Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2023.04.12) “Эрдэнэс Тавантолгой” компанид тогтоосон онцгой дэглэмийг хугацааг сунгах, Тавантолгой ДЦС-ын төслийг эрчимжүүлэх, “Эрдэнэс Монгол” компанийн Зэс, металлын группын захирлаас Х.Бадамсүрэнг чөлөөлөх шийдвэрүүдийг гаргав. Мөн “Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Н.Багабанди гаргасан болохыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн юм.
“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн 270 гишүүнийг 43 болгож буурууллаа
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 270 гишүүн охин 32 компанийн удирдах ажлыг хариуцан ажиллаж байсан. Тэгвэл “Эрдэнэс Монгол”-ын дүрмийн өөрчлөлтөөр ТУЗ-ийн 43 гишүүн ажиллахаар болжээ. ТУЗ-ийн 270 гишүүний цалингийн зардал 2 тэрбум орчим төгрөг байсан бол 43 гишүүн болсноор зардал 500 сая төгрөг болж буурах юм байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “2022 оны 11 сарын 11-нд баталсан Монгол Улсын төсвийн хуульд “Тэтгэврийн насны буюу тэтгэвэр авч байгаа хүнийг цалинжуулахгүй байх" заалт орсон. Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагч 6161 хүн тэтгэвэр авч буй хэр нь төсвөөс цалинжиж байна.
“Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Н.Багабанди гаргасан. Тэрээр “Эрдэнэс Оюутолгой” компани байгуулагдсан цагаас далд уурхайн бүтээн байгуулалтыг бий болгох, хэрэгжүүлэх хүртэл хугацаанд бодлогоор оролцох хүсэлтэйгээр ТУЗ-ийн гишүүний үүргийг гүйцэтгэж байсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.
Түүнчлэн Х.Бадамсүрэн захирлыг чөлөөлөх шийдвэр гарсан. Түүнийг Эрдэнэт УБҮ-ийн захирлаар ажиллаж байхад нь чөлөөлж, “Эрдэнэс Монгол”-ын Зэс, металлын группын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх үүрэг хүлээлгэн ажиллуулсан. Өнөөдөр Зэс, металлын группын үйл ажиллагаа жигдэрсэн учир Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна” гэв.
ЭТТ-д тогтоосон онцгой дэглэмийг 6 сар сунгах УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
“Эрдэнэс Тавантолгой” компанид тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгахаар шийдвэрлэлээ. “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэмийг 6 сарын хугацаатай тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж байгаа билээ.
“Эрдэнэс Тавантолгой” компани онцгой дэглэм тогтоосон хугацаанд санхүүгийн нөхцөл байдал сайжирч, орлого нэмэгдсэн, экспортын нүүрсийг биржээр хил нөхцөлөөр арилжаалснаар борлуулалтын үнэ өсөөд буй. Тиймээс одоогийн үр дүнг хадгалах, нүүрсний цахим арилжааны үйл ажиллагааг тогтворжуулах, гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх, хамгийн гол нь олон улсын жишигт нийцсэн компани болгох зорилтоор ЭТТ-д тогтоосон онцгой дэглэмийг үргэлжлүүлэн зургаан сараар сунгах нь зүйтэй гэж үзсэн байна.
ЭТТ нь бүрэн хүчин чадлаар сард 2-3 сая тонн нүүрс борлуулаад байх бүрэн бололцоотойг өнгөрсөн 5 сарын онцгой дэглэмийн хугацаанд харууллаа гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат (2023.04.13)мэдээлэл хийхдээ онцоллоо. Эхний уларалд 7.5 сая тонн нүүрс орлуулсан эрчээ хадгалах юм бол оны эцэст 30 орчим сая тонн нүүрс борлуулалх зорилттой ажиллаж байна.
Ер нь бол ЭТТ-н олборлож буй бүх бүтээгдэхүүнийг сорчлохгүйгээр борлуулах төлөвлөгөөтэй. Компани зардлаа бууруулах шаардлагатай гэж үзэж байна. Баяжуулах үйлдвэрийн урьдчилсан тооцооллоор, тээврийн зардал өндөр гарах тул туузан дамжуурга нэвтрүүлбэл зардал хямд тусна. Баяжуулах үйлдвэр рүү тээвэрлээд, угаахад тонн нүүрс 24 мянган төгрөгийн зардалтай бол туузан дамжуурга нэвтрүүлснээр 3400 төгрөгөөр хямдарна гэж тэрээр тайлбарлалаа.
Тавантолгой ДЦС-ын эхний ээлжинд 300 MBт хүчин чадлаар ашиглалтад оруулна
Өмнөд бүсийн уул уурхайн үйлдвэрлэл болон Оюутолгой төслийн эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн байгуулах ДЦС-ын төслийг 2 үе шаттайгаар (300MBт+150MBт) байгуулна.
Эхний ээлжинд 300 MBт хүчин чадлаар ашиглалтад оруулна. Уг төслийг санхүүжүүлэхэд бүх хэлбэрийн санхүүгийн арга механизмыг хэрэглэх юм.
Төслийн 300 MBт хүчин чадал бүхий эхний үе шатны EPC+F гэрээний 30 хувийг санхүүжүүлж, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн үйл ажиллагааны зардлыг хариуцаж, энэхүү төсөлд Хөгжлийн банкнаас олгосон зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг төлөх зэрэг зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төрийн өмчийн хувь эзэмшилд оруулж тооцохыг тус компанийн ТУЗ-д даалгажээ.