АМНАТ буурна

Э.МИШЭЭЛ

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга дахь АМНАТ-ын зохистой хувь хэмжээний талаарх судалгааны нээлттэй хэлэлцүүлэг (2023.04.05)болсон юм. Хэлэлцүүлэгт Австралийн Элчин сайдын яам болон АМЕП 2 хөтөлбөр, УУХҮЯ-ны төлөөлөл нээж үг хэлсний дараа АМЕП-ын АМНАТ-ын зөвлөхүүд илтгэл тавьж, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд байр суурь, санал бодлоо илэрхийлсэн юм. Эдгээр санал бодолд Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр хариулж хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр өндөрлөлөө.

Хэлэлцүүлгийн анхаарал татсан гол асуудал бол одоогийн хууль, хуулийн төслийн АМНАТ-ыг хооронд нь харьцуулжээ. Харьцуулалтаар үндсэн АМНАТ 38 хувь, нэмэлт АМНАТ 3 хувь, нийт АМНАТ 23 хувиар тус тус буурна. Металлын нэгжээр авч үзвэл зэсийн баяжмал 41 хувь, төмрийн хүдэр (56 хувь) 27 хувь, төмрийн хүдэр (60 хувь) 23 хувь, цайрын баяжмал 17 хувь, баяжуулсан коксжих нүүрс 15 хувиар тус тус хамгийн ихээр буурчээ. Хамгийн бага бууралттай металлын нэгж коксжих нүүрс, сул коксжсон нүүрс, хайлуур жоншны металлургийн баяжмал (85хувь) 9-11 хувиар буурахаар байна. Харин мөнгөний баяжмал, мөнгө, алт, гянтболд (65хувь), дотоодын нүүрсэнд өөрчлөлт ороогүй. Нэгж металлаас Эрдэнэтийн зэсийн баяжмал 53 хувь буурч нийт АМНАТ 378.6 тэрбум төгрөг, Оюутолгойн зэсийн баяжмал өөрчлөлт орохгүй 0 хувь буюу 240.9 тэрбум төгрөг байна. Мөнгөн дүнгээр 2.5 их наядаас 1.9 их наяд төгрөг болж буурах юм. Гэхдээ ажлын хэсэг энэ бол эцсийн байдлаар тогтоогдсон зүйл биш гэдгийг анхааруулж байлаа. Гэсэн ч яамны зүгээс АМНАТ-ыг бууруулснаар орд газрын ашиглалтыг уртасгах, сорчилж олборлодог байдлыг багасгана гэсэн хүлээлттэй байгааг хэлэлцүүлгийн эхэнд, төгсгөлд илэрхийлж байв.

Хэлэлцүүлгийн анхаарал татсан өөр хэсэг бол хэсэг Монгол Улсын АМНАТ-ыг 10 улстай харьцуулсан илтгэл байлаа. Зэсийн хувьд манай улс 5 хувиас өсөн нэмэгдэх 30 хувь хүртэл АМНАТ авдаг бол үнэлгээнд суурилсан татвар авдаг ижил орнуудад Казахстан 5.7 хувь, Индонез 2-5 хувь, Энэтхэг 4.62 хувь байдаг. Борлуулалтын орлогод суурилсан Австрали 2.5-5 хувь, Бразил 2 хувь, БНХАУ 2-10 хувь, ОХУ 28 хувь , ӨАБНУ 0.5-5 хувьтай, ашигт суурилсан Перу 1-13.12 хувь, Чили 5-14 хувьтай АМНАТ-тай байдаг. Харин төмрийн хүдэрт 5-10 хувийн АМНАТ манай улс тогтоосон нь харьцуулалт хийсэн 10 орны дундаж хавьцаа байлаа. ОХУ 16.8 хувь, Энэтхэг 15 хувь, Чили 5-14 хувь хамгийн өндөр. Казахстан 2.8 хувь, Хятад, Перу 1-13.3 хувьтай байна. Нүүрсний тухайд борлуулалтын үнэлгээнд суурилсан улсууд 0-14 хувь хүртэл, орлогод суурилсан улсуудаас хамгийн өндөр Австрали 2.75-15 хувь, ашигт суурилсан Перу, Чили улсууд 5-14 хувьтай байна. Монголын хувьд 2.5-10 хувь бөгөөд нүүрсний үнэ нэмэгдэхэд жишиг үнэд суурилан тооцоход гэрээний үнийн зөрүү тонн тутамд 400 мянган төгрөгөөр нэмэгджээ. Зэс, төмрийн хүдэр, нүүрс, хайлуур жонш 10 оронтой харьцуулахад Монгол Улсын АМНАТ нийтдээ өндөр байгааг судлаач хэлсэн юм.

Илтгэлийн дараа хувийн хэвшил, иргэдийн санал бодлоо илэрхийллээ.

• АМНАТ-ыг шаталсан хэлбэрт оруулах,
• гөлтгөнийг ашигт малтмалын жагсаалтаас хасах,
• биржээр зарагддаг болон зарагддаггүй металлын харьцуулалт зөрүүтэй байна, үүнийг хэрхэн шийдэх,
• олон улсын дундаж үнэ гэдэг тодорхойгүй байдлыг тодруулах,
• эдийн засгийн хувьд чухал ашигт малтмал гэдэг нь цаг тухай бүрд өөрчлөгдөх үү, үүнийг хэрхэн шийдэх вэ гэсэн санал бодлуудыг давхардсан байдлаар хэллээ. Мөн Төрийн өмчит үйлдвэрүүдийн АМНАТ төрийн өмчийнх учир өндөр байх ёстой. Харин хувиараа уул уурхайн бизнес эрхэлж байгаа компаниудынх бага байх нь зөв гэсэн байр суурь гарсан юм.

Санал бодлыг сонссоны дараа Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр тус бүрд хариулсан бөгөөд энд бие даан шийдэх боломжгүй, оролцогчдыг АМНАТ-ын саналаа бичгээр өгөхийг хүслээ.