Э.ОД
Дэлхийн Алтны Зөвлөлийн (WGC) тайлангаар, энэ оны эхний хоёр сард төв банкуудын алтны худалдан авалт хурдацтай нэмэгджээ. Тухайн хугацаанд төв банкууд нийт 125 тонн металл худалдаж авсан нь 2010 оноос хойших хамгийн өндөр дүнд тооцогдож байна.
Эхний хоёр сард хамгийн их худалдан авалт хийсэн улсууд бол Сингапур (51.4 тонн), Турк (45.5 тонн), Хятад (39.8 тонн), Орос (31.1 тонн), Энэтхэг (2.8 тонн) байв. Сүүлийн нэг жил орчмын хугацаанд анх удаа ОХУ-ын Төв банк алтны нөөцөө шинэчлэн гаргажээ. Энэ хугацаанд маш цөөн орны төв банкууд алтны нөөцөө бууруулсан байна. Тухайлбал Казахстан, Узбекистан, Хорват, АНЭУ-ын алтны борлуулалт өсжээ.
Алтны худалдан авалтаа нэмэгдүүлсэн орнуудын 3 нь БРИКС-ийн (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) гишүүн улс болохыг WGC-ийн Ахдах шинжээч Кришан Гопал онцолсон байна. Нэг талд АНУ төвтэй, нөгөө талдаа Хятад төвтэй олон туйлт ертөнц бий болж буй гэж тэрээр үзжээ. БРИКС-ийн орнуудын дэлхийн эдийн засагт эзлэх хувь анх удаа “Их 7” орнуудыг (Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ) давсныг тэрээр тодотгосон байна.
БРИКС-ийн орнуудын валютыг дэмжих, ингэхдээ бараг 100 жил дэлхийн нөөцийн валют болсон ам.доллароос татгалзахад алт хэрэгтэй. Өнөө үед дэлхийн худалдааны гүйлгээнд Хятад юань улам түгээмэл болсон бөгөөд Саудын Араб, Иран болон хөгжиж буй бусад орнуудын төлбөрийн хэрэгсэлд БРИКС-ийн гишүүн улсууд өөрсдийн валютыг нэвтрүүлж байгааг Кришан Гопал шинжээч тайлбарлажээ.
Олон улсын эдийн засаг сул, үргэлжилсэн инфляц, өсөлтийн хүү, банкны салбарын тогтворгүй байдал, геополитикийн хурцадмал байдлын улмаас алтны эрэлт хэрэгцээ их байгаа бөгөөд худалдан авалт бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоох магадлалтай байна.
Өнгөрсөн долоо хоногт (2023.04.06) алтны ханш 2032 ам.долларт хүрсэн нь 2020 оны наймдугаар сард тогтоосон бүх цаг үеийн дээд хэмжээнээс 43 ам.доллараар дутсан юм.