АНУ-ын татварын хариуд Хятад ГХЭ-ийн экспортын хяналтаа дахин чангатгалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын ихэнх бараанд ногдуулах татварыг 54 хувь хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргасны дараа Бээжин барууны орнуудад нийлүүлдэг газрын ховор зарим металлын экспортын хяналтаа чангатгахаа (2025.04.04) зарлалаа. Зэр зэвсэг, электрон барааны үйлдвэрлэлд ашиглагддаг металлуудтай холбоотой энэ шийдвэр нь зөвхөн АНУ гэлтгүй бүх улс орнуудад хамаарах аж.

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн мэдээнд дурдсанаар, самари, гадолини, терби, диспрози, лютеци, скандий, иттриум зэрэг газрын ховор элементийн долоон ангиллыг дөрөвдүгээр сарын 4-нөөс эхлэн экспортын хяналтын жагсаалтад оруулахаар болжээ. 

Бээжингийн мэдэгдэж ирсэн тус алхам нь дэлхийн хамгийн том хоёр эдийн засагтай гүрний худалдааны хурцадмал байдлыг улам гүнзгийрүүлж, Америкийн үйлдвэрлэгчид чухал ашигт малтмалын шинэ хангамжийн эрэлхийлэх эрсдэл үүсэж байгааг шинжээчид онцолжээ. 

Хятад улс батлан хамгаалах, цахилгаан машин, эрчим хүч, электроникийн үйлдвэрлэлд ашиглагддаг 17 элементээс бүрддэг ГХЭ-ийн дэлхийн 90 орчим хувийг үйлдвэрлэдэг. АНУ-ын тухайд одоогоор нэг л уурхайгаас ховор металл олборлож байна. Тус улс энэ төрлийн металлын хэрэглээний ихэнх хувийг Хятадаас импортолдог.  

Lockheed Martin, Tesla болон Apple нь Хятадын газрын ховор элементийг ханган нийлүүлэлтийн сүлжээндээ ашигладаг АНУ-ын компаниуд юм. Америкийн Rare Earths компани Вайоминг мужид ГХЭ-ийн шинэ уурхайг 2029 он нээхээр төлөвлөжээ. 

Хэдийгээр Хятадын газрын ховор элементийн экспортын хяналтаа чангатгасан байдал хоригт хүрээгүй байгаа ч нийлүүлэлтийн хэмжээг хязгаарлаж байна. Энэ нь АНУ-ын хөлөг онгоцны зарим үйлдвэрлэгчдийн санааг зовоож буй бөгөөд тэд зөвхөн Хятадаас тусгай зориулалтын металл худалдаж авдаг. АНУ-ын Засгийн газар газрын ховор металлыг нөөцөлдөг ч батлан хамгаалах салбарын үйлдвэрлэгчдийг тодорхойгүй хугацаагаар хангахад хүрэлцдэггүйг шинжээчид тайлбарлаж байна. 

Өнөөгийн байдлаар Хятад улс газрын ховрын гурван төрлийн металлын АНУ-д экспортлохыг шууд хориглож, бусад металлын экспортод хяналтыг чангатгаад байгаа аж.