Канад худал мэдээллээр дамжуулж хувьцаанд нөлөөлөхгүй байх гэдэгт төвлөрдөг

Э.МИШЭЭЛ

Гурван сургалтын үр дүнд Ажлын хэсэг байгуулж, авлигаас сэргийлэх дотоод дүрмийн үлгэрчилсэн загвар гаргана. Түүний дагуу компаниуд дотооддоо туршин хэрэгжүүлнэ гэдгийг "Авлигаас урьдчилан сэргийлэх" сургалтыг зохион байгуулагч Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон хэллээ. Тус сургалтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Интегра" төслийн дэмжлэгтэй явуулж байгаа аж.

Өнгөрсөн есдүгээр сараас эхэлсэн сургалт уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад зориулсан бөгөөд сүүлийн сургалт өнөөдөр (2025.11.13) болж байна. Сургалтад  90 орчим аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан гэдгийг ОҮИТБС-аас хэллээ. 

Энэхүү сургалтад хамрагдаж буй "Бороогоулд" ХХК-ийн Хуулийн хэлтсийн менежер Э.Жаргал хэлэхдээ, "Манай компани энэхүү сургалтад нэгдсэн баг гаргаад авлигын эсрэг бодлогыг сайжруулах чиглэлээр оролцож байна. Яагаад ийм чиглэлээр оролцож байна вэ гэхээр "Бороогоулд" 2024 оноос Канадын хөрөнгийн биржид бүртгүүлснээр "Степ голд"-ын охин компани болж өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотой "Бороо гоулд" компани авлигын эсрэг Монгол болон Канадын шаардлагууд, манайд хэрэгжиж байгаа шинэ зохицуулалт юу байна вэ, мэдээллийг ил тод хэрхэн гаргах, дотооддоо авлигаас хэрхэн урьдчилан сэргийлэх, сургалт зохион байгуулах, дотоодод төдийгүй төрийн эрх бүхий байгууллагад мэдээлэл хэрхэн хүргэх зэрэг шинэчлэлийг шат шатандаа хийж байна. Эхний ээлжинд дотоодын шинэчлэлийг хийж байгаа.

Канад бол далайн эрхзүйн систем буюу шүүхийн шийдвэр илүү тусгагдсан байдаг. Харин Монголын эрхзүйн систем эх газрын эрх зүйн системд суурилдаг. Энэ хоёр системийг уялдуулах тал дээр манай компани ажиллаж байгаа. Гэхдээ хоёр системийг огт өөр гэж ойлгож болохгүй. Канадын давуу тал нь тулгарч байгаа асуудалд илүү мэдрэг, илүү хурдтай хариу үйлдэл үзүүлдэг гэж харагдсан. 

Ер нь авлига ямар ч хэлбэрээр байж болдог. Тэр хэлбэрүүдийг Монголд цаг тухай бүрд нь шинэчлээд явж байгаа. Үүнийг компани бодлоготойгоо уялдуулах, тухайн цаг үед нь өөрчлөх шаардлагатай байдаг. Канадын авлигын системд бэлэг өгөх гэдэг нь манай зохицуулалтад ч тусгагдсан байдаг. Харин нийтлэг том хүрээгээр бол хөрөнгийн биржид бүртгэлтэй гэсэн агуулгаар хувьцаанд нөлөөлөх байдлыг Канадад түлхүү хөндөж авч үздэг юм билээ. Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудад тавигддаг шаардлага нь худал мэдээллээр дамжуулж хувьцаанд нөлөөлөхгүй байх гэдэгт төвлөрдөг" гэв.

Уул уурхайн салбарт томоохон хөрөнгө эргэлддэг учраас аж ахуйн нэгжүүд сөрөг үйл явдлаас урьдчилан сэргийлэх үүднээс тус сургалтыг зохион байгуулж байна.

Авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад илтгэл тавьсан  МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа хэлэхдээ, "Манай ассоциацийн зүгээс Хариуцлагатай уул уурхайн кодекс, Тогтвортой уул уурхайн төлөө стандартыг нэвтрүүлээд багагүй хугацааг өнгөрүүлсэн. Хариуцлагатай уул уурхайн кодекс гэдэг нь зөвхөн нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлага гэж ярьдаг. Тэгвэл кодекс гэдэгт хүний нөөц, орон нутгийн харилцаа, нээлттэй ил тод засаглал, түүн дотроо авлигын эсрэг бодлоготой байх, дотоод дүрэм, журамтай байх гээд бүх талын үйл ажиллагаа ордог. Уул уурхайн салбарт авлигын нийтлэг нь тендер буюу сонгон шалгаруулалт, ханган нийлүүлэлт, хүний нөөцийн хүрээнд яригддаг. Үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг энэхүү сургалтаар компаниудад таниулж байна" гэдгийг тодотголоо.

Тус сургалтад АҮЭБЯ, Авлигатай тэмцэх газар, ОҮИТБС, МУУҮА, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөл илтгэл тавьж байна.