Есдүгээр сард Хятадын газрын ховор элементийн экспорт өмнөх сарынхаас 17.6 хувиар буурсан талаар тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ. Энэхүү бууралт нь дотоодын эрэлтийн ханган нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой аж. Дэлхийн хамгийн том экспортлогч улс өнгөрсөн сард 3935 метр тонн ГХЭ гадаад зах зээлд нийлүүлсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 хувиар буурсан байна.
Аравдугаар сард тохиосон 7 хоногийн амралтын улмаас дотоодын эрэлт нийлүүлэлт идэвхэжсэн, мөн Мьянмар улсаас нийлүүлэлт багассанаас Хятадын ГХЭ-ийн экспорт буурсан гэж Shanghai Metals Market-ийн шинжээч тайлбарлажээ. Хятадын ГХЭ-ийн импортлогчдын нэг Мьянмар улсад уурхайнуудын шалгалттай холбоотой ГХЭ-ийн экспортоо түр зогсоосон юм.
Есдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар, Хятадын зах зээл дээр ГХЭ-ийн празеодим, неодим үнэ 637 500 юань хүрч өмнөх сарынхаас 4 хувиар өсжээ. Тус улсын дотоодын зах зээл дээр ГХЭ-ийн үнэ өндөр байгаа нь экспорт буурахад бас нөлөөлж буй гэж шинжээчид үзэж байна.
Оны эхний 9 сарын байдлаар Хятад улс 17 төрлийн ГХЭ-ийн экспорт 40 371.8 тонн болж өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар нэмэгджээ. Мөн хугацаанд тус улс 134 334 тонн ГХЭ импортолсон нь өмнөх оны мөн үеэс 49.2 хувиар өссөн байна.