Дэлхийн зах зээл дээр уран 73 ам.долларын үнээр өнгөрсөн жилийг өндөрлөсөн. 2024 оны хоёрдугаар сард шар нунтгийн үнэ сүүлийн 17 жилийн дээд цэгтээ хүрч буурсан юм. Citi-ийн шинжээчид энэ жил үраны үнэ 110 ам.долларт хүрнэ гэсэн таамгийг дэвшүүлжээ.
2050 он гэхэд нүүрсхүчлийн ялгарлыг тэглэх зорилтод хүрэхийн тулд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатайг IEA тооцоолсон.
Олон улсын стратегийн хүрээлэнгийн судлаач Фредерик Жаннин “Одоогоор дэлхийн хэмжээнд ураны хэрэглээ жилд 75 мянган тонн байна. Хэрэв энэ чиг хандлага хэвээр байвал 2050 он гэхэд жилд 130-140 мянган тоннд хүрэх ёстой. Гэхдээ ураны зах зээлд түүхий эд, тухайлбал олборлосон ураны бэлэн байдал тодорхойгүй байна. Өнөөдөр ураны 70 орчим хувийг шууд уурхайгаас олборлож байгаа бол үлдсэн хувийг хоёрдогч эх үүсвэр буюу стратегийн нөөц, боловсруулалтаас гаргаж байгаа” гэжээ.
Өнгөрсөн жил Meta, Google, Microsoft, Oracle зэрэг технологийн компаниуд өөрсдийн дата төвийн эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд цөмийн эрчим хүч үйлдвэрлэхээр болсноо зарласны дараа олон улсад ураны олборлолт нэмэгджээ.
2024 оны хамгийн онцлох хэлцлийн нэг бол Паладин Энержи нь Канадын Fission Uranium компанийг 1.14 тэрбум канад доллароор худалдаж авсан явдал юм. Тэгвэл ураны томоохон үйлдвэрлэгч орон Оросын хувьд Казахстан дахь төслүүдийн хувь эзэмшлээ худалдаж, харин худалдан авагч нь Хятадын компаниуд байсан нь анхаарал татсан. Энэ нь дэлхийн ураны зах зээл дээр Хятадын компаниуд гарч ирж буйг харуулж байна.
Дэлхийн ураны нийт үйлдвэрлэлийн 15 хувийг бүрдүүлдэг улс Канадын Cameco корпорац өөрийн McArthur River төслийн ураны олборлолтыг 18 саяас 25 сая фунт болгож нэмэгдүүлэхийн зэрэгцээ Cigar Lake уурхайн ашиглалтын хугацааг уртасгахаар төлөвлөжээ. Франц улс ураны салбартаа шинэчлэл хийх хүрээнд хамгийн том үйлдвэрлэгч “Orano” компанид 330 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм.