Үүлэн технологи уул уурхайд мэдээллийг хялбар байдлаар хуваалцана

Э.МИШЭЭЛ

Монгол Улсын эдийн засагт тэргүүлэх эрдэс баялгийн салбар нь нэн шинэ технологийн шатанд дэвших дижитал шилжилтийн ач холбогдол, боломжийг онцолсон “Digitalisation in mining Mongolia” чуулган анх удаагаа Улаанбаатар хотноо Шангри-Ла зочид буудлын Парис танхимд өнөөдөр (2023.04.21) болж байна.

Чуулганыг дэмжиж ажилсан Австралийн Холбооны Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Кэйти Смит нээлтийн үг хэллээ. Тэрбээр “Уул уурхайн салбар Австралийн нийт ажлын байрны 10 хувь, нийт экспортын 70 хувь, ДНБ-ний 15 хувийг эзэлдэг. Хүний нөөцийг чадавхыг бэхжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж чухал шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх нь уул уурхайн салбарын инновацыг хөгжүүлэх хүчин зүйл юм” гэв.


“Digitalisation in mining Mongolia” чуулганаар Австралийн технологийн MAPTEK, DomainMCF, PETRA Data Science компаниудын удирдах албаны төлөөлөгч, мэргэжилтнүүд зорин иржээ. Үүлэн тооцоолол, машин сургалт, IOT зэрэг хиймэл оюун ухаанд (AI)суурилсан нэн шинэ үеийн технологийн дэлхийн чиг хандлага, улс орнуудын уул уурхайн салбарт нэвтрүүлсэн туршлагаас танилцуулна. Эдгээр технологийг Монголын эрдэс баялгийн салбар, уурхайнуудад нутагшуулах боломж болон сорилт, ач холбогдол, манай улсын дижитал дэд бүтцийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Тухайлбал, GeoSpatial Manager вебд суурилсан платфторм дээр ордын 3 хэмжээст загварчлал үүсгэж, анализ шинэчлэлтийг хийх, машин сургалтын (machine learning) алгоритм ашиглан богино хугацаанд ордын нөөцийг 3D орчинд загварчлан тооцоолоор аргачлалаас үзүүлэх аж.

Эхний илтгэлийг арга хэмжээг зохион байгуулагч АЙ ТИ ЭКСПЕРТС компанийн Гүйцэтгэх захирал А.Мөнхбадрал тавьсан бөгөөд уул уурхайн салбарын дижитал шилжилтийг чиг хандлагыг ярьсан. “Дижитал өөрчлөлт нь баялгийн олборлолтод хандах хандлагыг өөрчлөх онцгой боломжийг бидэнд олгож байна. Дижиталчлалыг хэрэгжүүлснээр бид уул уурхайн салбарт илүү аюулгүй, илүү үр ашигтай, байгаль орчин ээлтэй ирээдүйг бий болгож чадна. Хамтдаа дижиталчалын хүчийг нээж, уул уурхайн салбарын шинэ мөрийг гаргацгаая” хэмээн илтгэлээ дүгнэсэн юм.

Илтгэлийг хиймэл оюун ухаан ашиглан уул уурхай болон дижитал шилжилт гэсэн өгөгдлөөр ердөө 2 минутад бичсэн байна. Үүгээрээ технологийн дэвшил нт мэдээллийг хэр хурдан боловсруулж болохыг харуулахыг зорьжээ.

Арга хэмжээний үеэр ШУТИС, Монгол-Германы технологийн сургуульд Австралийн 3D загварчлал, орон зайн шинжилгээ, дизайны технологийн программ хангамж хөгжүүлэгч Maptek компани Уурхайн төлөвлөлтийн сургалтын программ хангамжийн 1.5 сая австрали долларын лицензийг хандивлах ёслол боллоо. Ёслолын дараа ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн доктор Г.Уранбайгаль “Оюутнууд өдөр тутамдаа дата мэдээллийг боловсруулах шаардлага гардаг. Сүүлийн үеийн программ ашиглах эрхтэй болсноор дата мэдээллийг хурдан боловсруулах, эрдэм шинжилгээ, судалгааны бүхий л үйл ажиллагаанд ашиглах боломжтой боллоо” гэдгийг тодотгов.
Тэгвэл хүдрийн биетийг судлах программ хангамжийг хөгжүүлэгч Petra компаниас Жордан Херрмани Zoom-ээр холбогдож оролцлоо. Хиймэл оюун ухаанаар уул уурхайн мэдээллийг задлан шинжлэх тухай тэрээр илтгэл тавьсан. Үүлэн технологийн давуу талыг “Намайг уул уурхайд ажиллаж эхлэхэд байгууллагын өгөгдлүүд энд тэнд нийтэд тархсан байдалтай байсан. Үүнээс болж зөрүүтэй өгөгдөл бий болдог. Харин үүлэн технологи мэдээллийг хялбар байдлаар хуваалцахаас гадна байгууллагад ганц эх сурвалжтай байх боломжийг бүрдүүлсэн” гэж тайлбарлаж байна.

“Digitalisation in mining Mongolia” чуулганаар дэвшүүлсэн чухал асуудлын нэг бол Шинэ технологи нэвтэрснээр уул уурхайн салбарт ажилгүйдэл бий болох уу?

Уурхайчид мэргэжлийн, геологийн үндсэн ажлаа хийх боломжийг технологийн программууд авчирч байна. Харин программ хангамжийн суурийг IT инженерүүд хийж, өгөгдлийн санг бий болгох шаардлагатай. Хиймэл оюун бол хэн бүхэнд нээлттэй. Түүнийг ашиглах тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай талаар хэлж байлаа.

Чуулганы үдээс хойш машин сургалтын алгоритм болон загасан нүдэн камер ашиглан хүнд даацын тээврийн хэрэгслийн эзлэхүүн тооцооллыг уул уурхайн салбарт нэвтрүүлэх, зураг боловсруулах аргачлалаар тэсэлгээний дараах чулуулгийн бутлагдлын шинжилгээ хийх, уул уурхайн 3D загварчлал, уурхайн виртуал орчин, үүлэн тооцоололд суурилсан өрөмдлөг тэсэлгээний оновчлол, Эрдэнэт УБҮ-т лидар хэмжилт багажаар овоолгын эзлэхүүний өндрийг нарийвчлан тооцоолол, Оюутолгойн ил уурхайд машинд суурилсан хөдөлгөөнт лазерын сканер гэсэн аргачлалуудыг Монгол талын мэргэжилтнүүд танилцуулахаар арга хэмжээний хөтөлбөрт тусжээ.

“Уул уурхайн дижитал шилжилт” чуулганыг Монголын Уул уурхайн маркшейдерийн холбоо, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоод дэмжин ажиллажээ.

Австрали нь Монгол Улсын гуравдагч хөрш. Уул уурхайн олон жилийн түүхтэй орон. Австралийн эдийн засгийн гол багана гэж үздэг уул уурхайн салбар нь нийт ажлын байрны 10 хувь, нийт экспортын 70 хувь, ДНБ-ий 15 хувь эзэлдэг. Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй билээ. Тухайлбал “Монгол, Австралийн эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (AMEP)” хөтөлбөрийг хэрэгжүүлж, уул уурхайн тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна.