Айнур.К: Казахстанд хөрөнгө оруулахаар ирсэн хоёр хөрөнгө оруулагч тутмын нэг нь уул уурхайтай холбоотой

CAMCА бүсийн чуулга уулзалт өнгөрсөн 7 хоногт болж, 300 орчим төлөөлөл оролцлоо. Хоёр өдөр явагдсан тус чуулганы сүүлийн өдөр "Чухал ашигт малтмал: CAMCA-гийн стратегийн давуу тал" гэсэн сэдвээр өрнөлөө.


Тус хэлэлцүүлэгт модератороор Монгол Улсын сайдын зөвлөх, ЗГХЭГ-ын даргын ажлын албаны А.Мандуул, хэлэлцүүлгийн оролцогчоор Колумбын ИС-ийн Дэлхийн эрчим хүчний бодлогын төвийн ахлах судлаач Жонатан Элкинд, MSC Investment компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Л.Энхтөр, Астанагийн Олон улсын санхүүгийн төвийн Уул уурхайн төслийн удирдлагын албаны дарга Айнур Каппагова, "Бадрах Энержи" ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеард нар уул уурхайн салбарт учирч болох эрсдэл, хөрөнгө оруулалт, чухал ашигт малтмалын талаар ярилцлаа.


Уг чуулганы зохион байгуулагч АНУ-аас ирсэн судлаач Ж.Элкинд хэлэхдээ, "Олон улсын эрчим хүчний агентлаг ашигт малтмалын зах зээлийн тухай өнгөрсөн 7 хоногт мэдээлэл гаргасан байна. Тэр мэдээлэлд литийн эрэлт өнгөрсөн онд 30 хувиар өссөнийг онцолж, никель, кобальт, бал чулуу, газрын ховор элементийн эрэлт өмнөх онтой харьцуулахад 6-8 хувиар өссөн гэсэн байна.  Ингэхээр литийн эрэлт 30 хувьд хүрсний адилаар хөрөнгө оруулагчдын тоо дагаад өснө гэсэн үг үү? Мөн цахилгаан автомашины зах зээлийн удаашрал нь үнэд хэрхэн нөлөөлөх вэ? Нөгөө талаас эрэлт өссөн хэр нь олон ашигт малтмалын үнэ буурсан. Учир нь нийлүүлэлт эрэлтээсээ давсан байсан. Дээрээс нь ашигт малтмалын нийлүүлэлтийг тасалдуулах улс төрийн бус эрсдэлүүд байдаг. 2024 онд Австралид Меган хар салхи дайрсны улмаас манганы хүдрийн нийлүүлэлт ихээхэн тасалдсан. Одоо ч эргэн сэргээгүй байна. Үүний улмаас манган үнэд хүрээд байна. Ийм олон шалтгааны улмаас ашигт малтмалын зах зээл нэг талаар бидний толгойны өвчин, нөгөө талаас боломжуудыг бий болгож байдаг" гэв.


CAMCA бүсийн чуулганд Монголоос гадна Афганистан, Армен, Азербайжан, Гүрж, Казахстан Киргиз, Тажикстан, Туркменистан, Узбекистан гэсэн улсууд багтдаг. Энэхүү бүсийн чуулганаар эдийн засгийн өсөлт, хөгжин цэцэглэлт, хамтын ажиллагааны тухай хоёр өдрийн турш хэлэлцдэг билээ. 


“Казахстанд хөрөнгө оруулахаар ирсэн хоёр хөрөнгө оруулагч тутмын нэг нь уул уурхайтай холбоотой гэдгийг баттай хэлэх байна. Эдгээр төсөл нь ихэвчлэн чухал ашигт малтмал байдаг. Улс орны Засгийн газрууд өөрийн гэсэн чухал ашигт малтмалын жагсаалтыг гаргасан. Казахстан газрын ховор элементээс гадна зэс, алт, мөнгийг оруулсан байгаа. Манай улсад Туркийн Ийлдири, Рио Тинто, Фортескю, Солонгосын Коган, АНУ-ын Фрийпорт-МакМорран, Ньюмонт гээд компаниуд үйл ажиллагаа явуулж, хайгуул хийнэ гэдгээ зарлачхаад байгаа. Манай бүс нутгийг ерөнхийдөө чухал ашигт малтмалаар баялаг гэж үздэг. Зэс, алтны бүсээрээ алдартай. Мөн нэг онцлог нь ашигт малтмалын нөөцийн судалгаа бага хийгдсэн. Казахстаны хувьд нийт газар нутгийн 90 гаруй хувь нь одоог хүртэл хайгуул хийгдээгүй гэсэн статистик байдаг. Монгол ч бас төстэй байх. Тэгэхээр асар их боломж байсаар байна” гэж Казахстанаас тус чуулганд ирсэн Айнур.К хэлэв. 


Хэлэлцүүлэгт бүс нутгийн харилцаа холбоог сайжруулах, цахилгаан автомашинаас үүдэлтэй зэсийн эрэлт нэмэгдэх, Монголын нар, салхины эрчим хүчний нөөц, цөмийн эрчим хүч гэсэн асуудлыг мөн хөндлөө.