Э.МИШЭЭЛ
Монгол-Япон бизнес форумын хэлэлцүүлгийг эдийн засагч Д.Жаргалсайхан модератор удирдаж, зарим тодотгох зүйлд дундуур нь санал бодлоо илэрхийлсэн юм. Панелистаар Азийн хөгжлийн банкны Зөвлөх Д.Мөнхбат, МҮХАТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Монгол-Япон төвийн JICA-ийн Бизнес хөгжлийн мэргэжилтэн Накамура Коо, Монголын Кайзен холбооны Дэд ерөнхийлөгч Ж.Хишигжаргал, Монгол дахь Японы худалдааны танхимын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Дөлгөөн нар оролцов. Тэдний хэлэлцүүлэг бизнес эрхлэгчид ямар шалтгаанаас Японтой хамтарч ажиллахад хүндрэлтэй байдаг, Японы компаниуд ямар шаардлага тавьдаг, хоёр орны харилцаанд хамгийн тулгамддаг асуудал болох тээврийг хэрхэн зохицуулж болох зэрэг асуудалд төвлөрсөн.
ЯПОН РУУ 12 ТӨРӨЛ, АНГИЛЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ГАРЧ БАЙНА
Модератор Д.Жаргалсайхан манай улсын экспорт яагаад Япон руу ахиц муутай байна вэ? гэсэн асуултаар хэлэлцүүлгийг эхлүүлэв. Азийн хөгжлийн банкны Зөвлөх Д.Мөнхбат “Энэ асуултад хариулахаас өмнө хөрөнгө оруулалт гэж юу болох талаар хэлье. Хөрөнгө оруулалт энэхүү арга хэмжээний чухал асуудал байх болов уу. Хөрөнгө оруулалтын статистик мэдээллийг авч үзвэл Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт хоёр шууд хамааралтай. Тиймээс Засгийн газар Эдийн засаг, хөгжлийн яам дээр энэ чиглэлд ажил хийж байна. Энэ ажилд оролцож байгаа учраас зарим мэдээллийг хүргэе. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад 41.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүний 42 хувь нь Оюутолгойн төсөлтэй холбоотой. Харин 73 хувь нь уул уурхай, 11 хувь нь худалдаа эзэлж байна. Тэгвэл боловсруулах чиглэлд хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Монгол Улсад 250 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Үүнээс 9-10 мянга орчим нь ГХО-тай аж ахуйн нэгжүүд юм. Гэтэл ГХО-тай аж ахуйн нэгжүүд нийт татварын 16 хувийг бүрдүүлдэг. Гурван жилийн өмнө энэ хэмжээ 26 хувь байсан. Буурч байна гэсэн үг. Иймээс хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хэрэгцээ шаардлага бий болсныг ЭЗХЯ-ны зүгээс хэлж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барьсан. Монгол Улсад Япон Улс шинэ инновац, технологийн анхны хөрөнгө оруулалт хийсэн улс. 1996 онд Мобиком орж ирсэн. Бидний зүгээс Мобиком амжилттай хөрөнгө оруулалт хийсэн гэж хардаг. Гэтэл аливаа бизнесийн харилцаа итгэл дээр тогтох ёстой. 30 жилийн хугацаанд Мобикомыг дагаад Японы томоохон хөрөнгө оруулагчид орж ирсэнгүй вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Манайд асуудал байна. Жишээ нь, хөрөнгө оруулсан иргэд оршин суух виз байдаг. Нийт виз авсан иргэдийг улсаар нь үзвэл 48 хувь нь Хятад, 16 хувь нь Солонгос, 3 хувь нь Япон. Тэгэхээр урт хугацааны харилцаа, түншлэл Японтой хийх хэрэгтэй байгааг харуулж байна. Мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байна. Энэ бол 5,700 бүтээгдэхүүн зарах асуудал биш. Хэлэлцээрт эдийн засгийн өргөн хүрээнд хамтран ажиллах заалт байдаг. Нэг заалт нь хөрөнгө оруулалтыг хамгаалсан заалт бий. Хоёр улсын иргэд бие биедээ хөрөнгө оруулбал таны оруулсан хөрөнгө оруулалтыг хамгаална гэсэн байдаг. Тэгэхээр худалдаа наймаа гэхээс илүүтэй хөрөнгө оруулалт руу чиглэсэн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй болов уу”
МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Монгол Улсын экспортын 93 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Үлдсэн 7 хувь нь уул уурхайн бус бүтээгдэхүүн. Энэ дотроо дийлэнх нь эцсийн бүтээгдэхүүн бус, түүхийгээр экспортолдог. Бид өөрсдөө олон улсын шаардлага хангасан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадамж байхгүй байна. Монгол Улсад 1095 аж ахуйн нэгж экспортын чиглэлээр ажиллаж буй. Тэдэнд тулгамдсан асуудал бол бодлогын дэмжлэг, экспортын санхүүжилт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд дэмжлэггүй гэсэн судалгааны дүн гарсан. Дараа нь тээвэр, логистик, үйлдвэрлэгчийн чадавхын асуудал бий. Японы зах зээлийг тухайлан авч үзвэл, 2016 оны худалдааны хэлэлцээрийн жилд Монгол Улсаас гарах гарал үүслийн бичиг авсан 722 бүтээгдэхүүн байсан бол 2019 онд 98 хувиар өсөж 1430 болсон. Харин цар тахлын дараа 2022 онд 467 болсон байна. Цар тахлын үеэр уул уурхайн бус жижиг, дунд үйлдвэрлэл хамгийн ихээр өртсөн. Япон руу гарч байгаа бүтээгдэхүүнийг аваад үзвэл ноолуур, хөнгөн цагааны хайлш, зэс, хонины өлөн, арьс шир, гүүний хөлдөөсөн эхэс, давс, чацаргана, эсгий бүтээгдэхүүн, хивс, чацарганы тос гэсэн үндсэн 12 төрөлд ангилагдаж байна. Жижиг дунд үйлдвэрлэгчдийн хийдэг бүтээгдэхүүн байгаа. Нийт экспортын 0.1 хувийг эзэлдэг. Тиймээс төр бодлогоор аж ахуйн нэгжүүдээ дэмжихээр орж ирэх шаардлагатай байна. Дараагийн асуудал бол Монгол, Японы худалдааны хэлэлцээр хийх асуудлаа таниулж чадаагүй. Зөвхөн Япон-Монголын төв, эсвэл МҮХАҮТ-д тус тусдаа сургалт хийгээд, тэнд нь мэдээлэлд ойрхон байдаг хүмүүс байнга ирдэг. Бас цогц арга хэмжээг хийгээгүй. Дараа дараагийн шат руу гаргаж чадаагүй. 2016 оны хэлэлцээрээс хойш Японы 100 гаруй аж ахуйн нэгж нэмэгдэж 600 гаруй аж ахуйн нэгж одоо Монголд үйл ажиллагаа явуулж байна. Японы импорт тогтмол өсөлттэй байгаа бол манайх ийм байж чадахгүй байна. Худалдааны хэлэлцээрт харилцан ашигтай байх ёстой гэсэн. Иймээс үүн дээр бид ажиллах хэрэгтэй гэж харагдаж байна”
МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ДАВУУ ТАЛЫГ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ СУРТАЛЧЛАХ НЬ ДУТМАГ БАЙНА
Монгол-Япон төвийн Жайка бизнес хөгжлийн мэргэжилтэн Накамура Коо “Японы компаниуд яагаад Монголд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай вэ, давуу тал нь юу вэ гэдэг нь тодорхой байдаггүй. Монголын зах зээл жижиг гэж харагддаг. Гэхдээ давуу тал бий. Үүнийг монголчууд өөрсдөө хөөцөлдөж, таниулж сурталчлах ёстой. Хятадын компаниуд Японоос хөрөнгө оруулалт татахын тулд өөрсдийнхөө давуу талыг танилцуулж чаддаг. Монголд энэ дутмаг байна”
