сая тонн байж болзошгүй байна. Тус улсын хувьд олборлолтоосоо илүү импортын төмрийн хүдэр хэрэглэгч. Хятадын төмрийн хүдрийн импорт өнгөрсөн онд 1.18 тэрбум тонн болж, 6.6 хувиар өссөн байна. 2020 онд гангийн үйлдвэрлэлд хязгаар тогтоосноос хойш анх удаа төмрийн хүдрийн импорт өсөж байгаа нь энэ юм.

Майнинг Инсайт сэтгүүл, Хоёрдугаар сар, 2023 №2 (027)