Хил нөхцөлтэй арилжих нөхцөлийг Монголын төр засаг гаргасан. Одоо үүнийхээ эсрэг ажиллагаа явуулаад байна

Өнөөдөр (2025.04.17) УИХ-ын чуулганаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д оруулах эсэхийг хэлэлцэж байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ. Тэрээр хуулийн төслийг буцаах санал гаргаад байгаа юм. 

Тэрээр хэлэхдээ, "Хэд хэдэн зарчмын ноцтой өөрчлөлт байна. Нүүрсний хулгай гэж залруулж гарч ирэх гэсэн худалдааны зарчмыг яг эсрэгээр нь явж байна. Том үр дагавартай зүйлс байна. Эдгээрт хэдэн асуудал байгаа юм. Нэгт, төрийн өмчийн компаниуд томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор бүтээгдэхүүн солилцох гэрээ байгуулж болно гэдэг асуудал. 

Өөрөөр хэлбэл цахилгаан станц, гүүр, тээвэр зэрэг дэд бүтэц улс оронд хэрэгтэй учраас бүтээгдэхүүн солилцож болно гэдгийг Биржийн тухай хууль руу оруулж ирж байна. Эдийн засагт ашигтай үгүй, мөнгө олсон олдоогүй хамаагүй бүтээгдэхүүн солилцооны гэрээ байгуулна. Бүтээгдэхүүн солилцоо гэдэг чинь оффтэйк гэрээ. 

Өмнө нь оффтэйк гэрээ байгуулаад Дорнодоос Дорноговь хүртэл газрын тосны хоолой бариад дуусах гэж байна. Үйлдвэр нь хэдэн жилийн дараа орно. Үүн шиг та манай нүүрсийг аваад бариад өгчих гэдэг зүйлийг Биржийн хууль руу оруулж ирж байна. 

Хоёрт, төмөр замын хилийн тохироо хийгдсэн. Энэ хэлэлцээрийг дагаад хэлэлцээрээс илүү том нүүрс хямдруулсан урт хугацааны гэрээ байгуулчихсан. Одоогийн хуулиар шууд гэрээ байгуулахад төмөр замын бүтээн байгуулалт хамаагүй гэсэн боловч үнийг нь биржээр тогтооно гэчихсэн 10.4 заалт байдаг. Тэр заалтыг байхгүй болгох гэсэн санаа нь орж ирсэн. Хил холболтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд тэр хэлэлцээрт тооцох нүүрсний үнэ биржийн үнэ байхгүй байх гэсэн зүйл орж ирсэн. Тэрийг нь дэмждэг юм байж. Тэгтэл ард нь дагуулж юмнууд орж ирээд байна. Үнийн индекс, үнийг бирж тогтчихоод тээвэрлэх хүртэл хугацаа ордог. Энэ хугацаанд үнэ буучихдаг учир худалдан авагч компаниуд алдагдалд ордог. Тэгэхээр үнийг дагаад бууруулъя гэсэн. Агуулга нь зөв шиг, худалдан авагчтайгаа ойлголцох хэрэгтэй. Гэтэл энэ нь буцаж үйлчлээд  одоо хил дээрх хэдэн сая тонн гэрээ байгуулагдчихсан нүүрсийг хямдруулж өгөх гээд байна. Тэгэхээр 5 сая тонн нүүрсэн дээр 50 ам.долларын зөрүү гарвал 250 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөг. Нэг их наяд төгрөгийн барааг нэг хүн нөгөө хүнээс худалдаж авчхаад тэр хооронд зах зээл өөр болоход, агуулах дээр овоорчихсон байхад алдагдлыг бид нар яагаад төлөх ёстой вэ. 

Бизнес хийж байгаа бол эрсдэлээ бодох ёстой. Тэгэхээр компаниудын лобби орж байгаа юм шиг сонин зүйл болж байна. Худалдаж авчхаад үнэ унангуут дахиж худалдаж авах хачин зүйл орж ирж байна.

Гуравт, тээврийг худалдан авагч тал хариуцна. Уурхай нь уурхайгаа, тээвэр нь тээврээ гээд гоё юм шиг. Гэхдээ үүний цаана юу байна вэ гэхээр Монголын нүүрс уурхайн ам нөхцөлөөр борлуулна. Тээвэрлэлтийг Хятадын компаниуд хийнэ. Монголбанкны тайланд үйлчилгээний салбарын хамгийн том алдагдал тээврийн алдагдал нэг тэрбум ам.доллароос даваад явчихсан. Хамгийн том нь нүүрс. Монголд явж байгаа транзит тээвэр дан гадаадын хөрөнгө оруулалттай байна. Хойшоогоо транзит нь хойд зүгийнх нь, урагшаа транзит нь урд зүгийнх. Ямар бодлого хэний төлөө яваад байгаа нь ойлгомжгүй байна. Тээврийг хил нөхцөлтэй хүргэнэ гэдэг нь нүүрсний хулгай гэж бужигнах үед Монгол компаниудыг дагуулж унагачихаад, хямдхан тээвэрлэж байгаа нэртэй боловч хилийн цаана үнээ өсгөөд авчихдаг юм байна. Тиймээс хил нөхцөлтэй арилжих нөхцөлийг Монголын төр засаг гаргасан. Одоо үүнийхээ эсрэг ажиллагаа явуулаад байна. 

Дөрөвт, дөрвөн оффтэйк гэрээ, үүн нэмэх нь "Чайна Энержи"-тэй хил дамнасан төмөр байгуулах талаар. Төмөр зам байгуулах нь маш сайн зүйл, гэхдээ энэ 5 гэрээ Эрдэнэс Тавантолгойн хамгийн чанартай коксжих нүүрсийг бүгдийг авна. Бирж дээр зарах коксжих нүүрс бараг үлдэхгүй. Тэгэхээр бирж дээр үнэ багатай нүүрс зарагдана. Өнгөрсөн хугацаанд биржээр 43 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн 17 их наяд төгрөгийн борлуулалт хийгдсэн. Энэ бол том мөнгө, бирж ажиллаж байгаа. Сайжруулах зүйл бий. Сонгодог биржийн зарчмаар ажилладаггүй гэдэг, тийм. Гэхдээ байх ёсгүй гэсэн үг ерөөсөө биш. 

Сүүлийнх нь, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Алсдаа цацраг идэвхт бүтээгдэхүүний биржийн худалдаа гэсэн зүйл байгаа. Ерөнхий агуулгаараа анх Биржийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт бол БНХАУ-тай байгуулсан хил дамнасан төмөр замын санхүүжилтийг олохын тулд энэ хуульд байсан саад буюу биржийн үнээр нүүрсээ тооцно гэдгийг арилгах зорилготой байсан. Хөнгөлөлттэй үнийг Засгийн газар хооронд тохирчихсон. Үүнийг дагуулаад олон зүйл орж ирсэн. Цөмийн энергийн тухай ийм өөрчлөлт оруулна, ерөөсөө төрийн өмчийн компани мега төсөл хэрэгжүүлэхийн тулд бүтээгдэхүүн солилцох гэрээ байгуулж болно. Нэг юм бариад нүүрсээ хямдруулж өгнө гэдэг амар юм болсон. Ийм зүйлс орж ирсэн учраас энэ хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй, буцаах саналтай байна." гэв.