Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг өчигдөр (2025.11.09) танилцуулсан. Энэ үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням салбарын зүгээс цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ, "Ирэх таван жилд гурван мега хэмжээний том үйлдвэрийг ашиглалтад оруулах зорилттой байна. Бидний хувьд бодлогын эрс өөрчлөлт хийхээс өөр аргагүй. 2026-2030 оны үндсэн чиглэлд туссанаар олборлоод шууд ачиж гаргадаг бус боловсруулдаг, баяжуулдаг, үйлдвэрлэдэг орон болох зорилго тавьсан.
Харамсалтай нь одоогийн байдлаар Монгол Улсад 141 баяжуулах үйлдвэр байгаагаас 57 үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон. Өөрөөр хэлбэл бид хууль эрх зүйн орчныг сайжруулж, шинэчлэх ёстой. Үүний тулд АМтХ-ийн нэмэлт, өөрчлөлтийг манай яамнаас боловсруулж, Сангийн яам, ХЗДХЯ-нд үзэл баримтлалаа батлуулахаар хүргүүлсэн байгаа. Нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ямар бодлого явагдаж байна вэ гэхээр АМНАТ болон татварын бодлого хэн үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгт нь илүү давуу байдал олгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж чадвал үйлдвэрлэл эрс сэргэнэ" гэв.



















