Б.БАЯРТОГТОХ
Замын Үүд боомтын дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, 2019 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн билээ. Өнөөгийн байдлаар барилга, дэд бүтцийн барилга угсралтын ажил 91 хувьтай байна.
Бүтээн байгуулалт хийгдсэнээр зорчигч, тээврийн хэсэгт 30 барилга байгууламж, Ачаа тээврийн хэсэгт 28 барилга байгууламж, Хүнд даацын автозамын барилга, Иж бүрэн инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамжийн эх үүсвэрийн шугамын ажлыг хийж гүйцэтгэх юм. Эдгээр ажлын үр дүнд зорчигч тээврийн хүчин чадлыг 4 дахин, ачаа тээврийн хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлнэ.
Зорчигч тээврийн цогцолбор нь зорчигч тээврийн хүчин чадлыг 4 дахин нэмэгдүүлснээр өдөрт 20 хүртэлх мянган хүнийг нэвтрүүлэх хүчин чадалтай. Ачаа тээврийн хэсгийн барилга угсралтын ажлын явц 85 хувьтай байгаад бөгөөд 2023 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар байна.
Замын Үүд боомт нь манай улсын хилээр нэвтэрч буй ачаа тээврийн 70 орчим хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаар нэвтрүүлж, гаалийн орлогын 15 хувийг бүрдүүлдэг логистикийн гол боомт юм.
Монгол, Хятадын худалдааны эргэлт өнгөрсөн онд 13.6 тэрбум ам.долларт хүрсэн. Худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн тулд Замын-Үүд боомт дахь Логистикийн төвтэй адил хүчин чадал бүхий логистикийн төвүүдийг Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад нэн түрүүнд барихаар төлөвлөж байгааг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа онцолжээ.
2022 онд Замын-Үүд дэх Логистикийн төв нийт 3 сая тонн ачаа нэвтрүүлжээ
Замын-Үүд дэх Логистикийн төв нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр баригдаж, 2018 онд ашиглалтад орсон. Энэхүү төв нь жилд дунджаар хоёр сая тонн ачаа нэвтрүүлж байсан бөгөөд 2022 онд нийт гурван сая тонн ачаа нэвтрүүлж, ачаа тээврийн хэмжээ эрс нэмэгдсэн байна.
Логистикийн төв нь жилд 100 мянга гаруй чингэлэг нэвтрүүлж, цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад голлох үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, тус төв нь 2021 онд нийт 100 мянга орчим чингэлэг тээвэрлэсний 80 мянга нь транзит чингэлэг, 20 мянга нь импортын чингэлэг байсан байна.
Харин 2022 онд нийтдээ 130 мянган чингэлэг тээвэрлэж, үүний 75 мянгыг импортын чингэлэг болгон нэмэгдүүлж ажиллажээ.