Гэрэл зураг: Codelco-ийн зэсийн уурхай
Э.ОД
Дэлхийн зэс үйлдвэрлэлээр тэргүүлэгч Чилийн төрийн өмчит Codelco компани 2032 он гэхэд дэлхийн хэмжээнд 8 сая тонн зэсийн хомсдол үүсэж болзошгүйг анхааруулжээ.
Codelco-ийн ТУЗ-ийн дарга Максимо Пачеко “Чили, Перу, Конго, Хятадын Түвдийн бүс нутаг болон бусад орнуудын зэсийн шинэ үйлдвэрлэл богино хугацаанд илүүдэл үүсэх ч дунд, урт хугацааны эрэлтийг хангаж хүрэлцэхгүй” хэмээн мэдэгдсэн байна. Зарим зэсийн ордын нөөц дуусаж үйлдвэрлэл зогсох шатандаа байгаа бол шинээр ашиглалтад орох шатандаа төслүүдийг тооцож үзвэл 10 жилийн дараа дэлхийн хэмжээнд зэсийн хомсдол 8 сая тоннд хүрнэ гэж Codelco –ийн судалгаанд тооцоолжээ.
Ойрын жилүүдэд дэлхий дахинд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, цахилгаан тээврийн хэрэгслийн (EV) хэрэглээ огцом нэмэгдэх төлөвийг шинжээчид хэлж байна.
Гэрэл зураг: Escondida-ийн зэсийн уурхай
Codelco –ийн судалгаагаар, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох “ногоон” эрчим хүчний шилжилтэд зэсийн хэрэгцээ жилд 25 сая тонноос 2032 он гэхэд 31 сая гаруй тонн болж өснө. Энэ нь дэлхийн хамгийн том зэсийн Escondida уурхайтай эн тэнцэх хүчин чадал бүхий 8 үйлдвэрлэлийг энэ 10 жилд барих шаардлагатай гэсэн үг.
Хэрэв шинэ уурхай, үйлдвэрүүд ашиглалтад орохгүй бол эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал 2026 оноос ажиглагдаж эхэлнэ гэдгийг Codelco-ийн ТУЗ-ийн дарга Максимо Пачеко онцолсон байна.
Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, зэсийн салбар 2030 он гэхэд жил бүр 4.7 сая тонн зэсийн нийлүүлэлтийг хангах уурхайнууд байгуулахад нийт 100 гаруй тэрбум ам.доллар шаардлагатай ажээ.