Уул уурхайн салбарт хосмог сургалтын төслийг нээлээ

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод "Уурхайн машин механизмын ашиглалтын техникч" мэргэжлээр хосмог сургалтын үйл ажиллагааг даваа гараг (2025.11.17)-т нээлээ. 

Тус сургалтыг төр, хувийн хэвшлийн түншлэл "Хүнд механизмын салбарт жендерийн мэдрэмжтэй хосмог сургалтыг нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. Уг төслийн зорилго нь хүнд машин механизмын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, тогтвортой ажлын байрыг бий болгох, ажил олгогч байгууллагууд болон сургалтын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байна. 

Энэхүү төслийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төр-хувийн хэвшлийн түншлэл DeveloPPP.de хөтөлбөрийн хүрээнд "Трансвест Монголиа" ХХК, "Сэндвик Монголиа" ХХК, "МСМ Групп" ХХК-ийн хамтарсан санхүүжилтээр GIZ-тэй хамтран хэрэгжүүлж байна. 

2025-2026 оны хичээлийн жилд Налайх дүүрэг болон Өмнөговь аймаг дахь политехникийн коллежид уул уурхайн ашиглалтын техникч мэргэжлээр 66 суралцагч суралцаж байна. Үүнээс эмэгтэй суралцагч 21 байгаа нь төслийн амжилт гэдгийг "Трансвест Монголиа" ХХК-ийн Хүний нөөц, бизнес үйл ажиллагаа хариуцсан захирал Т.Алтанзул хэллээ. Тэрбээр үргэлжлүүлэн "Өнөөдрийн хувьд манай улсын уул уурхайн салбарын боловсролын системд түүхэн үйл явдал болж байна. Энэ оны дөрөвдүгээр сард төсөл хэрэгжүүлэгч хамт олон болон "МСМ Групп" ХХК, "Трансвест Монголиа" ХХК, "Сандвик Монголиа" ХХК, Налайх болон Өмнөговийн политехник коллежийн төлөөллүүд төслийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Төслийн гол зорилго нь уул уурхайн салбарт эрчүүд давамгайлдаг гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, ялангуяа жендерийн оролцоотой мэргэжил сонголтыг дэмжихэд чиглэж байна" гэв. 

Хосмог сургалт нь сургалтын байгууллагад онолын мэдлэгийг эзэмшиж, хамтрагч компаниудад ажлын байрны дадлага, мэргэшлийн чадамж эзэмших буюу ажиллангаа суралцах, суралцангаа ажиллах давуу талыг олгодог сургалтын хэлбэр юм.

"МСМ Групп" ХХК-ийн Хүний нөөцийн менежер Б.Халиун хэлэхдээ,  "Энэ удаагийн элсэлтийн арга хэмжээнд хамрагдсан суралцагчид ажлын байранд гарсны дараа сургалтын үр дүн нэмэгдэж, элсэлтийн тоо цаашид өсөх боломжтой гэж харж байна.  Манай компани Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг учир аймгийн харьяалалтай ажилтнуудын тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч, дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно" гэдгийг тодотголоо. 

Өмнөговь Политехник Коллежийн захирал Ч.Эрдэнэтуяа хэлэхдээ "Манай коллежид уул уурхайн хүнд машин механизмын чиглэлээр 43 оюутан суралцаж байна. Эдгээр оюутны 39 хувийг эмэгтэйчүүд,  61 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа. Хамтран ажиллагч гурван компанитай дадлагажигч ажилтны гэрээ байгуулах ажлууд хийгдэхээр хүлээгдэж байна" гэлээ. 

Тус сургалтын хүрээнд сургалтын байгууллага болон хамтрагч компаниуд ажил мэргэжлийн стандарт, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, сургалтын хуваарийг уялдуулж, ажлын байран дахь сургагч багш нарыг чадавхжуулж байгаа аж.