“Тавантолгойн цагаан толгой”: Ухаа худагийн талаарх худал мэдээллүүдэд бодит баримтаар тайлбар өгчээ

“Тавантолгойн цагаан толгой” хэмээх Тавантолгойн ордтой холбоотой бодитой, үнэн зөв, бүрэн баримт мэдээллийг багтаасан номыг Ерөнхий сайд асан С.Баяр гаргажээ. Түүнийг болон түүний тэргүүлж байсан Засгийн газрыг Ухаа худагийн ордыг “Энержи Ресурс” компанид хууль бусаар өгсөн хэмээн зарим улс төрчид буруутган шүүмжилж байгаа. Харин С.Баяр Тавантолгойтой холбоотой бүхий л баримт, мэдээллийг багцлан уг номыг гаргажээ.

Тавантолгойн тусгай зөвшөөрлийг төрд шилжүүлсэн холбогдох гэрээ, тухайн үеийн баримтууд, тухай бүрд шинэчилж байсан ТЭЗҮ, Уулын ажлын тайлан, Геологи хайгуулын тайлан, Татварын тайлан гээд “Энержи Ресурс” компани, Ухаа худагийн ордтой холбоотой өнгөрөн 20 орчим жилийн бүх баримт мэдээллийг багтаасан байна. Тавантолгойн ордыг хэзээ стратегийн орд болгосон, Тавантолгойн ордын тусгай зөвшөөрлүүдийг төрд шилжүүлэхтэй холбоотой Засгийн газартай хийсэн хэлэлцээрийн талаарх баримтууд, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэл, хэлэлцээний явцыг УИХ-аар хэлэлцсэн тэмдэглэл гээд бүхий л баримтуудыг багтаасан байна. 

Мөн уг тайланд зарим улс төрчдөөс  санаатай байдлаар мушгин гуйвуулж, тараасан худал мэдээллүүдэд баримттайгаар тайлбар хийжээ. Тухайлбал Тавантолгойн ордын өрмийг нь “Энержи Ресурс”-т өгсөн гэдэгт Тавантолгойн ордоос төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани болон “Энержи Ресурс” компанийн мэдээллийг харьцуулсан байна. 

Тавантолгойн ордод “Энержи Ресурс” компаниас шилжүүлэн авсан лиценз бүхий ордуудыг ашиглаж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани 2009 оноос хойш 16 жилийн хугацаанд нийт 147.7 сая тонн нүүрс борлуулж, 33.3 их наяд орчим төгрөгийн орлого олж, 9.9 их наяд төгрөгийн татвар төлж, 11.6 их наяд төгрөгийн цэвэр ашиг олсон байна. Харин дээрх 16 жилийн хугацаанд “Энержи Ресурс” компани 69.7 сая тонн нүүрс борлуулж, 16.5 их наяд төгрөгийн орлого олж, 2.6 их наяд төгрөгийн татвар төлж, 1.3 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.