Оросын уранаас хараат байдлаа бууруулахыг Зүүн Европын орнууд эрмэлзэж байна

Э.МИШЭЭЛ

Зүүн Европын зарим орнууд Оросын Росатом-аас баяжуулсан ураны хараат байдлаа бууруулахыг эрмэлзэж байна. Тиймээс 2025 оноос Казатомпром-той гэрээ байгуулах сонирхолтой байна.

Энэхүү хандлагатай холбоотой Казатомпром уран олборлолтоо нэмэгдүүлэхэд бэлтгэж буйгаа тус компанийн Гүйцэтгэх захирал Ержан Муканов мэдэгджээ. Тэрээр “Геополитикийн тодорхойгүй байдлаар цөмийн түлшний нийлүүлэлтийн урсгал өөрчлөгдөж байна. Энэ онд 22 мянган тонн уран олборлохоор төлөвлөсөн ч эрэлтээс үүдэн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр бэлтгэж байгаа”-г онцолжээ.

Казахстан дэлхий ураны 40 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Тус улс Казатомпром бүтээгдэхүүнээ Транс-Каспийн тэнгисийн олон улсын тээврийн маршрутаар Зүүн Европт нийлүүлэхээр тооцоолж байна. Тус маршрутыг өмнө нь туршиж байжээ. Тодруулбал Орост тавьсан хоригоос үүдэн Канад руу уран тээвэрлэх өөр гарцыг эрэлхийлж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Транс-Каспийн тэнгисийн олон улсын тээврийн маршрутаар нийлүүлсэн аж. Энэ туршилт амжилттай болсон ч Каспийн тэнгисийг туулж Азербайжанд хүрсний дараа галт тэрэг, ачааны машинаар Гүрж, Турк улсаар дамжин тээвэрлэж, үргэлжлүүлэн далайгаар эцсийн цэгт хүргэхэд ихээхэн цаг хугацаа шаардсан байна.
Энэ сарын 7-нд өндөрлөсөн Францын Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлалын үеэр хоёр улс АЦС-ын хамтын ажиллагаанд прагматик бодлого баримтлахаа зарласан юм. Хятад ураны хэрэглээгээр АНУ-ын дараа буюу дэлхийд хоёрт ордог. Мөн Хятад цэвэр эрчим хүчинд шилжихийг зорьж байгаа тул Казахстанаас авах ураны хэрэглээ нэмэгдэнэ гэж үзэж байна.

Зүүн Европын орнуудаас гадна АНУ нь Росатом-аас хараат байдлаа багасгахыг хичээж буй. АНУ-д ажиллаж байгаа цөмийн 93 реакторт шаардлагатай түлшний бараг ¼-ийг Орос хангадаг. Өнгөрсөн жил АНУ-ын Эрчим хүчний яам 2025 онд ашиглалтад орох уран баяжуулах үйлдвэрээ хөгжүүлэхийг нэн тэргүүнд тавьж буйгаа мэдэгдсэн. Түүнчлэн Франц, Унгар, Словени зэрэг Европын зарим орнуудын АЦС-ын түлшний хангамж мөн л Росатом-аас хамааралтай. Тиймээс АНУ болон ЕХ хараахан Росатомын эсрэг хориг арга хэмжээ аваагүй юм.

2030 он гэхэд дэлхийн ураны эрэлт хэрэгцээ 1/3-ээр өсөх төлөвтэйг Дэлхийн цөмийн ассоциациас мэдээлжээ.