Баянхөндий: Өндөр агуулга, өндөр эдийн засгийн үр ашигтай алтны шинэ уурхай ашиглалтад орлоо

Э.МИШЭЭЛ

Дэлхийн хамгийн өндөр агуулгатай алтны ил уурхайн нэг болох Баянхөндийн орд өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орж, албан ёсоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэл­лээ. Энэхүү алт цутгалтын үйл ажиллагаа нь ордын өндөр агуулга илэрснээс хойш 10 жил, ТЭЗҮ батлагдсанаас хойш таван жилийн дотор үйлдвэрлэлд шилжсэн томоохон төсөл болж байна.

Баянхөндийн олборлолт энэ оны IV улирлаас тогтворжиж, Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд тодор­хой хувь нэмэр оруулахаар төлөвлөгдсөн байна. Энэ нь дэлхийн зах зээлд алтны үнийн оргил мөчлөгтэй давхцаж байгаагаараа онцлог юм. Оны эхнээс хойш унц алтны үнэ 2,600 ам.доллароос 4,000 ам.доллар хүртэл өссөн бол, 10 дугаар сард үнэ оргилдоо хүрч 4,300 ам.долларыг давжээ. Энэхүү өндөр өсөлтийн мөчлөгт Баянхөндийн шинэ уурхай ашиглалтад орсноор олборлолт, үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхээс гадна экспортын орлого, ажлын байр болон бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээр байна.

Баянхөндий төслийг “Эрдэнэ Ресурс” ХХК эзэмшдэг бөгөөд Хар морь ордын нөөцийг багтаасан дунджаар 4.0 гр/тн агуулга бүхий 513 мянган унц алт тогтоогдсон. Тус компанийн нийт төслийн хүрээг Хөндий эрдсийн дүүрэг гэж нэрлэдэг. Энэ дүүрэгт   Баянхөндий, Хар морин дэл, Алтан нар зэрэг орд, Улаан, Хар морь зэрэг хэтийн төлөв бүхий талбай болон Зуун мод молибдени, зэсийн төсөл багтаж байна.  

Баянхөндий төслийн нарийв­чилсан ТЭЗҮ-д тусгаснаар жилд 650 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай ил уурхай, олборлох боломжтой хэмжээ 4 сая тонн, хөрс хуулалтын харьцаа 10.9:1 (тонн хаягдал: тонн үйлдвэр тэжээх хүдэр) байхаар тооцжээ. Хүдрийн дийлэнх хэсэг нь газрын гадаргаас доош 100 метрийн гүнд байна. 

Хүдэр боловсруулах үйлдвэр Баянхөндийн ил уурхайтай зэрэг­цээ баригдахаар төлөвлөсөн. Овоолгын хүдрийн материалыг уламжлалт буюу бутлах, тээрэмдэх, баяжуулах, нүүрстэй уусгах технологиор алтыг ялгах байдлаар боловсруулна. Өдөрт 1935 тонн, жилд 650 мянган тонн хүдэр боловсруулж, металл авалт 92.6 хувьтай байна. 2023 оны нарийвчилсан ТЭЗҮ-ээр тус уурхай бусад төрлийн ижил уурхайгаас бага зардалтай буюу эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай байхаар тооцоолжээ. 

Тэгвэл Баянхөндийн ТЭЗҮ батлагдсанаас хойш таван жилд анхны цутгалт хийгдсэн бол Хөндий эрдсийн дүүргийн бусад талбайд юу болж байна вэ? 

Хар морь хэтийн төлөв бүхий талбай нь Баянхөндий ордоос 2.4 км зайд байрладаг, 2021 онд өрөмдлөг хийснээр өндөр агуулга бүхий исэлдсэн биет байгааг тодорхойлсон. Өнгөрсөн онд геологи, геохимийн судалгааны дүнд 163 чулуулгийн дээжлэлт хийж, хэд хэдэн өндөр агуулга бүхий алтны хүдэржсэн бүсүүдийг тодорхойлжээ. Алтны 35.7 гр/тн агуулгын дээж, 50.0 гр/тн мөнгөний агуулгаас гадна аномаль хар тугалга, молибдени, сурьмагийн дээжүүдийг огтолсон нь тус бүс нутаг дундаас дээш сульфиджилт бүхий орчин байх боломжтой байна. 2025 онд суваг малталт, өрөмдлөгийн хөтөлбөрийг гүйцэтгэж, өмнөх ажлыг үргэлжлүүлэн зүүн зүгт зэрэгцээ структурыг судлахаар болжээ. 

Улаан тусгай зөвшөөрлийн талбай нь Баянхөндий ордоос баруун зүгт 300 метрт, 2021 онд анхан шатны өрөмдлөгийн хөтөлбөр хэрэгжүүлснээр томоохон алтны шинэ нээлтийг илрүүлсэн. Дараа онд гүйцэт­гэсэн өрөмдлөгөөр алтны нээлт илрүүлж, 200-250 метрийн талбайг хамарсан   өрөмдлөгийн дийлэнх нь хүдэржилтээр төгссөн байна. 

Алтан нар орд нь Баянхөндий ордоос баруун хойд зүгт 16 км зайтай, карбонат-полиметалт алтны орд гэж үзэж байна. Энэ нь Баррик Гоулдын Папуа Шинэ Гвиней дэх Поргера уурхай, Рио Тинтогийн олборлож байсан Индонез дэх Келиан уурхай, Лундинын Эквадор дэх Фрута Дел Норте, Континентал Гоулдын Колумби дэх Буритика төсөл зэрэг ордын төрөлд багтдаг. 2020 онд АМГТГ-аас ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан бөгөөд төслийн талбайд хязгаарлагдмал хайгуул хийсэн байна. 

Зуун мод молибдени-зэсийн төсөл нь Монголын баруун өмнөд хэсэг, Монгол Улс-БНХАУ-ын хил Сэхэ боомтоос 215 км зайд байрладаг. Зуун мод ашиглалтын тусгай зөвшөөрөл нь молибдени-зэсийн порфирын ордоос гадна хойд зүгт 2.2 км зайд зэс мөнгөний талбайтай, мөн 4.5 км зайд алтны хэтийн төлөв бүхий талбайг тодорхойлжээ. 2024 онд тодорхойлсон гадаргын дээжлэлтээр 3.2 гр/тн агуулга бүхий хүдэржилтийг илрүүлсэн нь төмрийн ислийн штокверк, хэд хэдэн огцом налуу зүүн-баруун трендийн дагуу бүрхэгдсэн кварцын судалд багтаж байна. 2024 оны хоёрдугаар улиралд 31 дээжид  судалгаа хийхэд 20 дээжид аномаль алт илэрсэн. Энэ онд нарийвчилсан зураглал, геофизикийн судал­гаа, суваг малталтын ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр төлөв­лөжээ. 

“Эрдэнэ Ресурс” ХХК Тэрэг уул зэс-алтны порфирийн төслийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 80 хүртэл хувийн оролцоо эзэмших гэрээг “Тэрэг Уул Майнс” ХХК-тай байгуулсан. Тусгай зөвшөөрлийн талбай нь Онтрэ/Оюутолгойг хамарсан зэс-алтны төлөв бүхий талбайн хязгаараас өмнө зүгт 5 км зайд байрладаг. 2025 оны гуравдугаар улирлын эцэст хайгуулын хөтөлбөр эхлүүлэхээр төлөвлөж байна.