Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох эсэхийг УИХын чуулганаар хэлэлцэх үеэр (2025.06.12) тэрбээр УИХ-ын гишүүдийн асуултад 10 шахам цаг хариулсан. Тэдгээрээс уул уурхайтай холбоотой хариултыг түүвэрлэн хүргэж байна.
◆ Миний хувьд УИХ-ын дарга байхдаа баялагтаа эзэн байх зарчмыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж батлуулсан. Үндсэн хуулийн 6.2-т оруулсан энэ нэмэлт өөрчлөлтийг бид Норвегийн үндсэн хуулиас жишиг авч боловсруулсан. Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, үр өгөөжийг одоо болоод ирээдүй хойч үеийн иргэн бүрдээ хүртээмжтэй болгох энэхүү санааг хэрэгжүүлэхээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өнгөрсөн жил баталсан. Батлуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Баялгийн санг амилуулах нь Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа нэг шалтгаан, зорилго маань. Нэр дэвшсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө бүхий л хүч чадлаа зориулна. Баялгийн санг арвижуулах, менежментийг оновчтой хийх, ард түмэндээ өгөөжтэй байлгах бодлого хэрэгжүүлнэ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг илүү үр дүнтэй болгохын тулд Ирээдүй өв сангийн тухай хуультай уялдуулан Орон сууцжуулалтын банктай болох санаачилга дэвшүүлж байгаа.
◆ Стратегийн орд эзэмшигч компаниудтай яриа хэлэлцээ эхлүүлж, төрийн хатуу зөөлөн арга бүхнийг ашиглаж, Баялгийн санг үр өгөөжтэй болгоно. Хэлэлцээрийг ил тод явуулна. Гэхдээ бусдад таалагдахын тулд богино настай шийдвэр гаргахгүй. Хууль зөрчсөн үйлдэл болгоныг ил тод болгож, Салхитын мөнгөний орд шиг улсын мэдэлд, Үндэсний баялгийн сандаа авна.
◆ Баялгийн татвар шинээр гаргаж ирэх шаардлага ч гарч ирж болно. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг Баялгийн татвар гэж өөрчлөн, роялти гэсэн утгатай нь нийцүүлж, орон нутагт тодорхой хувь үлдээхээр хуульчлан, ард иргэдийн хяналтад оруулж, Үндсэн хуулийн 6.2-ыг амилуулах нь чухал. Үндэсний баялгийн санг хөрөнгөжүүлэх үндэс нь АМНАТ-т шинэчлэл хийх замаар хэрэгжих ёстой гэж ойлгодог. Энэ талаар ялангуяа говиос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтарч ажиллахад бэлэн.
◆ Хувийн байр суурь бол “Онтрэ”-тэй тусдаа гэрээ хийх ёстой гэж үздэг. Холбогдох яамд, УИХ-ын Ажлын хэсэгтэй хэлэлцээд, тодорхой шийдэл гаргана. Бүх хөзрөө өнөөдөр дэлгэх боломжгүй.
◆ Өмнөх Засгийн газрын бодлогыг үгүйсгэхгүй, тууштай үргэлжлүүлнэ. 14 мега төслийг улс төрийн циклээс ангид, бодлогын түвшинд тогтвортой хэрэгжих баталгааг институцийн болон хууль эрхзүйн орчноор бүрдүүлэх ёстой гэж үздэг. Мега төсөлд ус тэргүүлэх ач холбогдолтой. Говийн усны төслүүдийг хэрэгжүүлэх нь нэн чухал. Гэхдээ “Хэрлэн-Тооно” төслийн хувьд хэрэгжих болоогүй, санхүүжилт тодорхойгүй, нэгдсэн ойлголцолд хүрээгүй гэж ойлгож байгаа.
◆ Алтны үнэ 3429 доллар болж түүхэн дээд хэмжээнд хүрч байгаа бол нүүрсний үнэ 2 дахин унаад байна. Гэтэл он гарсаар өнөөдрийн байдлаар 3.4 тн алт Монголбанканд тушаагдсан нь чамлалттай үзүүлэлт. Алтны олборлолт харьцангуй сул байна. Оргил үедээ манай улс 24 тн алт Монголбанканд тушааж байсан. Өдий үед 7-10 тн буюу хоёр дахин ихийг тушаадаг байсан. Тиймээс “Алт 3” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хямралыг боломж болгохын тулд төсвийн тодотгол оруулж ирнэ. “Алт 3” хөтөлбөрийг зөв хэрэгжүүлснээр валютын орлого нэмэгдэнэ. Алтны худалдааг уян хатан болгох ёстой. Төв банкны алтны нөөцийг нэмэгдүүлэх замаар монгол төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, инфляцаас ангид байх нь чухал. Иймээс нийт олборлолтын 40-50 хувийг албан худалдан авалт болгохын тулд бичил уурхайчдын хууль эрх зүйн орчныг сайжруулж, уян хатан нөхцөлөөр хангавал алтны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гол нөхцөл болно.
◆ ДНБ-ийг нэмэгдүүлж, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад уул уурхай зонхилох үүрэгтэй. Салбарын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах нь тэргүүн зорилт байх ёстой. Уул уурхайн салбарын ажилчдын тогтвортой байдлыг хангаж ажиллана. Уул уурхайн салбарын аюулгүй байдал, олон улсын стандартыг хангах, мэргэжлийн сургалт, дахин сургалтын тогтолцоог бэхжүүлэх, орон нутгийн ажилтны оролцоог нэмэгдүүлэхийг чухалчилна.
◆ Гашуунсухайт-Ганцмод боомтын дэд бүтцийг олон улсын стандартын дагуу өргөтгөж, хил гаалийн нэгдсэн удирдлага болон цахим шилжилтийг бүрэн нэвтрүүлэх замаар илүү үр дүнтэй болгох бололцоотой.
◆ Нүүрс-химийн болон алт боловсруулах үйлдвэрүүдийг дотоодын хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагаанд тулгуурлан хөгжүүлэх шаардлагатай. Ган төмөргүйгээр улс орон хөгжихгүй. Зэс критикал минерал боллоо. Тиймээс зэс, төмөр хоёр тэргүүн зорилт байх ёстой.
◆ “Орано” компанитай байгуулсан гэрээний хувьд байгаль экологид үзүүлэх нөлөөллийг үнэлж, шалгаж, эрсдэлийн нөлөөллийн үнэлгээ хийсний үндсэн дээр хамтын шийдвэр гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
◆ Ашигт малтмалын ордыг бартердах санаа маш эрсдэлтэй. Үнэ тодорхой бус, хяналт сул, авлига ихэвчлэн дагалддаг. Зөв зам бол тендер. Тендер нь бэлэн мөнгөөр бодитой үнэлэгддэг. Манай улсын нөхцөл байдлыг харахад үнэлгээ, хяналтыг ил тод байлгаж, ард түмний хяналтыг сайжруулах нь зөв.
Майнинг Инсайт сэтгүүл, 6-7 дугаар сар, 2025 №06, 07 (043, 044)