Уул уурхайд шударга үнэлгээний жишиг тогтож байна

Э.МИШЭЭЛ

Хариуцлагатай уул уурхайн кодекс” (ХУУК) -ийн хөтөлбөрийн 2024 оны үнэлгээний нэгдсэн дүн гарчээ. МУУҮА-ийн гишүүн 13 компани кодексийн дагуу өөрсдийгөө үнэлсэн мэдээллийг Ассоциациас нэгтгэн олон нийтэд танилцууллаа. Шинэхэн үнэлгээнээс сонирхолтой зүйлс цөөнгүйг анзаарч болохоор байна. Зарим компани өмнөх жилээс үнэлгээгээ ахиулж, зарим нь бууруулжээ. “Платинум Ланд”, “Хангад Эксплорэйшн” компани ахисан гэж үнэлсэн байна. “Иннова Минерал” компани 2023 онд үнэлгээ хийсэн гэж тэмдэглэсэн бол өнгөрсөн жил 90 хувь гэж тоон байдлаар мэдээлжээ. Тэгвэл бусад нь үнэлгээндээ өөрчлөлт оруулаагүй, эсвэл бууруулсан гэж үзсэн байна. 

Эндээс уул уурхайн компаниуд өөрсдийгөө хэр шударгаар үнэлдэг вэ гэдэг сонирхолтой асуулт гарна. Үнэхээр шударга байгаад хүлээн зөвшөөрөгдөж чадвал Монголын эрдэс баялгийн салбарын нэр хүндэд нэг чухал хэмжүүр болох юм. 

Анх 2019 онд МУУҮА-ийн гишүүн долоон компани ХУУК-т нэгдсэнээс хойш эдүгээ 37 аж ахуйн нэгж болж өргөжсөн. Өнгөрсөн хугацаанд Ассоциацийн зүгээс Монголын уул уурхайд хариуцлагын суурь стандартуудыг нэвтрүүлэн, мөрдүүлэн ажиллаж, тэр хэрээр кодекст нэгдэх салбарын компаниудын тоо ч мэдэгдэхүйц өсөж байна. Тэгвэл сүүлийн хоёр жилд кодекст нэгдсэн компаниуд өөрсдийгөө үнэлэхийн зэрэгцээ гадаад дотоодын хөндлөнгийн аудиторуудаар ч үнэлүүлж, тэрхүү үзүүлэлтүүдээ харьцуулан олон нийтэд ил тод мэдээлж байгаа нь ХУУК-ийн ихээхэн чухал ахиц юм. Улмаар манай уул уурхайн салбарт шударга үнэлгээний нэгэн шинэ жишиг ийнхүү тогтож байна. 

Зөвхөн уул уурхайн томоохон компаниуд гэлтгүй ялангуяа жижиг, дунд “хариуцлагагүй” төслүүдэд, мөн ханган нийлүүлэлтийн, гишүүн бус компаниудад ч кодексийг түгээн дэлгэрүүлэхэд МУУҮА-иас анхааран ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд байгууллагуудыг жил бүр сургалтад хамруулан кодексийн ойлголтуудыг өгч, мөн үнэлгээ хийх явцад үүсдэг асуудалд зөвлөж байна. 2025 оны ээлжит сургалтуудаа гуравдугаар сард дуусгахаар төлөвлөжээ. Өнгөрсөн жилээс Ассоциаци дараагийн ахисан түвшний стандартыг албан ёсоор хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь Канадын Уул Уурхайн Ассоциацийн “Тогтвортой уул уурхайн төлөө” (ТУУТ) буюу TSM (Towards Sustainable Mining) кодекс юм. Энд Монголоос гадна Филиппин, Австрали, Финланд, Норвег, Ботсвана, Аргентин, Бразил, Колумб, Гватемал, Мексик гээд бүх тивээс төлөөлөл багтаж байна. Өнөөгийн байдлаар олон улсын энэхүү стандартад МУУҮА-ийн гишүүн Mongolian Mining Corporation (MMC) нэгджээ. 2024 онд тус компани өөрсдийн хөндлөнгийн үнэлгээг Канадын Ванкувер хотод байрладаг Envirochem Services-ээр хийлгэсэн байна. Тухайн хөндлөнгийн үнэлгээнийхэн Монголын компанийн ирүүлсэн Биологийн төрөл зүйл протоколоос төлөвлөлт ба хэрэгжилт, Усны нөөцийн менежмент протоколоос менежмент, сав газрын түвшний төлөвлөлт, тайлагнал ба гүйцэтгэл гэсэн гурван шалгуурын үнэлгээг ахиулжээ. Мөн зарим үзүүлэлтийг хангалтгүй гэж үзсэн нь Орон нутгийн иргэд ба олон нийт протоколоос сонирхогч талуудыг тодорхойлох, оролцогч талуудын үр дүнтэй оролцоо ба харилцаа, олон нийтэд үзүүлэх нөлөөлөл, үр өгөөжийн менежмент гэсэн гурван шалгуурын үнэлгээг бууруулсан байна. 

