Н.АРИУНТУЯА
Канадын уул уурхай, металлург, газрын тосны институт (CIM)-ээс жил бүр зохион байгуулдаг хамгийн том арга хэмжээ болох “CIM CONNECT 2025” чуулган тавдугаар сарын 4-7-ны өдрүүдэд тус улсын Монреал хотноо болж байна.
Энэ жилийн хурал “Эрдэс баялаг, инновац ба эрчим хүчний шилжилт” сэдвийн хүрээнд уул уурхайн салбарын чиг хандлага, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийг гол сэдвээрээ онцлон, тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна. Тэр дундаа ашигт малтмалыг шинээр олборлохоос илүүтэй өмнө гарган авсан нөөцийг дахин ашиглах буюу хаягдал, овоолго, хоёрдогч эх үүсвэрээс ашиглалт хийх зэргээр цэвэр, үр ашигтай, тогтвортой шийдлүүдийг дэмжихэд 2025 оны хурлын үндсэн агуулга чиглэж байна.
CIM их хурлыг 60 гаруй орноос 7000 гаруй мэргэжлийн оролцогч зорин иржээ. CIM-ийн их хурал нь Канадын уул уурхай, металлург, газрын тосны институттэйгээ нас чацуу. 1898 онд байгуулагдсан тус институт мөн ондоо салбарын бүхий л нарийн мэргэжилтнүүдийг оролцуулсан хурал зохион байгуулсан нь жил тутам уламжлагдан, үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр улсынхаа хил хязгаараас хальж, олон улсын хэмжээний нэр хүндтэй хурал болсон нь CIM Сonnect юм. CIM нь дэлхий даяар гишүүнчлэлтэй. Гишүүнчлэлийн тоо 10000 давсан бөгөөд судалгаа шинжилгээний институт, компаниуд, Засгийн газрын байгууллагууд гээд олон талтай.
CIM CONNECT 2025-ын орон нутагтай харилцах харилцааг онцолсон техникийн хуралдаанд Agnico Eagle, Rio Tinto зэрэг дэлхийн хэмжээний компаниудын хамтын ажиллагааны туршлагуудтай эн зэрэгцэн Монголын туршлага танилцуулагдсан нь онцлог үйл явдал боллоо.
ИТГЭЛЦЛИЙГ ШИНЭЭР ТОДОРХОЙЛОХ НЬ
“Can Virtual Reality Bridge the Gap? Enhancing Community Engagement to Build Trust in Mining Operations” буюу “Виртуал бодит байдал нь харилцааны ангалд гүүр болж чадах уу? -Уул уурхайн үйл ажиллагаанд итгэлцэл бий болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээр CIM CONNECT 2025 чуулган дээр танилцуулсан энэхүү илтгэл нь Монголын орон нутгийн иргэд ба уул уурхайн компанийн харилцаанд туршин хэрэгжүүлсэн шинэ шийдлийг олон улсын тавцанд онцолсон юм.
Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл нь Mining Insight сэтгүүлтэй хамтран УУХҮЯ (хуучин нэрээр)-ны захиалга, АМЕП хөтөлбөрийн санхүүжилтээр ”Орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаанд чиглэсэн туршилтын төсөл”-ийг сонгогдсон 3 суманд хэрэгжүүлсэн юм. Тус зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга, ХБНГУ-ын Шпайрын их сургуулийн докторант О.Батболд CIM CONNECT 2025 дээр туршилтын төслийн үр дүнг танилцуулсан. Туршилтын төслийн гол зорилго нь уул уурхайн компани, орон нутгийн иргэдийн хоорондын харилцаа, ойлголцолд тулгарч буй мэдээлэл дутмаг, оролцоо хангалтгүй, итгэлцэл сул байдлыг бууруулахад үр дүнтэй шийдлийг санал болгох байсан юм.
Төслийн онцлог нь сонгогдсон 3 суманд хийсэн судалгааны үр дүндээ үндэслэн, нутгийн иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгуулж, мэдлэг солилцох, ойлголцлыг сайжруулахыг зорьсон байна. Ингэхдээ иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурлан, шинжлэх ухааны хялбаршуулсан туршилтуудаар уул уурхайн үйл ажиллагааны талаарх мэдлэг ойлголтыг хүргэжээ. Тодруулбал, орон нутгийн иргэдтэй зөвлөлдөх уламжлалт аргуудыг дэвшилтэт технологи буюу виртуал үзүүлбэр (VR)-тэй хослуулан, уул уурхайн үйлдвэрлэлийг бодитоор танилцуулсан байна.
Ил тод байдал, итгэлцлийг нэмэгдүүлэх зорилгоор ашигласан VR үзүүлбэр нь уул уурхайн нөлөөллийг бүсийн иргэдэд уул уурхайн үйлдвэрлэл хэрхэн явагддагийг биеэр очсон мэт бодит мэдрэмжтэйгээр танилцах боломжийг олгосон нь уламжлалт танилцуулгаас илүү сонирхол татахуйц, оролцооны өндөр түвшин бий болгож, иргэдийн танин мэдэхүйн сонирхлыг нэмэгдүүлсэн нь өдөрлөгийн дараах судалгаагаар батлагдсан юм.
Харилцан ойлголцлыг дээшлүүлэх шинэлэг аргачлал бүхий энэхүү загвар нь зөвхөн Монголд төдийгүй хөгжиж буй бусад орны уул уурхайн салбарт хэрэгжих боломжтой болохыг илтгэгч онцолсон байна. Илтгэлийн дараа түүнээс уул уурхайг эсэргүүцэх орон нутгийн эсэргүүцлийн шалтгаан, VR үзүүлбэрийг ахмад настнууд хэрхэн хүлээж авч байсан, VR үзүүлбэрийн нөлөөллийг үнэлэх мониторингийг хэрхэн хийсэн талаар гээд олон асуулт тавьсны зэрэгцээ энэхүү илтгэл нь уул уурхайн салбар дахь харилцаа, иргэдийг оролцоог зөв чиглэлд хөтлөхдөө технологийн шийдлүүдтэй хослуулах боломжийг бодитойгоор харуулсан, олон улсад жишиг болохуйц загварын эхлэл байж болох юм гэж үнэлсэн байна. Уг хурлын үеэр Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл нь CIM-ийн гишүүнээр элссэн бөгөөд ирэх жил Ванкувэр хотноо зохиогдох CIM CONNECT 2026 хуралд орон нутгийн харилцааны чиглэлээр Монголын туршлагаас хуваалцах талаар санал солилцсон байна. Ингэснээр Монголын уул уурхайн салбарын туршлагаас Канад төдийгүй олон улсад танилцуулах чухал боломж нээгдэж байна.