Mining Week 2 дахь өдөр: ГШХО, хариуцлагатай уул уурхай, орон нутгийн харилцааг хөндлөө

Э.Од

“Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний 2 дахь өдрийн чуулганаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах давуу тал хийгээд тулгамдсан асуудал, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн харилцаа, салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, нөхөн сэргээлт, уурхайн хаалт сэдвүүдэд төвлөрч 3 танхимд салбарлан хэлэлцлээ. Мөн компаниуд хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулсан юм.

Өнөөгийн дүр зургаар, манай улсын инфляцын түвшин 14.4 хувьд хүрсэн, үүнд импортын нөлөө их. Төгрөгийн ханш суларсан, оны эхнээс гадаад валютын нөөц багассан. Экспортын бодит хэмжээ буурсан. Эдийн засгийн өсөлтийн хурд саарсан байна.

Хоёр дахь өдрийн чуулганыг нээж үг хэлсэн Сангийн сайд Б.Жавхлан ““Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр төрөөс олгох зөвшөөрлийг 50 хувь бууруулж, төмөр зам, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг хязгаарлалтыг шийдвэрлэн, 250 гаруй ажлын байр шинээр бий болж, экспорт 2 дахин нэмэгдэх, улмаар эдийн засгийн өсөлт эрчимжинэ гэж харж байна. Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын нүүрсний тээвэр эхэлсэн бол Зүүнбаян-Ханги төмөр замын бүтээн байгуулалт товлосон хугацаанаас өмнө дуусах төлөвтэй. Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын ажлыг эхлүүлэх ба цаашлаад Арцсуурь боомттой холбох, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулах шаардлагатай”-г онцолсон.

Их танхим дахь “Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагаа” чуулганыг Mongolian Mining-аас зохион байгуулав. Засгийн газар, тэр дундаа УУХҮЯ-наас эрдэс баялгийн салбарт барьж буй бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын хувь нэмэр, сүүлийн 30 жилийн ГШХО-ын талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал илтгэв. Дараагийн 30 жилд дэлхийн дахинд хотжилт, сэргээгдэх эрчим хүчний хувьсгал явагдах чиг хандлагатай. Үүнд шаардлагатай өнгөт болон хар металл, чухал ашигт малтмал, коксжих нүүрсний хэрэгцээ өндөр байх нь ээ. Хотжилт гэдэг тэр чигээрээ гангийн хэрэглээ бөгөөд орлуулах технологи гарах хүртэл коксжих нүүрсний хэрэглээ байсаар байна. Цэвэр эрчим хүчний шилжилттэй холбоотой зэсийн хэрэглээ өсөх талаар олон улсын цөөнгүй судалгаанд дурддаг. Өөрөөр хэлбэл Монголын зэсийн үйлдвэрлэлд давуу тал үүснэ. Монгол уул уурхайн экспорт, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс 90 хувийн шууд хамааралтай улс. 2010-2014 оны хооронд дэлхийн эрдсийн захын өндөр өсөлтийн мөчлөгөөр манай улсын ДНБ 250 хувь өссөн байдаг. Тухайн үед манай улс руу ГШХО нэмэгдсэн, Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээ зурагдсан. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниудын дунд 5 жилийн давтамжтай УУХҮЯ-наас судалгаа явуулжээ. ЕСБХБ-ны санхүүжилтээр 2017, 2021 онд хийгдсэн судалгаагаар гадаадын хөрөнгө оруулагчид Монголд боловсон хүчний ур чадварын бүтээмж, дэд бүтцийн чанар, мөн улс төрийн тогтвортой байдлын хувьд ахиц гарсан бол хөдөлмөрийн шинэчилсэн журам ойлгомжгүй, эрх зүйн маргаантай, байгаль орчны зохицуулалт тодорхойгүй гэж дүгнэжээ. 2021 онд Фрейзерийн хүрээлэнгээс уул уурхай давамгайлсан улс орнуудын хөрөнгө оруулалт татах чадамжаар 84 улсаас 64 дүгээрт Монгол эрэмбэлэгдсэн.
1990 оноос хойш манай улсад нийт 37 тэрбум ам.долларын ГШХО хийгдсэнээс 72 хувь нь геологи уул уурхайн салбарт дангаар ногдож байна. Сүүлийн 30 жилд манай улсад орж ирсэн ГШХО-ын 41 хувь буюу 15.4 тэрбум ам.долларыг зөвхөн Оюутолгой төсөл бүрдүүлжээ. Эндээс үзэхээр олон улсад өрсөлдөх Монголын давуу тал бол уул уурхайн салбар, нөгөөтэйгүүр эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт асар чухал юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлагч гол хүчин зүйлсээр экспортын дэд бүтэц, эрчим хүчний хомсдол, нэмүү өртөг шингээгүй түүхий эдийн экспорт гэж ЭЗХЯ-наас тодорхойлсныг тус яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар танилцууллаа. Монголд ДНБ-д эзэлж буй тээвэр логистикийн зардал 26 хувь байхад дэлхийд дунджаар 13 хувь байна. Эрчим хүчний хэрэглээний 90 хувийг импортолдог манай улсын хувьд аливаа том төслүүдийг хэрэгжүүлэхэд эрчим хүчний асуудал хүндрэлтэй. Дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэржилттэй холбоотой 94 төсөл “Шинэ сэргэлтийн бодлого” туссан. Хилийн боомтын 43, эрчим хүчний 21, үйлдвэрлэлийн 16 төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Эрчим хүчнээс Бөөрөлжүүтийн цахилгаан станцын зогссон төсөл хэрэгжиж эхэлжээ. Энэ онд “E invest” нэг цонхны цахим систем ашиглалтад орсон.
Хөрөнгө оруулалт татах гол орчин нь уул уурхайн салбар хэр нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголтыг зогсоож “хаалгаа түгжчихсэн”, стратегийн ач холбогдолтой салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг хуулиар хязгаарлаж “цонхоо хаачхаад” яагаад хөрөнгө оруулагчид ирэхгүй байна вэ? гэж сүүлийн 10 жил ярьж байна. Манай улсын ГШХО-ын дийлэнхийг бүрдүүлж ирсэн уул уурхайн салбартаа төр засаг, орон нутаг, ард иргэд ч хатуу хандаж ирсэн. Уул уурхайн салбараа дагаж барилга, бусад салбарууд явахаас өөр сонголт одоогоор үгүй байна. МҮХАҮТ-аас бизнесийн орчны судалгаа хийхдээ хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалж чадаж байгаа эсэхийг тодорхойлохыг зорьжээ. Уг судалгаагаар, монголчууд бизнесийн соёлд суралцаагүй, гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдлыг төр засгаас эхлээд нийтээрээ ойлгоогүй юм байна гэсэн дүгнэлт харагдаж буйг МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин ярьсан юм. Хөрөнгө оруулалт оруулж ирсэн хүмүүсийг буруутгадаг. Нийлж бизнес булаадаг хэвээр. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул. Хөрөнгө оруулалт орж ирэхээс өмнө таслан зогсоодог. Төрийн захиргааны дунд, доод шатандаа, орон нутаг, сум, багт уул уурхайг хүчтэй эсэргүүцдэг. Энэ бүгдийг цэгцлэхгүйгээр хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж чадахгүй гэж тэрээр үзэж байна.

