Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган” өнөөдөр (2025.05.02) Төрийн ордонд болж байна. Чуулганд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл болох 900 гаруй хүн оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн зөвлөх уншиж танилцуулав. Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат нар чуулганы нээлт дээр үг хэллээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн мэдээлснээр, сүүлийн таван жилд 2125 хүн үйлдвэрлэлийн осолд өртөж, 275 хүн амь насаа алджээ. Мөн 355 хүн мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болсон бөгөөд энэ нь тухайн иргэдийн наслалтыг дунджаар найман жилээр богиносгож байна. Гэвч эрсдэл өндөртэй салбарын байгууллагуудын 99 хувь нь хөдөлмөрийн нөхцөлөө үнэлдэггүй нь бодит аюул дагуулж буйг чуулганы үеэр онцолсон.
Цаашид эрсдэлтэй нөхцөлд ажиллагчдын тоо 2035 он гэхэд 35 хувиар өсөхөөр байгаатай уялдуулан төрөөс бодлогын шинэчлэл, тогтолцооны реформыг эхлүүлээд буй. ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан чуулганы эхэнд салбарын шинэчлэлийн хүрээг танилцуулсан бол тус яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Алимаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс сэргийлэхэд чиглэсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа. Уг төсөл олон нийтийн хэлэлцүүлэгт бэлэн болсон байна.
Монгол Улсад хүний амь нас эрсэдсэн ослын тоо бусад улс орнуудтай харьцуулахад 9.4 дахин их байгаа нь тогтолцоог зайлшгүй шинэчлэх шаардлагатайг илэрхийлж буй талаар ХАБЭМТ-ийн дарга Д.Нарансүх илтгэлдээ дурдав. Тэрээр тогтолцооны шинэчлэл салбарын тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, үйл ажиллагаануудыг яаж уялдуулах болон ажлын үйл явц, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Мөн БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлагийн төлөөлөл оролцож, туршлагаасаа хуваалцсан юм.
Чуулганы үеэр салбарын нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд, цахим шилжилтийн стратеги болон уул уурхай, эрчим хүчний салбар дахь ХАБЭА-н асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна.
Онцлох нь, өнгөрсөн онд мэргэжлээс шалтгаалсан өвчний 76 хувийг уул уурхай, олборлолтын салбар эзэлжээ. Тодруулбал, 1729 уурхайчин мэргэжлээс шалтгаалсан өвчтэй хэмээн бүртгэгдсэнээс 50 хувь нь уушги тоосжих өвчтэй гэж оношлогдсон байна. Энэхүү нөхцөл байдлыг уг чуулганыг угтаж хийсэн тусгай дугаартаа “Mining Insight” дэлгэрэнгүй хөндсөн билээ.