Компаниуд гадаад гэлтгүй одоо дотооддоо ч хөндлөнгийн үнэлгээ хийлгэх боломж бүрдээд буй. Хоёр жилийн өмнө Ассоциациас хөндлөнгийн үндэсний аудиторуудыг Австрали, Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП 2)-ийн дэмжлэгээр бэлтгэсэн юм. Хөндлөнгийн үнэлгээний сургалтад уул уурхайн компанийн дотоод болон байгаль орчны аудиторууд, компанийн захирлууд, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг олон талын оролцогчид хамрагджээ. Бэлтгэгдсэн анхны аудиторуудаас гурав нь тухайн жилээ “Энержи Ресурс” компанид хөндлөнгийн үнэлгээ хийж туршлага хуримтлуулсан билээ.

ХУУК-ИЙН ХАМРАХ ХҮРЭЭ ТАВАН ХЭСГЭЭС БҮРДДЭГ

Юуны түрүүнд, тухайн компани сайн засаглалтай байж үнэлгээ сайжирна. Иймээс Компанийн сайн засаглал ба ил тод байдлыг эхний шалгуур болгон ХУУК-т авч үзжээ. Энд Засгийн газар, түүнийг төлөөлөх эрхтэй байгууллагуудтай хийсэн хөрөнгө оруулалт, тогтвортой байдал, концессын гэрээний нөхцөлүүдийг ил тод болгоно. Дээр нь компанид ирүүлсэн санал гомдлыг авч, шийдвэрлэж, мэдээлдэг эргэх холбоо бүхий механизм ил тод байдлын нэг хэсгийг бүрдүүлдэг байна. Компани ажиллах хүч, хүний нөөцтэй байж бүтээмжийг бий болгоно. Иймээс Хөдөлмөрийн харилцаа ба хүний эрх, Хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл мэнд гэсэн хоёр шалгуур үзүүлэлт илүүтэй ажилтан, байгууллагын хамт олон руу чиглэжээ. Энд зохистой ажлын байрыг бий болгох бодлогыг баримталж, ажилтны эрхийг ямар ч байдлаар хүндэтгэн үзэх ёстой гэжээ. Мөн мэргэжлийн ёс зүйг эрхэмлэх дүрмийг мөрдүүлж, түүнд шаардлагатай соён гэгээрүүлэх сургалт оруулахыг ч зааж өгчээ. Уул уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдал нэн тэргүүнд байдаг билээ. Энэ хүрээнд тухайн ажил мэргэжилд зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдүүлэхийг оруулжээ. Ер нь кодексийн үйл ажиллагаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн байдлаар явагддаг аж. Уул уурхайд байгаль орчин, орон нутаг өөрийн гэсэн онцгой байр суурийг эзэлдэг. Ийм утгаар кодексийн шаардлагад Байга

ль орчны хамгаалал, Орон нутгийн хөгжил ба олон нийтийн оролцоо нь уурхайн хаалтын төлөвлөгөөтэй байхын сацуу орон нутгийг тогтвортой хөгжил рүү шилжих төлөвлөгөөг иргэдийн оролцоотой боловсруулахыг тусгажээ. Байгаль орчны хамгаалалд байгаль орчны асуудал, нөлөөлөл, эрсдэлийг тодорхойлж, эрсдэлийн үнэлгээ хийхийг оруулж өгсөн байна. Орон нутгийн хөгжилд тухайн компани нутгийн иргэдэд давуу байдлаар ажил олгож, нөгөө талаас орон нутгийн хөгжлийн стратегийн нөхцөлийг сайжруулахад анхаарснаар компанийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих юм. Хариуцлагатай уул уурхайн кодекс жижиг компаниудад илүү зориулагдсан. Тэгвэл ТУУТ стандарт бол шат ахисан хөтөлбөр гэж хэлж болно. ТУУТ-ын 9 протокол бүхий 34 шалгуур үзүүлэлт нь эрдэс баялгийн салбарт тулгардаг багагүй бэрхшээлийг бууруулах үр дүнтэй гэж Ассоциацийн зүгээс үзэж байна. Энэхүү үр дүнг гаргахын тулд стандартыг салбарын хэмжээнд нэвтрүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэх асуудал эхэнд тавигдана.

ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ ТУУТ

Нутгийн иргэд болон орон нутгийн харилцаа бол уул уурхайн эхэнд тавигддаг асуудал билээ. Үүний хүрээнд сонирхогчийн бүлгүүд болон нутгийн иргэдийг тодорхойлж, тэдэнтэй үр дүнтэй харилцдаг байх нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах боломжийг бүрдүүлнэ. Ийм төрлийн механизмыг байнга хөгжүүлж байх нь энэхүү протоколын нэг чухал хэсэг аж. Ажилчдадаа анхаарах нь уурхайн үйл ажиллагааг тасралтгүй явуулах гол судас нь. Энэ хэсэгт Аюулгүй, эрүүл, үнэлэмжтэй ажлын байр, Тэгш боломж, олон талт, хүртээмжтэй ажлын байр, Хямралын менежмент болон мэдээлэл харилцааны төлөвлөгөө, Хүүхдийн болон албадан хөдөлмөр эрхлэхээс сэргийлэх гэсэн протоколууд багтжээ. ТУУТ нь хууль тогтоомжийн шаардлагаас гадна 256 шалгуур үзүүлэлттэй. Одоогоор 20 гаруй улсад хэрэгждэг, уул уурхайн компаниудаас нэлээд өндөр шалгуур хангахыг шаарддаг тул хөрөнгө оруулагчдад эерэг мессеж өгдөг, нэр хүндийн нэг үзүүлэлт болдог байна. Монголын эрдэс баялгийн салбар дотооддоо нэр хүндээ дээшлүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хоёр хөтөлбөр бол ХУУК, ТУУТ стандарт юм. Өнгөрсөн хоёр жилийн сайн дурын үнэлгээнүүдийн хувийг харахад тэд өөрсдийгөө шударгаар үнэлдэг гэж ажиглагдаж байна. Тогтмол өсөлт, тогтмол амжилт бол сайн хэрэг. Нөгөө талаас алдаа оноогоо бусдад тайлагнана гэдэг хүнд. Гэвч ингэж чадаж буйг үнэлмээр байна. Үнэлж авч үзэхийг сурталчилмаар байна. Хамгийн гол нь эдгээр үнэлгээг компаниуд сайн дурын үндсэн дээр хийдгээрээ онцлог.

Майнинг Инсайт сэтгүүл, Хоёрдугаарсар 2025, №02 (039)