Mining Week-ийн 3 дахь өдрийн чуулганы “Аж үйлдвэржилт” бага хурлаар уул уурхайд түшиглэсэн боловсруулах үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын явц, шинээр хэрэгжүүлэхээр зорьж, төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцсэн юм. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, УУХҮЯ-наас барьж буй концепцийн олборлолтоос боловсруулалтын шат руу шилжсэнээр Монгол Улсад аж үйлдвэржилтийг сэргээхээр зорьж байгаа билээ.
Нүүрс, эрчим хүчний группын стратегийн бодлого, хөрөнгө оруулалтын төслүүд, шаардлагатай хөрөнгө оруулалт, ногоон бизнесийн талаар анх удаа олон нийтэд танилцууллаа. Группын хөгжлийн гол суурь нь "Эрдэнэс Тавантолгой" компани гэж Нүүрс, эрчим хүчний группын дарга Б.Ганхуяг тодорхойлов. Тус групп нүүрсний, тээвэр логистикийн, эрчим хүчний компаниуд гэсэн 3 хэсэгт хуваагдаж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа 16 компани, хэрэгжилтэд 4 төсөлтэй.
“Эрдэнэс Монгол”, Нүүрс эрчим хүчний групп, Баялгийн сан гэсэн төрийн өмчийн харилцаатай байх бөгөөд одоогоор өмчийн, бүтцийн, хувьцааны шилжүүлэг бүрэн хийгдээгүй.
ЭТТ одоо 14 их наяд төгрөгийн өмчтэй. Бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлснээр 6.1 тэрбум ам.долларын үнэ цэнийг бий болгож 2025 он гэхэд 12.1 тэрбум ам.долларын хэмжээний бүтэцтэй санхүүгийн том платформ болно гэж харж байна.
Нүүрсний олборлогч “Багануур”, “Шивээ-Овоо”, “Тавантолгой түлш” компаниуд санхүүгийн сөрөг үзүүлэлттэй, маш их өр төлбөртэй байгаа. “Тавантолгой түлш”-ний хувьд цэвэр нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа явуулж Улаанбаатар хотын утааг бууруулах нэрийдлээр ЭТТ-с авсан санхүүжилтийн хэмжээ 660 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнийг богино хугацаанд нөхөж, эдийн засгийн эргэлтэд оруулах аж. “Тавантолгой түлш”-ийг тулгуурлан 2 сая тонн нүүрс нойтон аргаар угаах Баяжуулах үйлдвэрийг 36 сая ам.долларын санхүүжилтээр байгуулж байгаа бөгөөд 30 хувьтай явагдаж байна. Ирэх жилийн долоодугаар сард үндсэн ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөжээ. Угаах үйлдвэр баригдсанаар жилд 1.4 сая тонн хагас боловсруулсан коксжих нүүрс үйлдвэрлэж, экспортлох замаар өр төлбөрийг буцаан төлөлтийг тооцсон байна.
Шивээ-Овоо түшиглэн 200МВт цахилгаан станцыг барих 320 сая ам.долларын төслийг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эрчимжүүлэхээр болжээ. Мөн Нүүрс-химийн үйлдвэр байгуулах 3 том ТЭЗҮ-ийн судалгааны ажил хийж байна. Нийт 2-2.5 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий өндөр хүчин чадалтай нүүрс-химийн үйлдвэр байх юм. Уурын цахилгаан станцаас эхлээд дотоодын шингэрүүлсэн болон бусад бүтээгдэхүүнээр хангах төсөөлөлтэй.
“Багануур”-ын тухайд Нүүрс-химийн цогцолборын ТЭЗҮ батлах шатандаа явж байна. 280 сая ам.долларын санхүүжилттэй, жилд 2.4 сая тонн хүчин чадалтай. Эндээс хагас коксжих шахмал түлш үйлдвэрлэнэ. Үүний 800 мянган тонныг Улаанбаатар хотын хэрэглээнд, үлдсэн 400 мянган тонныг экспортолж ашиг олох аж. Түүнчлэн 61 мянган тонн дизель үйлдвэрлэнэ, 20МВт хийн цахилгаан станц байгуулна.
Тээвэр логистикийн компаниуд “Тавантолгой төмөр зам”, ”Зүүнбаян төмөр зам” болон “Гашуунсухайт авто зам” юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын зүгшрүүлэх тээвэр хийгдэж байгаа ба 2 жилийн хугацаанд улсын хилээр холбох хэлэлцээрүүд хийгджээ. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам нь говийн элсний нүүдэл дагуу учир арчилгаа их шаардлагатай аж. Мөн л зүгшрүүлэх тээвэрлэлт хийгдэж буй. Бүрэн ашиглалтад оруулахын тулд УБТЗ-ын үндсэн магистралийг хүчитгэх шаардлагатай тул Богдхан төмөр замын төслийг ЭТТ-ээс санхүүжүүлж байна.
Гашуунсухайт авто зам дээр концессийн гэрээгээр 2023 оны тавдугаар сараас нөгөө урсгалтай болно. Төмөр зам ашиглалтад орсон ч хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ тээвэрлэхээр ЭТТ төлөвлөж байна.
Бүтээгдэхүүнийг ангилах, ялгах, агуулах, төрөлжүүлэх бизнесийн 5 терминалыг хилийн Гашуунсухайт, Ханги, Замын Үүд, мөн хилийн бус буюу дамжин өнгөрөх терминалыг Тавантолгойн үйлдвэрлэл технологийн парк дээр, Цагаансуварга, Зүүнбаянд байгуулна.
ЭТТ нь бизнесээ нүүрснээс “ногоон” үйлдвэрлэл рүү 10 жилийн хугацаанд шилжүүлнэ. Метан хий, атомын цахилгаан зэрэг олон улсын томоохон компаниудтай судалгаа хийнэ. Бодит ажил болгохын тулд багадаа 2-4 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай. Үүнийг нүүрсээр босгох гэнэ. Ингэж метан, цөмийн эрчим хүч рүү шилжинэ.
Одоо группын бүтцийн компаниуд нийлээд ДНБ-ий 6 хувийг бүрдүүлдэг, ажлын байр 5725, балансын алдагдал 363 тэрбум төгрөг байна. 23.8 сая ам.долларын эцсийн бүтээгдэхүүн боловсруулдаг. Сүүлийн 1 жилийн үзүүлэлтээр, татвар төлбөр хураамжид 263.9 сая ам.доллар төлснөөс 90 хувь нь ЭТТ юм. Тэгвэл 2025 онд ДНБ-ий 16 хувийг эзэлнэ, 10 мянган ажилтантай, алдагдалгүй, жилд 1.5 тэрбум ам.долларын татвар хураамж төлөх, эцсийн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний орлого 2.1 тэрбум ам.долларт хүрэх стратегийг Нүүрс, эрчим хүчний групп боловсруулжээ.
Зөвхөн ЭТТ-д тулгуурлан 2023 оноос эхэлж 51 мянган хүн амтай Эрдэнэс хотын бүтээн байгуулалтад 360 сая ам.долларын санхүүжилт хийх юм байна. Ирэх онд эхний 60 сая ам.долларыг зарцуулна. Хотын зураг төсөл есдүгээр сард Барилга хот байгуулалтын яамаар батлагдана. Ер нь ЭТТ өөрийн болоод шууд бусаар санхүүжүүлж байгаа 27 төсөл байна. Тэр дунд газрын тос дамжуулах хоолой барих төсөл ч багтсан. Бүх төслөө 2025 он гэхэд үр ашигт ажиллагаанд хүргэнэ.