Долларжилт нэмэгдсэн нь бодлогын хүүг дахин нэмэгдүүлэхэд хүрэв

Б.БАЯРТОГТОХ

Төв банкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал энэ өдрүүдэд болж, бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлэх, бодлогын хүүний коридорыг шинэчлэн тогтоох, банкуудын гадаад зах зээлээс шигээр татсан зарим эх үүсвэрийг заавал байлгах нөөц тогтоох эх үүсвэрээс хасаж тооцох тухай томоохон шийдвэрүүд гаргав.
Банкны системийн хэмжээнд долларжилт нэмэгдэж, гадаад зах зээлийн суурь хүү өсөж байгаа зэрэг нь төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх, бодлогын хүүг дахин хатууруулах дээрх шийдвэрт хүргэжээ. Долларжилт нь санхүүгийн системийн тогтвортой байдал, мөнгөний бодлогын үр ашиг, ханшийн дэглэмийн сонголт зэрэгт нөлөөлдөг бөгөөд эдийн засаг дахь гэнэтийн шокоос үүдэлтэй инфляц болон валютын ханшийн өндөр хэлбэлзэлтэй үед чухлаар тавигддаг.

Долларжилт өндөр байх нь улс орнуудынг санхүүгийн хямралд илүү өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Нөгөө талдаа үндэсний вальют болох төгрөгт итгэх олон нийтийн итгэлийг илэрхийлэх үзүүлэлт юм. Манай улсын хувьд хадгаламжийн долларжилт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, төгрөгийн хадгаламж буурч, ам.долларын хадгаламж өссөн гэсэн үг.


Мөнгөний бодлогын мэдэгдэлд, бодлогын хүүг нэмэгдүүлэх нь инфляцыг зорилтот түвшин рүү буцааж авчрах хувь нэмэртэй гэж үзсэн байна. Цаашид төв банк мөнгөний бодлогын төлөвийг үргэлжлүүлэн хатууруулах эсэх нь эдийн засгийн гадаад, дотоод орчны өөрчлөлт, инфляц, эдийн засгийн төлөв байдлаас шалтгаална гэдгийг дурджээ.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнийн өсөлтийг илэрхийлэх инфляц төв банкны зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай бодлогын хариу арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхээ төв банк үүгээр давхар мэдэгдлээ.

Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршдог. Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд төв банк инфляцын зорилтот түвшинг 6 хувь гэж тодорхойлсон. Улсын хэмжээнд инфляцын түвшин өнгөрсөн сарын байдлаар 14.8 хувьтай байна.


Мөнгөний бодлогын хороо нь нийт зургаан гишүүнтэй. Үүний гурав нь төв банкны удирдлагын баг бол үлдсэн нь орон тооны бус гишүүд юм. Тус хорооны ажиллах журамд “Хорооны үйл ажиллагаанд хамтын шийдвэр гаргах, мэргэжлийн байх, хариуцлагатай байх, хараат бус байх зарчмыг баримтална” хэмээн заажээ.