Хятадын нүүрсний импорт 46 сая тоннд хүрэв

БНХАУ-ын муж, өөртөө засах орны нүүрсний импортын мэдээллийг хүргэж байна.

Sxcoal сайтын есдүгээр сарын 1-ний мэдээллээр БНХАУ-ын нүүрсний импорт 46 сая тоннд хүрчээ. 

Монгол Улстай хил залгаа Өвөр Монголын нүүрсний импорт хамгийн өндөр буюу 7 сая тоннд хүрсэн. Мөн далайн эргийн Фүжянь 6.1 сая тонн, Гуандун 5.9 сая тонн, Жөжян 4.6 сая тонныг импортолсон нь бусад муж, өөртөө засах орноос өндөр байна. Эдгээр дөрвөн муж, өөртөө засах орон Хятадын нүүрсний нийт импортын 50 гаруй хувийг бүрдүүлсэн байна. Тэгвэл Ганьсу, Чинхай, Ниншя, Гуйжоу, Төвөд, Хэнаньд 100 мянган тонноос бага нүүрс импортолжээ.

Нүүрсний импорт Тяньжин, Жянши, Хүбэй, Хайнанд өмнөх оны мөн үетэй харьцуулахад хамгийн өндөр хувийн өсөлт гарсан байна. Тухайлбал Тяньжинд нүүрсний импорт 367 хувиар өсөж 1.4 сая тоннд хүрчээ. Харин Шанхайд импортын биет хэмжээ 53 хувиар буурч 1.4 сая тонныг импортолсон байна.