Засгийн газар УИХ-ын 2007 онд баталсан 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах шийдвэр гаргасан билээ. Ингэснээр Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 16 ордын тоог нэмэх, ямар ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах талаар яриа дахин сэргэж байна. Засгийн газрын тогтоол болон УИХ-ын 27 дугаар тогтоол, түүний 2-р хавсралтад багтсан 39 ордын мэдээллийг багцлан хүргэж байна.
Засгийн газар өнгөрсөн лхагва /2024.09.25/ гаригийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталсан. Тус тогтоолоор,
-“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад өөрчлөлт оруулах санал боловсруулах,
-Мөн тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарч байгаа хил зааг нь тогтоогдоогүй ордуудын талбайн хил заагийг тогтоох саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгалаа.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг ашиглаж байгаа хуулийн этгээдийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгав.
Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд стратегийн орд газрыг эргэлтэд оруулж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх, тэдэнд тэгш, шударга хүртээх эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй үүсээд байна. Дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
УИХ-ын 2007 онд баталсан 27 дугаар тогтоол нь Стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтыг баталсан байдаг.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ ДУГААР 27 2007 ОНЫ 02 ДУГААР САРЫН 06 ӨДӨР
Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай
Ашигт малтмалын тухай хуулийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :
1.Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсугай.
2.Тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ашиглаж байгаа Эрдэнэтийн зэс-молибдений орд, Монгол Улсын Засгийн газраас бусад хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж байгаа Төмөртэйн овооны цайрын орд, Нарийн сухайтын нүүрсний орд, Бороогийн алтны үндсэн ордын одоогийн ашиглаж байгаа нөхцөлийг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсүгэй.
3.Тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан ашигт малтмалын ордын болон энэ тогтоол батлагдсанаас хойш нөөц нь илэрсэн ордуудын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлж байхыг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай.
4.Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Асгатын ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаархи саналыг эхний ээлжинд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /М.Энхболд/-т үүрэг болгосугай.
УИХ-ЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт
д/д | Ордын нэр | Ашигт малтмалын төрөл | Байршил | Тайлбар |
1. | Улаан-Овоо | Нүүрс | Сэлэнгэ, Түшиг | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. |
2. | Өвдөг худаг | Нүүрс | Дундговь, Баянжаргалан | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо ашиглаж байгаа. |
3. | Баянтээг | Нүүрс | Өвөрхангай, Нарийнтээл | Хувьцаат компани ашиглаж байгаа. |
4. | Нүүрст хотгор | Нүүрс | Увс, Бөхмөрөн | Хувьцаат компани ашиглаж байгаа. |
5. | Хар тарвагатай | Нүүрс | Увс, Өмнөговь | Хувьцаат компани ашиглаж байгаа. |
6. | Адуунчулуун | Нүүрс | Дорнод, Хэрлэн | Хувьцаат компани ашиглаж байгаа. |
7. | Тэвшийн говь | Нүүрс | Дундговь, Сайнцагаан | Хувьцаат компани ашиглаж байгаа. |
8. | Талбулаг | Нүүрс | Сүхбаатар, Баруун-Урт | Хувьцаат компани ашиглаж байгаа. |
9. | Чандган тал | Нүүрс | Хэнтий, Мөрөн | Хувьцаат компани ашиглаж байгаа. |
10. | Хөөтийн хонхор | Нүүрс | Дундговь, Баянжаргалан | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. |
11. | Хөөт | Нүүрс | Дорнод, Матад | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. |
12. | Налайх | Нүүрс | Улаанбаатар, Налайх | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, уул техникийн нөхцөл хүндэрсэн. |
13. | Алаг тогоо | Нүүрс | Дорноговь, Даланжаргалан | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, нэмэлт хайгуулыг хувийн хөрөнгөөр хийсэн. |
14. | Зээгт | Нүүрс | Говь-Алтай, Чандмань | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо хувьцаат компани ашиглаж байгаа. |
15. | Могойн гол | Нүүрс | Хөвсгөл, Цэцэрлэг | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо хувьцаат компани ашиглаж байгаа. |
16. | Сайхан Овоо | Нүүрс | Булган, Сайхан | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо хувьцаат компани ашиглаж байгаа. |
17. | Баргилт | Төмрийн хүдэр | Хэнтий, Дархан | Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй. |
18. | Төгрөг нуур | Нүүрс | Төв, Баян | Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй. |
19. | Наран толгой | Алт | Төв, Жаргалант | Одоо бага хүчин чадлаар ашиглаж байгаа. |
20. | Тавт | Алт | Булган, Тэшиг | Хувийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц өссөн. |
21. | Төмөр толгой | Төмрийн хүдэр | Дархан-Уул, Хонгор | Тусгай зөвшөөрлийг цуцалсан. |
22. | Баян давааны бүлэг орд | Цагаан тугалга, гянтболд | Төв, Эрдэнэ | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор ашиглаагүй. |
23. | Улаан Уул | Цагаан тугалга, гянтболд | Баян-Өлгий, Улаанхус | Одоо бага хэмжээгээр ашиглаж байгаа. |
24. | Жанчивлангийн бүлэг орд | Цагаан тугалга, гянтболд | Төв, Эрдэнэ | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор ашиглаагүй. |
25. | Цагаан даваа | Цагаан тугалга, гянтболд | Төв, Баянчандмань | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор бага хэмжээгээр ашиглаж байгаа. |
26. | Мөнгөн Өндөр | Мөнгө | Хэнтий, Өмнөдэлгэр | Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй. |
27. | Хөх адар | Зэс, цайр | Баян-Өлгий, Толбо | Хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийгдэж байгаа. |
28. | Шаврын царам | Пироп | Архангай, Тариат | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор бага хэмжээгээр ашиглаж байгаа. |
29. | Шүдэн уул | Чулуун давс | Увс, Давст | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор ашиглаагүй. |
30. | Ширээ уул | Гөлтгөнө | Дундговь, Дэлгэрхангай | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. |
31. | Өвдөг худаг | Хүрэн нүүрс | Дундговь, Өндөршил | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо ашиглаж байгаа. |
32. | Цайдам нуур | Хүрэн нүүрс | Төв, Баян | Нөөцийн зэрэг С2-оос доош үнэлэгдсэн. |
33. | Цагаан цав | Цеолит | Дорноговь, Сайхандулаан | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо бага хэмжээгээр ашиглаж байгаа. |
34. | Манхан уул | Фосфорит | Хөвсгөл, АлагЭрдэнэ | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. |
35. | Онгилог нуур | Фосфорит | Хөвсгөл, АлагЭрдэнэ | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. |
36. | Лугийн гол | Газрын ховор элемент | Дорноговь, Хатанбулаг | Нөөцийн зэрэг С2-оос доош үнэлэгдсэн. |
37. | Хонгор | Жонш | Дорноговь, Даланжаргалан, Айраг | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. |
38. | Улаан | Цайр, Хар тугалга | Дорнод, Дашбалбар | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. |
39. | Цав | Цайр, хар тугалга | Дорнод, Чойбалсан | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн |