Тяньжинд “China Mining 2025” арга хэмжээгээр “Mining in Mongolia” өдөрлөг боллоо

БНХАУ-ын Тяньжин болж буй “China Mining 2025” арга хэмжээний эхний өдөр “Mining in Mongolia” өдөрлөгийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран зохион байгууллаа. Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, ирээдүйн чиг хандлагыг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах зорилготой тус өдөрлөгт УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны Геологийн хайгуул, уул уурхайн хяналтын газрын орлогч дарга Ниу Ли, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга  М.Мэндбаяр, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, АМГТГ, “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Монголын Хөрөнгийн бирж, “Оюут улаан” ХХК зэрэг компанийн төлөөлөл зэрэг төр, хувийн хэвшлийн удирдлага, хөрөнгө оруулагчид, салбарын мэргэжилтнүүд зэрэг 150 гаруй оролцогч оролцов. 

Монголын арга хэмжээг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны Геологийн хайгуул, уул уурхайн хяналтын газрын орлогч дарга Ниу Ли нар үг хэллээ. АҮЭБЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр “Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого”, АМГТГ-ын Газрын тосны ашиглалтын хэлтсийн дарга С.Түвшинбаяр “Монголын геологи, уул уурхай, газрын тосны салбарын өнөөгийн болон хэтийн төлөв”, Эрдэнэс Монгол нэгдлийн Чанар, бүтээмж хариуцсан менежер Д.Ядамжав “Эрдэнэс Монгол” нэгдэл ба хөрөнгө оруулалтын боломж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн танилцуулга, Монголын Хөрөнгийн Биржийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан “Уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулж авах нь” сэдвүүдийн хүрээнд танилцуулга хийж, оролцогчдод мэдээлэл өглөө. 

Өдөрлөгийн үеэр Монгол, Хятадын уул уурхайн салбарын харилцааг бэхжүүлэх, бүс нутгийн хэмжээнд тогтвортой, хариуцлагатай хөгжлийг дэмжихэд бидний хамтын ажиллагаа чухал стратегийн ач холбогдолтойг онцлов.

“China Mining 2025” арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас гадна Хятад-Араб, Африк, Саудын Араб, Иран, Казахстан, Балба, Мадагаскар зэрэг олон улс, бүс хамтын ажиллагааны танилцуулах арга хэмжээ зохион байгуулж байна.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци