Засгийн газрын (2022.12.12)ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүү, уурхайн олборлолт болон тээврийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулж дүгнэлт гаргах үүрэг өгсөн байна. Цаашид Эрдэнэт, Тавантолгой зэрэг стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн томоохон орд газрын үйл ажиллагааг төрийн мэдэлд бус олон нийтэд нээлттэй компани болгох, олон улсад IPO гаргах чиглэлээр богино хугацаанд судалж, холбогдох хуулийг УИХ-аар батлах асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах ба Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахална. Тус Ажлын хэсэг анхны хурлаа өнөөдөр хийхээр төлөвлөжээ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гашуунсухайт-Тавантолгой болон Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам, Богдхан төмөр замын төсөл зэрэг томоохон мөнгөн дүнтэй off-take гэрээнүүд олон нийтийн бухимдлыг төрүүлж буй гэж Засгийн газар үзэж байна.
Тиймээс Засгийн газрын зүгээс “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой нэгдсэн тоон мэдээллийг олон нийтэд хүргэхээр зорьж байгааг Д.Амарбаясгалан дарга мэдэгдэв.
2011-2022 оны арваннэгдүгээр сар хүртэл төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нийт 336.4 сая тонн нүүрс экспортолж нийт 43 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ.
Энэхүү тооцооллоор “40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай хийгдсэн” гэх мэдээлэл ор үндэслэлгүй гэдгийг няцааж байна. Засгийн газрын зүгээс дараах тайлбарыг хийлээ.
1."Алдагдсан нүүрс" гэдэг зөвхөн хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоосон дүн байх ёстой. Энэ дүнг өнөөдөр эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд гаалийн байгууллагын шалгалтаар эх үүсвэр нь тодорхойгүй, бүрдүүлэлтгүй нүүрс гарч байсныг илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгаж байна.
2."Үнийн зөрүү” тухайд АМНАТ-ийг зөвхөн хил нөхцөлөөр олон улсын зах зээлийн жишиг үнээс тооцож авдаг. Уурхайн ам нөхцөл нь хямд үнэтэй тул АМНАТ-ийг үнээс тооцдоггүй. Уурхайн амнаас зарж буй үнэ нь хилийн үнээс даруй 50-60 ам.доллароор хямд байдаг. Уурхайн амны үнээс АМНАТ тооцох юм бол Монгол Улс их хэмжээний алдагдал хүлээх тул олон улсын жишиг үнээс тооцдог.
3.“Нүүрсний тээврийн хохирол” тухайд татварын албанаас тээврийн 267 компанид хийсэн шалгалтаар 11 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлж, татварын акт тавьсан. Холбогдох зөрчил, татвар нуун дарагдуулсан асуудлууд татварын хяналт шалгалтаар тогтоогдсон.
4.“Off-take гэрээ” тухайд үндэслэлгүйгээр үнийн хөнгөлөлт үзүүлсэн, хямд үнийн дүнгээр нийлүүлсэн, бодит бус төсөвт өртөгтэй санхүүжилт олгосон зэрэгтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” компанид хохирол учирсан байж болзошгүй дүнг урьдчилсан байдлаар тус компаниас гаргаж байгаа. Өнөөгийн байдлаар, хохирлын хэмжээ 187 тэрбум төгрөг гэж дүгнэж буй. Энэ нь off-take гэрээ байгуулахдаа тухайн ажил гүйцэтгэх компанид хөнгөлөлт үзүүлсэн нь нууцлалын гэрээ ил болсноор илэрсэн. Улмаар төсөвт өртгийг хянан шалгаж байгаа тул хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох юм.