Уул уурхайн компанийн орон нутгийн харилцааны ажилтнуудын дугуй ширээний уулзалт боллоо

Д.НАМУУНЦЭЦЭГ

Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ)-өөс Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран дугуй ширээний уулзалт (2025.04.16) зохион байгууллаа. Тус зөвлөл нь 2012 оноос уул уурхайн компаниудын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага, орон нутгийн харилцааны мэргэжилтнүүдийн дунд тодорхой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, компаниудын сайн туршлагаас хуваалцдаг дугуй ширээний уулзалт зохион байгуулж ирсэн туршлагатай. Дугуй ширээний уулзалт хийж ирсэн туршлага, үргэлжлүүлэн сэргээн хийх хэрэгцээ шаардлагын талаар ТНЗ-ийн Удирдах зөвлөлийн  гишүүн Ж.Сүнжидмаа танилцуулсан. 

Энэхүү уулзалтыг энэ жилээс “Тогтвортой хөгжил” нэрээр сэргээн, эхний уулзалтаа өнөөдөр хийлээ. Уулзалтыг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, “Оюутолгой” компанийн Орон нутаг хариуцсан ерөнхий менежер Г.Сугар нар нээж үг хэлэв.


Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, “Орон нутгийн харилцааны ажлыг илүү олон талт харилцаагаар үргэлжлүүлэн дэмжих, хөгжүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах хэрэгцээ шаардлага өндөр байгаа”-г тэмдэглэсэн бол “Оюутолгой” компанийн Орон нутаг хариуцсан ерөнхий менежер Г.Сугар “Орон нутгийн харилцаа бол бие даасан мэргэжил” гэдгийг тодотгосон юм. 

Уг уулзалт дээр “Орон нутгийн харилцаа, нийгмийн гүйцэтгэлийн тогтолцоо, чадамжийн тойм судалгаа”-ны үр дүнг танилцуулсан.  Австралийн Күинсландын их сургуулийн Тогтвортой уул уурхайн хүрээлэн, Оюу толгой компанитай хамтран Монгол Улсын уул уурхайн салбарт орон нутгийн харилцаа, нийгмийн гүйцэтгэлийн тогтолцоо, мэргэжлийн чадамжийг хөгжүүлэх санаачилгын хүрээнд уул уурхайн компаниудад зориулсан сургалтыг 2025 оны 5-7 сард монгол хэлээр, үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байгаа юм. Энэхүү сургалтын өмнө уул уурхайн компаниудын чадамж, хэрэгцээг тодорхойлох судалгааг Австралийн Күинсландын их сургуулийн Тогтвортой уул уурхайн хүрээлэн болон Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн судлаачид хамтран гүйцэтгэсэн юм.

Австралийн Күинсландын их сургуулийн Тогтвортой уул уурхайн хүрээлэнгийн судлаач Д.Бямбажав, “Орон нутаг руу чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлууд цөөнгүй хийгдэж ирсэн. Жишээлбэл, хариуцлагатай уул уурхай, орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах, хүний эрхийн асуудлаар орон нутгийн иргэд, засаг захиргааны чадавхыг сайжруулах чиглэлээр донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр багагүй ажлууд хийгдэж, тодорхой ахиц, дэвшлүүд гарсаар ирсэн. Гэвч нөгөө талд нь компанийн чадавхын асуудал орхигдож ирлээ. Энэ чиглэлээр компаниудын чадавхыг бэхжүүлэх, мэдээлэл солилцох ажлыг цөөн хэдэн байгууллага хийж байна. Тиймээс бидний зүгээс уул уурхайн компаниудыг чадавхжуулах чиглэлд илүүтэй анхаарч, төсөл хэрэгжүүлж байна” гэсэн юм.

“Орон нутгийн харилцаа, нийгмийн гүйцэтгэлийн тогтолцоо, чадамжийн тойм судалгаа”-ны гол үр дүн МГТИС-ийн проф. Ч.Энхзаяа, ТНЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга, судлаач О.Батболд нар танилцуулсан.  

Орон нутгийн харилцаа, нийгмийн гүйцэтгэлийн тогтолцоо, чадамжийн тойм судалгааны үр дүнгээс танилцуулбал:

    Салбарын хэмжээнд компани, мэргэжилтнүүд туршлага солилцох боломж бага,

    Орон нутгийн харилцааны чиглэлээр системтэй сургалтад хамрагдах боломж хомс,

    Туршлагатай мэргэжилтнүүд тэтгэвэрт гарах, өөр салбар, ажилд шилжих байдлаар мэдлэг, туршлага гээгдэх,

    Шинэ ажилтнуудын мэдлэг, туршлага, хөрвөх чадварын зөрүү их, 

    Орон нутгийн харилцааны тодорхой асуудлаар шийдэл олох зорилготой санал солилцох, хэлэлцүүлэг хийх, мэтгэлцэх талбар үгүйлэгдэж байна гэсэн ерөнхий дүр зураг гарсан байна. 

Уг судалгаагаар орон нутгийн харилцаанд гарсан ололт, давуу талуудын хувьд орон нутгийн гэрээний ач холбогдол нэмэгдэх, орон нутгийн харилцааг анхнаас нь зөв хэрэгжүүлж, ойлголцол, хамтын ажиллагаа бий болгохын үнэ цэнийг хүлээн зөвшөөрөх, орон нутгийн харилцааны системтэй ойлголт, ур чадвар чухал болохыг уул уурхайн компаниуд ойлгож, үнэлдэг болсон байна гэж гарчээ. 

Уг уулзалтын үеэр уул уурхайн салбарын орон нутгийн харилцаа, нийгмийн гүйцэтгэлийн сургалтыг үр дүнтэй болгоход анхаарах зүйлс, алдаа оноо, чадамжийг шат ахиулах арга замууд зэрэг асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, мэргэжилтнүүд арга туршлагаасаа хуваалцлаа.  

Цаашид энэхүү дугуй ширээний уулзалт улирал тутамд тодорхой сэдвийн хүрээнд өрнөх юм байна.