Байгаль орчны засаглал хөтөлбөрийн дэлхийн арга хэмжээ Женевт нээгдлээ

Н.АРИУНТУЯА (Женев хотоос мэдээлж байна)

Арваннэгдүгээр сарын 18-нд Женев хотноо Байгаль орчны засаглал хөтөлбөрийн (EGP Global event) дэлхийн арга хэмжээ нээгдлээ. Үүнд Байгаль орчны засаглал хөтөлбөрийн 11 орон оролцож буйн нэг нь Монгол Улс юм. Шведийн Байгаль хамгаалах агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2020-2024 онд хөгжиж буй зорилтот 11 оронд тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээр нь Аргентин, Конго, Колумби, Кени, Замби, Эквадор, Киргизстан, Либери, Монгол Улс, Мозамбик, Перу улс юм.

Хөтөлбөрийн орнууд эхний өдөр төслийн хугацааны ололт амжилт болон шинэлэг санаа, хэвшүүлэхийг зорьсон арга барилынхаа туршлага, сургамжаас хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн нь нэн сонирхолтой байсан.

Монгол Улсын хувьд хөтөлбөрийн хүрээнд олсон ололт амжилт цөөнгүй ч тэдгээрээс онцолж 3 амжилтыг хуваалцсан.

Эхнийх нь Хариуцлагатай уул уурхайн кодексийг боловсруулж, Монгол Улсын уул уурхайн салбарт нэвтрүүлсэн явдал. Уг кодексийг Монголын уул уурхайн үндэсний ассоциаци “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөр болгон өргөжүүлэхдээ дүрэмдээ тус ассоциацийн гишүүн компаниуд заавал дагаж мөрдөх механизм болгож тусгаснаар өдгөө 38 уул уурхайн компани кодекст нэгдэн амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Удаах нь иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээний аргачлалыг өөрийн орны онцлогт тохируулан боловсруулж, уул уурхайн салбарт хэрэгжүүлж эхлээд байна. Иргэний нийгмийн байгууллагуудын хэрэгжүүлж буй энэхүү туршилтын төсөл НҮБХХ болон EGP-ийн ашигладаг визуал өгүүллэгийн платформ болох Exposure-аас 2022 оны нэгдүгээр улирлын шилдэг туршлагаар нэрлэгджээ.

Гурав дахь ололтод Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх аргачлалыг албан ёсоор батлан мөрдүүлэхээр болсныг онцолжээ. Аргачлалыг нөхөн сэргээлтийн мэргэжлийн компани боловсруулж, холбогдох төрийн байгууллагууд болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч компаниудыг оролцуулан нөхөн сэргээлтийн жишиг болохуйц үзүүлэх сургалт зохион байгуулан туршсан байна. Монгол Улсад мөрдөгддөг уул уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал нь түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлогч жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд хэт нүсэрддэгийн улмаас нөхөн сэргээлт орхигддог явдал түгээмэл байсныг энэхүү санаачилгаар шийдэх боломжтой болсноороо ач холбогдолтой юм.

Эдгээр болон бусад жижиг мэт боловч маш хүртээмжтэйгээр түгэн дэлгэрэх боломжтой бодит санаачилгуудаараа  Монгол Улс хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн орны нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдөж байгааг EGP-ийн глобал баг онцлон дурдаж байна. Түүнчлэн хөтөлбөрийн бусад орноос ч Монголын сайн туршлагаас суралцах хүсэлтэйгээ илэрхийлж байв.  

Глобал арга хэмжээ энэ сарын 22 хүртэл үргэлжлэх бөгөөд уул уурхайн хаалт, санхүүгийн баталгаа, жендэр, хамтын оролцоотой байгаль орчны мониторинг, эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой ашигт малтмалууд зэрэг сэдвээр өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөх юм.