Уул уурхайн гигантуудын нэгдэх хэлцлүүд үргэлжлэх үү?

Арван жилийн өмнө Glencore компани Rio Tinto групптэй нэгдэх санал тавьсан. 2014 онд дэлхийн уул уурхайн салбарын түүхэн хэлцлээс Рио эрс татгалзжээ. Харин өнгөрсөн жил Швейцарын түүхий эдийн компани дахин санал тавихад энэ удаа Британийн уул уурхайн групп хэлэлцээрт нээлттэй хандаж байна. Хоёр компани бизнесээ хэсэгчлэн, эсвэл бүхэлд нь нэгтгэх эсэх талаар ярилцсан гэж Bloomberg-ийн (2025.01.16) мэдээлснээр уул уурхайн том тоглогчдын нэгдэн нийлэх мега хэлцлүүд анхаарлын төвд дахин орж ирлээ.  

Rio-ийн хувьд хамгийн том өрсөлдөгч болох BHP групп өнгөрсөн жил Anglo American--ийг худалдан авах санал тавьсан нь салбарыг цочирдуулсан. BHP нь Anglo American-ийг ятгаж чадалгүй, эцэст нь саналаасаа татгалзсан. Энэ явдал уул уурхайн салбарт гинжин нөлөөлөл үзүүлсэн тод жишээ нь Glencore, Rio Tinto  мега хэлэлцээрт эргэн оржээ. 

Өнгөрсөн жилийн сүүлийн хагаст Rio Tinto-ийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм болон Glencore-ийн Гүйцэтгэх захирал Гэри Нэгл нарын яриа хэлцэл хэдэн сарын туршид өрнөсөн байна. Одоогоор ямар нэгэн хэлцэл явагдаагүй байгаа бөгөөд үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Нөхцөл байдлын талаар аль ч компанийн зүгээс тайлбар хийгээгүй байгаа юм. Үүнээс жилийн өмнө Teck Resources-ийг худалдаж авахыг Glencore оролдсон ч бүтэлгүйтсэн.  

Тэд байр суурийн төлөө тэмцэлдэж, зэс, лити зэрэг шилжилтийн металлын нөөц бүрдүүлэхээр яарч байна. Нэгдэн нийлэх мега хэлцлүүд уул уурхайн салбарт идэвхжиж буй гэж шинжээчид үзэж байгаа юм. Ninety One UK-ийн багцын шинжээч Жорж Чевели “Glencore компани Rio Tinto хооронд 2024 онд болсон хэлэлцээ нь BHP-ийн алхмаас үүдэлтэй боловч нийт том тоглогчдын хэлцлүүд идэвхэжсэн нь нийт салбарын хэмжээнд асар их өөрчлөлт гарсантай холбоотой” гэж тайлбарлажээ. 

Хамгийн гол нь дэлхий дахинд бараа бүтээгдэхүүн, технологийн хэрэглээг дагаад түүхий эдийн эрэлт ч өөрчлөгдөж байна. Glencore, Rio Tinto компаниуд Хятадын аж үйлдвэржилтийг дэмжсэн төмрийн хүдэр, нүүрсний түүхий эдийн өсөлтөөр ашгаа нэмсэн. Тэгвэл одоо ногоон шилжилтээс үүдэн уул уурхайн компаниуд болон тэдний хувьцаа эзэмшигчид дэлхийн эдийн засгийг нүүрстөрөгчгүйжүүлэхэд хэрэгцээтэй металлуудаар үйлдвэрлэлээ төрөлжүүлэх шаардлагатай тулгараад буй. 

2007 онд Канадын хөнгөн цагааны Alcan-ийг худалдан авснаар алдагдалд хүргэсэн явдлаас хойш нэгдэн нийлэх хэлцэл арав гаруй жилийн турш эмзэг сэдэв байсан гэхэд болно. Уул уурхайн түүхэн дэх хамгийн муу хэлцэл гэж тодорхойлогддог Alcan-ийн худалдан авалт Rio Tinto 30 тэрбум ам.доллар алдахад хүргэжээ. 

2013 онд Glencore-ийн тэргүүн Айван Глазенбергийн шийдвэрээр 30 тэрбум ам.долларын хэлэлцээрийн үр дүнд Xtrata компанийг худалдаж авсан. Өнөөдөр Швейцарын трейдэр уул уурхайн бусад компанийн нэгэн адил болж түүхээ эдээ төрөлжүүлэхэд анхаарч байна. Сонирхуулахад, Glencore-ийн 44 хувийн эзэмшилтэй Чили дэх зэсийн томоохон үйлдвэрлэгч Collahuasi уурхайг Rio Tinto хэзээнээс сонирхож иржээ. 

Glencore, Rio Tinto аль аль нь зэсийн томоохон уурхайтай. Гэхдээ Rio төмрийн хүдрээс асар их ашиг олж байгаа бол Glencore нүүрсний бизнест идэвхтэй оролцож ирсэн. Сүүлийн жилүүдэд төмрийн хүдрийн үнэ өмнөх шигээ өсөхөө больсон нь Хятадын гангийн хэрэглээтэй холбоотой. Дэлхий дахинд ногоон шилжилт өрнөж буйгаар эрчим хүчний нүүрсний ач холбогдол буурах хандлагатай. 

Rio Tinto 103 тэрбум долларын зах зээлийн үнэлгээгээрээ BHP-ийн дараа орох дэлхийн хоёр дахь том уул уурхайн групп бол Glencore-ийн зах зээлийн үнэлгээ 55 тэрбум доллар байна.  Хэрэв нэгдсэн тохиолдолд дэлхийн уул уурхайн хамгийн том концерн бий болно.