Казахстан улсыг Цөмийн дэд бүтцийн нэгдсэн үнэлгээ (INIR)-ний зөвлөмжийг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргасан хэмээн тус улсад очсон Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA)-ийн шинжээчид үнэлжээ. Улмаар тус улс АЦС барихад алхам ойртож байна.
Дөрөв хоногийн турш ажилласан шинжээчид Казахстан цөмийн эрчим хүчний хөтөлбөрийн зохицуулалт, АЦС-ын санхүүжилт, онцгой байдлын төлөвлөлт, цацраг идэвхт хог хаягдлын менежментийн чиглэлээр тусгагдсан зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзжээ.
IAEA-ийн шинжээчдийн багийн Ахлагч Мехмет Жейхан “Бид Казахстаны цөмийн эрчим хүчний хөтөлбөр хэрэгжүүлж, шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлнэ” гэсэн байна. Цаашид иж бүрэн тайлан гаргаж, цөмийн эрчим хүчний дэд бүтцэд шаардагдах санхүүжилтийг үнэлж, Эрчим хүчний яамны оролцооны бодлогын ажлуудыг хийх шаардлагатайг тэрээр онцолжээ.
Казахстаны Эрчим хүчний дэд сайд Жандос Нурмаганбетов эрчим хүчийг хөгжүүлэхэд хэрэгтэй дэд бүтцийн бэлэн байдлыг хангах, сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлоход тусалж байгаад тус байгууллагад талархал илэрхийлсэн байна.
Казахстаны эрчим хүчний хэрэглээ 2035 он гэхэд 153 тэрбум кВт.ц хүртэл нэмэгдэнэ. Харин одоогийн станцуудын үйлдвэрлэл 89 тэрбум кВт.ц байгаа аж. АЦС-ын байршлыг 2017 онд Алматы мужийн Үлкен тосгонд төлөвлөсөн. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Токаев цөмийн эрчим хүчийг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулагч хэмээн тодотгож байсан.
АЦС-ын техникийн болон арилжааны саналыг Хятад, Өмнөд Солонгос, Орос, АНУ, Франц гэсэн улсын 6 үйлдвэрлэгчээс авсан байгаа бол III, III+ үеийн 13 реакторын төслийг судалж байна. Казахстан 2021 онд дэлхийн нийт ураны үйлдвэрлэлийн 46 хувийг дангаараа хангажээ.