Монголын Каизэн холбооны Дэд ерөнхийлөгч Ж.Хишигжаргал “Японы зах зээлд гарахад тээвэр логистикийн асуудал тулгардаг. Хөрш хоёр улсаар дамжиж гарах хэрэгтэй болдог. Үүнд хугацаа их ордог. Ирж, очихдоо нэг талдаа 2-3 сар болдог. Өрсөлдөөний нэг зүйл бол богино хугацаанд нийлүүлж чаддаг байх. Тэгэхээр нийлүүлэлтийн хугацааг богиносохын тулд агаарын тээврийг ашиглах хэрэгтэй. Ингэхээр үнэ өртөг нэмэгддэг. Манай компаниуд бүтээгдэхүүнээ борлуулахад хөгжсөн орнууд буюу Шинэ Зеланд, Австрали, Канад, Мексик зэрэг улсын глобал хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг компанитай өрсөлдөх хэрэгтэй болдог. Иймд бид зардлаа бууруулах шаардлага гардаг. Ингэхээр гинжин хэлхээндээ хамтран ажиллахгүй бол нэг компанийн чармайлтаар үнээ буулгах гэдэг хязгаартай. Бараг л ажилчдынхаа цалинг бууруулах хэмжээнд байсан ч гэсэн удаан үргэлжлэхэд төвөгтэй. Япон талаас үнийн тогтвортой байдлыг шаарддаг. Үнийн тогтвортой байдал гэдэг бол малын гаралтай түүхий эдийн хувьд улирлын чанартай өсдөг. Түүхий эдийн үнэ үргэлж өсөж байгаа. Японтой үнийн тогтвортой байдлын гэрээ хийвэл компани үр ашгаа бууруулах хэрэгтэй болно. Иймээс Японы зах зээлд гарна гэдэг ганц компанийн хийх зүйл биш”
Монгол дахь Японы худалдааны танхим ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Дөлгөөн “Экспорт сайжрахгүй байгаа гурван том зүйл байна. Нэгдүгээрт, ойлгомжгүй байдлыг сайжруулж чадахгүй байна. Жишээ нь, энэ оны тавдугаар сард гаалийн систем шинэчлэгдсэн. Өмнө нь бичиг цаасаа бариад дугаарлаж зогсдог байсан бол одоо цахим болсон. Энийг байгууллагууд мэдээгүй. Нэг талдаа төрийн байгууллага, холбогдох байгууллага мэдээллээ сайн цацах. Нөгөө талд хувийн байгууллагын хүний нөөц нь ямар өөрчлөлт гарч байгааг тэмдэглэж, өөрчлөлтийг хүлээж авч хурдтай хөдлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, салбарын үр дүнтэй байдал. Манайд өрсөлдөх чадвар байхгүй байна. Шинэ бүтээгдэхүүн амжилттай гаргалаа гэхэд ганцаар Японы зах зээлд хүргэж чадахгүй. Олон хүнтэй хамтрах шаардлагатай болдог. Энд өндөр зардал тусдаг. Үүн дээр олон байгууллага унаж байна. Гэхдээ энэ бол амархан болчих үйл явц биш. Аажим боломжтой болно гэж бодож байна. Гуравдугаарт, зөвхөн Япон гэлтгүй бусад оронтой гадаад худалдаа сайжруулахын тулд хувийн хэвшлийн эрчимжилт сайн байх хэрэгтэй. Жижиг, дунд бизнес дэлхий даяар байна. Энэ харилцааг сайжруулах хэрэгтэй. Японы талаас 150 компанийн жагсаалт ирсэн. Танхимын зүгээс энэ ондоо амжвал Монгол талынхаа байгууллагуудтай холбох санаатай байна. Үүнээс гадна манай жижиг, дунд бизнесийнхэн хоорондоо худалдааны эргэлтээ эрчимжүүлэх хэрэгтэй”
МОНГОЛ УЛС ХУДАЛДААГ ДАНГААРАА ХАРИУЦСАН ТӨРИЙН БҮТЭЦГҮЙ
Панелистууд Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа асуудал ямар байгааг өөр өөрийнхөө харж буй өнцгөөр ийнхүү тавьсан. Харин модератор, эдийн засагч Д.Жаргалсайхан тэдний гаргаж ирсэн асуудалд ямар шийдэл, өөрчлөх ямар боломж байгааг тодруулж асуусан юм.