Чуулганы хүрээнд Оюутолгой төсөл болоод далд уурхайн үйлдвэрлэлийн талаар “Рио Тинто” группын Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал танилцуулав. Төрийн “Эрдэнэс Монгол” компаниас уран, мөнгө, цахилгаан станц, байгалийн хий дамжуулах хоолойн төслийн явцыг мэдээлснээс гадна алтны шинэ төслүүдээ хөрөнгө оруулагчдад зарласан юм. “Эрдэнэ Ресурс Девелопмент” компанийн зүгээс Монголд 20 жил хайгуулын ажил хийсний үр дүнд нээсэн өндөр агууламжтай алтны дүүргийн талаар мэдээллээ. Австралийн компани метан хийн “Гурвантэс XXXV” төслийн явцыг ярьж, инженер Ж.Золжаргал өөрийн удирдаж буй нүүрснээс хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төслийг сонирхуулсан.
Хөрөнгө оруулалтын орчныг хөндсөн энэхүү чуулганы “Mine-golia”-г хэн үгүй хийсэн бэ?” хэлэлцүүлэгт МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, “Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал, “Оюутолгой” компанийн хамтын ажиллагаа, мэдээлэл харилцаа хариуцсан Ерөнхий менежер Э.Лхагва нар оролцсон. Хэлэлцүүлгийг удирдсан Монгол дахь Америкийн худалдааны танхимын ТУЗ-ийн дарга Жеймс Лиотта нь Mine-golia гэсэн утга, яагаад Монголтой холбож яригдсан, манай улсын хөрөнгө оруулалтын орчин, төрийн бодлого зохицуулалтын талаар өөрийн байр суурийг нээлттэй илэрхийлж Монголд яагаад хөрөнгө оруулах ёстой вэ?, өнгөрсөн хугацаанд юу өөрчлөгдөн юм бэ? гэсэн тодорхой асуултыг оролцогчдоос асуусан юм.
Чуулганы үдээс хойш Бага танхимд “Хариуцлагатай уул уурхай ба орон нутаг” хэлэлцүүлгийг АМГТГ, МУУҮА болон “Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл” ТББ хамтран зохион байгууллаа. Уул уурхайн аливаа үйл ажиллагаа, үйлдвэрлэл, төсөл хөтөлбөр, судалгаа, геологи хайгуул бүгд орон нутагт хэрэгждэг.
Тиймдээ малчид, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг ба улмаар аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрч хөрөнгө санхүүгийн эрсэлд ордог, нөгөө талдаа хууль бус үйл ажиллагаа болоод хариуцлагагүй уул уурхайн байгаль орчин дахь сөрөг нөлөө, орон нутгийн нийгэм эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл гэх мэт олон асуудал бий. Энэхүү хэлэлцүүлгээр төрийн, компанийн, иргэний нийгмийн, ТББ, малчин иргэд гээд бүх оролцогч талууд нэг дор чуулж, хэн ямар байр суурьтай байгааг бүгдээрээ сонсохыг чухалчилсан юм.
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөрт "Мо Эн Ко", "Эрдэнэ Ресурс Девелопмент", "Бадрах Энержи", "Степпе голд", "Хан Алтай Ресурс", "Платиниум ланд" компаниуд нэгдэснийг батлан гүйцэтгэх удирдлагууд, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар гарын үсэг зурах ёслол болов. 2019 онд МУУҮА-ийн санаачилгаар УУХҮЯ-тай хамтран "Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс"-т нэгтгэх "Хариуцлагаар нэгд" аяныг эхлүүлэн ба "Эрдэнэт үйлдвэр", "Оюутолгой", "Эрдэнэс-Тавантолгой", "Энержи Ресурс", "Аспайр Майнинг", "Багануур", "Саусгоби Сэнд", "Терра Энержи", "Монполимет" зэрэг компаниуд түүчээлэн нэгдсэн билээ.