Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар 3 дахь мега төслөө хөдөлгөж чадлаа

Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын “Орано Майнинг С.А.С” компани хооронд Хөрөнгө оруулалтын гэрээг (2025.01.17) үзэглэлээ. Ёслолын арга хэмжээнд  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд оролцов. Энэхүү гэрээнд Монголын талаас ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, АҮЭБ-ийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол”компанийн Гүйцэтгэх захирал Н.Наранцогт болон Францын талаас БНФУ-ын Европ, гадаад хэргийн сайдын дэргэд дэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартай, "Орано" группийн Гүйцэтгэх захирал Никола Мас, “Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард нар гарын үсэг зурлаа.  

Монгол Улсын Ерөнхий сайд “Өнөөдөр Монгол, Франц Улс ураны төсөлд хамтран ажиллах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байна. Энэ гэрээ бол Монгол Улс гурав дахь хөрш оронтой хийж буй хоёр дахь Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой. “Монголын за бол андгай” хэмээх эцэг дээдсийн үг бий. Энэ бол Монголын Парламенттай нээлттэй мэтгэлцээнээр хэлцэл хийх хялбар биш ч гэсэн нэгэнт хэлцэл хийгдсэн бол эрх зүйн хувьд тогтвортой гэсэн агуулга юм. УИХ-аар соёрхон батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ирээдүйд хэлбэрэлтгүй дагаж мөрдөх болно. 

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх хүрээнд бид хамтдаа тогтолцооны шинэчлэл хийсэн. 2023 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоо руу шилжлээ. 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд Хамтарсан Засгийн газар байгуулагдаж “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хөтөлбөрийг дэвшүүлж олон жилийн хугацаанд улс төрж төржин гацсан 14 мега төслийг хэрэгжүүлэхээ зарласан билээ. Хамтарсан Засгийн газар өнөөдөр 3 дахь мега төслөө хөдөлгөж чадлаа. Энэ төсөл нийгэм эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчныг ч цоо шинээр ойлгуулж, гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлтийг авчрах эхлэл цэг эхлэл цан болж чадна гэдэгт итгэлтэй байна. 

Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх чухал алхмыг Монгол Улс мөн хийж чадлаа.

Монгол Улсад байгалийн баялгаа цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд зориулан эдийн засгийн эргэлтэд оруулж байгааг өнөөдөр дурдахыг хүсэж байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэнд 5 орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд Орон нутгийн хөгжлийн санд Баялгийн сангаар дамжиж 44 сая ам.долларыг шууд шилжүүлж, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг төсөл ноогдол ашиг хүлээхгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн иргэдийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд төвлөрч эхлэх болсноороо онцлог. 

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд хөрөнгө оруулагчдыг хязгаарлах биш харин хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай зөвшилцөх том төслүүдээ хөдөлгөхөд иргэдийн оролцоог хангах, дэмжлэгийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой эрх зүйн орчин бүрдсэн гэдгийг энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээ олон улсад ийнхүү нотолж байна. 

Төсөл хэрэгжих олон улсын стандартыг Казахстан Улсын сайн туршлагад үндэслэн хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлж, байгаль орчин, нөхөн сэргээлт, чанарын стандартыг нарийвчлан хангаж ажиллахыг Монголын ард түмэн, мөн иргэний нийгмийн байгууллагууд шаардаж байгааг хөрөнгө оруулагч талд бас сануулъя. Мөн Франц, Европын холбооны стандартад нийцсэн уран олборлох шинэ техник технологи, нөү-хау Монгол Улсад нутагшуулж шинэ төрлийн үйлдвэрлэлд баригдах нарийн мэргэжлийн өндөр үнэлэмжтэй 1600 гаруй мэргэжилтэн бэлтгэх монгол иргэдээс чадварлаг хүний нөөц бүрдүүлэх гэрээний үндсэн үүргээ биелүүлж ажиллахыг мөн хүсэж байна. 

Монгол Улс ковидоос хойш хамгийн хурдтай өсөж буй эдийн засагтай улсын хувьд дэлхийн бүхий л улс орны Засгийн газар, хөрөнгө оруулагчид, Баялгийн сангуудтай эрдэс баялаг цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, ХАА, аялал жуулчлал, тээвэр, логистик, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байна”