Азийн хөгжлийн банкны Зөвлөх Д.Мөнхбат “Шийдэл гэвэл хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах шаардлагатай. Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Эхний хэлэлцүүлэгт 700 гаруй санал ирсэн. Бүх саналд авсан, аваагүй гэж хариулт өгөөд хоёр дахь хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтыг татахын тулд хуулийн орчныг сайжруулах шаардлагатай. Хуулийн нэмэлт өөрчлөлтөд эргэх холбоотой ажилласан нь сайн туршлага гэж үзэж болох юм”
Модератор Д.Жаргалсайхан “Хэрэв манай оронд хууль сайн хэрэгжсэн бол Швейцар шиг хөгжих байлаа. Хууль гаргах нэг хэрэг, хэрэгжүүлэх нэг хэрэг гэдгийг анхаарах хэрэгтэй гэж бодож байна” гэв.
МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Монголд дотооддоо хийгдэх ёстой асуудлууд байна. Түүнчлэн стратегийн түншлэл, зах зээлд нэвтрэх гээд шат дараатай хийгдэх асуудлууд байгаа байх. Хувийн зүгээс хардаг зүйл бол Монгол Улс худалдааг дангаараа хариуцсан төрийн бүтэцгүй. Гадаад харилцааны яам бол дипломат харилцаа, чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулдаг. Тэгсэн хэр нь мониторинг хөгжүүлэлт хийхгүй байна. Энэ алдаа болж ирсэн гэж хардаг. Аж ахуйн нэгжүүд гадаад худалдаа, экспортын тухай чиглэл авах төрийн байгууллага байхгүй байна. Танхим өөрөө бүтэцгүй хэр нь энэ чиг үүргийг олон жил хэрэгжүүлж ирсэн. Цаашдаа гадаад худалдаа хариуцсан чиг үүрэг бүхий байгууллагыг байгуулах хэрэгтэй болов уу. МХАҮТ-ын зүгээс Японд өндөр техник, технологи, ноу-хау байна. Иймээс Монголд тэднээс боловсруулах чиглэлийн хөрөнгө оруулалтыг бий болгож, чөлөөт бүсүүдээ явуулаад, Орос, Хятад, Төв Азийн зах зээлд гаргахыг зорьж байна. Монгол-Хятад-Япон гэсэн Бизнесийн зөвлөл байгуулахаар ирэх даваа гарагт Японд очиж ажиллахаар төлөвлөж байна.
Монгол-Япон төвийн JICA бизнес хөгжлийн мэргэжилтэн Накамура Коо “Монголын арьсыг чанартай гэж япончууд хэлдэг байсан. Гэтэл нэг өдөр Монгол компаниуд гадагшаа арьсаа нийлүүлж чадахгүй болсон. Самар, чацарганын үйлдвэрүүд олдоцгүй болчихлоо гэж ярьж байсан. Ингэхээр олдцыг сайжруулахын тулд цөөн хэдэн ийм зэрэг компаниудын хангалтыг сайжруулах шаардлагатай байгаа. Мөн өөр экспортын нэг бүтээгдэхүүн болох ноолууран бараа хоёрын хооронд концепцитэй байдаг. Японы Uqilо гэхэд 10 мянган иенээр бараагаа борлуулдаг. Гэтэл ноолууран бүтээгдэхүүн түүнээс үнэтэй боловч чанаргүй. Мөн малын бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх хэрэгтэй байгаа” гэлээ.
Модератор Д.Жаргалсайхан "Малчид нийлж хоршоо байгуулах шаардлагатай байгааг хэллээ. Мөн ганц малчин нэг компанийн хангалтыг дангаараа нийлүүлж чадахгүй"
ЯПОН ХҮНТЭЙ БИЗНЕС ХИЙХ ГЭЖ БАЙГАА БОЛ БҮХ НАСААРАА ХИЙНЭ ГЭЖ БОДОЖ ОРОХ ХЭРЭГТЭЙ
Монголын Каизэн холбооны Дэд ерөнхийлөгч Ж.Хишигжаргал “Монгол-Япон төв 2002 онд жижиг, дунд бизнес эрхлэгчид яаж ажиллавал өрсөлдөх чадвартай вэ гэдгийг сургаж ирсэн. Японы 30, 40 жилийн туршлагатай багш нар ирж зааж байсан. Японы зах зээлд ажиллах гэж байгаа бол Японы системийг бүх шатандаа судлаад, юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгийг мэдвэл дээрдэх болов уу. Бизнес эрхлэгчид зардлаа бууруулахын тулд гинжин хэлхээн дэх бүх салбарууд хамтрах хэрэгтэй. Дэлхий дээрх сайн загвар бол кластер. Мөн мэргэжлийн холбоод зангидах үүрэгтэй, төр засагт дуу хоолойгоо хүргэдэг баймаар байна. Нөгөө талаас малын түүхий эдийг гэхэд албан бус салбарынхан Хятад байна уу, худалдаж авах газар руу гаргадаг. Гэтэл татвараа төлөөд явдаг бизнес эрхлэгчид албан бус салбарын бизнес эрхлэгчдээс малын түүхий эдийг аваад, эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортлоход төвөгтэй байдаг. Тиймээс кластерын загварыг ашиглах, мэргэжлийн холбоод стратегиа боловсруулаад төрдөө санал гаргах хэрэгтэй байна. Хөшигийн хөндийд онгоцны буудал баригдахад чартер нислэг Япон руу хийх боломж гарч ирэх байх гэж нэлээн хүлээлттэй байсан. МИАТ-ын нислэг багадаа 2 ам.доллар байгаа. Түүнээс бага болчихвол нийлүүлэлтийн хугацаа багасах боломжтой. Мөн Япон компаниуд итгэлтэй байдлыг чухалчилдаг. Сайн, муу, том, жижиг гэхээс илүү чамд итгэж болох уу гэдэг. Бизнес эхлүүлсэн бол итгэлийг нь алдахгүй байх хэрэгтэй. Тэгвэл япон хамтрагчид биднийг дэмжиж ажилладаг. Багцлаад хэлбэл бизнесийн зарчим болох чанар, үнэ тохиромжтой, хугацааны хувьд бага байвал экспорт сайжрах гээд байна”
Модератор Д.Жаргалсайхан “Сүүлд ирсэн хоёр том онгоц бол Монголын түүхэнд ирсэн хамгийн том онгоц. Доороо 50 тонн багтаамжтай. Харамсалтай нь үүнийг холын зайнд нисгэх бололтой юм билээ. Итгэл чухал. Япон хүнтэй бизнес хийх гэж байгаа бол бүх насаараа хийнэ гэж бодож орох хэрэгтэй”
Монгол дахь Японы худалдааны танхим ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Дөлгөөн “Хоёр орны хувийн хэвшлийн харилцааг өргөжүүлэх шаардлагатай. Ер нь энэ хэлэлцүүлэгт орохдоо улс төрийн манлайлал байгаасай гэж шүүмжлэл хэлэх гэж орж ирсэн. Яагаад вэ гэхээр Японд ажиллаж байхад мега төсөл буюу V цахилгаан станцтай холбоотой төсөл явж байсан. Цахилгаан станц барихтай холбоотой тендер зарлагдаж 2012 онд эцсийн консорциум тодорхой болсон. Засгийн газар баталгаа гаргах, ингэснээр хөрөнгө оруулагчид зоригтой хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэх хүлээлт байсан. Гэтэл улс төрийн манлайлал гаргаж чадаагүй. Гео улс төрийн эрсдэл байна гэсэн. Ойлгомжтой шүү дээ. Эрсдэл байна. Зөвхөн Монголд ийм зүйл болдоггүй. XIII зуунд Монгол өөрөө гео улс төрийн тоглолт хийж, олон улсыг хүнд байдалд оруулж байсан. Одоо бид Орос сайн, муу, Хятад, сайн, муу гэхийн оронд тулж ажиллах ёстой. Ингээд цахилгаан станцыг асуудал юу болсон бэ гэхээр газар байхгүй, баталгаа байхгүй гацсан. Эндээс улс төрийн манлайлал шаардлагатай гэдэг нь харагдсан. Харин жижиг, дунд бизнесийн экспортыг сайжруулахын тулд өргөн хүрээнд Японтой хамтран ажиллах шаардлагатай байна “